“Боржигидай сэцэн” наадам Монгол туургатан руу хүрээгээ тэллээ

2020 оны 10 сарын 19

Монголын утга, уран зохиолын ертөнцөд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Говьсүмбэр аймгийн “Боржигидай сэцэн” салбар ээлжит яруу найргийн наадмаа энэ жил өргөн цар хүрээнд зохион байгуулахаар болжээ. Уламжлалт “Боржигидай сэцэн” наадам нь яруу найрагчид төдийгүй уншигч түмний хүсэн хүлээдэг яруу эгшгийн талбар билээ. Тэгвэл энэ жилийн “Боржигидай сэцэн” наадам нь Монгол туургатан руу хаяа хүрээгээ тэлэн, ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 14 цагт “Боржигин” чуулгад зохион байгуулагдана.

Яруу найрагчид наадамд ирүүлэх бүтээлээ арваннэгдүгээр сарын 1 хүртэл хүлээн авах бөгөөд “Монголын нууц товчоо” нэрээр бичигдсэн нэг шүлэг, чөлөөт сэдвээр бичсэн нэг шүлэг гээд нийт хоёр шүлгийг кирил, худам Монгол бичгээр ирүүлэх аж. Ингэхдээ уралдаанд ирүүлэх бүтээлээ “Говьсүмбэр утга зохиол”, “Говьсүмбэр номын сан” гэсэн цахим хаягаар файлаар хүлээн авахаа илэрхийлжээ. Ийнхүү анхан шатнаас шалгарсан 15 найрагчийг цахим орчинд мэдээлж, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгаас тус тус гурван найрагчийг урилгаар оруулах юм байна. 

Энэ тухай “Боржигидай сэцэн” утга зохиолын салбарын тэргүүн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Энхтөр хэлэхдээ “Энэ удаагийн удаагийн наадам Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол гээд Монгол туургатны дунд хүрээгээ тэлэн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Энэ хэрээр шагналын сан ч зургаан сая төгрөгөөр хэмжигдэж, тэргүүн байр эзэлсэн найрагч хоёр сая төгрөгийн шагнал гардана. Монгол хүн бүр эх хэлээ хамгаалах үйлсэд зүрх сэтгэлээрээ нэгдэж байгаа энэ үед Боржигин түмний голомт нутагт уламжлал болон зохион байгуулагддаг “Боржигидай сэцэн” наадам Монгол үндэстнийг хамрах нь илүү утга учиртай гэх үүднээс энэ жилээс цар хүрээгээ өргөтгөж, илүү түмэнд хүртээмжтэй байх тал дээр анхаарлаа” хэмээсэн юм.

Нэг талаараа яруу найрагчдын, тэр тусмаа говийн аймгуудын уран бүтээлчдийн нэгэн чуулга уулзалт болдог тус наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч П.Бөхбат агсны нэрэмжит болгон явуулж байгаа бөгөөд наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Бөхбат” сан ажиллаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Нийтийн номын сан хамтран зохион байгуулагчаар ажиллах аж. Яруу найргийн гал тойрон суусан та бүхэн доорхи удирдамжтай танилцаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top