"Улаанбаатар" кино наадмын тухай та юу мэдэх ёстой вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Зураг дээр дарж томоор харна уу.


12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадам өнөөдөр (2020.10.19) "Хэвтрийн хүн" киногоор нээлтээ хийх гэж байна. Кино наадам есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино болосвролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтан хамруулж, чадавхийг  дээшлүүлсэн.

2020 оны кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны кино толилуулна. 

Кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна.

"Улаанбаатар" кино наадам өнөөдөр "Хэвтрийн хүн" киногоор нээлтээ хийнэ.



"Хэвтрийн хүн" бол миний анхны хүүрнэл зохиолуудын нэг. Тухайн үедээ шинэлэг бичлэг туршсан, оптик урлагийн сэтгэлгээг уран зохиолтой хольсон оролдлоготой, бичил роман маягийн энэ зохиолыг 2002 онд "Дурлалгүй ертөнцийн блюз" түүвэрт анх хэвлэгдсэний дараа л С.Бямбаа найруулагч "Үүгээр би заавал кино хийнэ ээ" гэж билээ. Тэр зохиолыг мань хүн шиг шимтэж уншсан хүнтэй би төдийлөн таарч байсангүй. Олон жил ярьсан, олон жилийн санаа сэдэл нь өдгөө Каннын сангаас дэмжлэг авч, кино болжээ... Яруу найрагч, зохиолч, орчуулагч Гүн Г.Аюурзана

Энэ жил наадмын агуулга, цар хүрээг тэлж, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлсэн. Тус хэсгийг “Говийн зэрэглээ” Монголын уран сайхны киногоор нээж байгаа бөгөөд 1980 онд бүтээсэн энэхүү бүтээлийг Архивын ерөнхий газар, "Номадиа Пикчерс" ХХК-ийн “Монгол Кино HD” төслийн хүрээнд HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах гэж байна. 
 


Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдийн шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог юм.

Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” Олон улсын кино наадмын хүрээнд 2020 оны аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд дэлгэцэнд гарах бүх киног "Тэнгис" кино театр хүрэлцэн ирж үзэх боломжтой.
 


Наадмын хүрээнд зохион байгуулах "Кино форум" 2020 оны аравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд "Тэнгис" кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэй.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготойтойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top