Т.Ариунчимэг: Анхны гараагаа “Хэвтрийн хүн” хэмээх хүчтэй бүтээлээр эхлүүлсэндээ билэгшээж байна

2020 оны 10 сарын 20

12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадмын нээлт өчигдөр /2020.10.19/ “Тэнгис” кино театрт боллоо. Энэ жилийн кино наадмыг “Хэвтрийн хүн” хэмээх Монголын уран сайхны киногоор нээв. Тус уран бүтээлийг зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” бэсрэг романаас сэдэвлэн найруулагч С.Бямба дэлгэцэнд мөнхөлсөн юм. Киноны гол дүрийг залуу жүжигчин Г.Баттулга, Т.Ариунчимэг нар бүтээжээ.

Кино нээлтийн үеэр жүжигчин Төмөрсүхийн Ариунчимэгтэй цөөн хором ярилцлаа.



-Г.Аюурзана хэмээх Монголын шилдэг зохиолчийн бүтээлээс бүтсэн “Хэвтрийн хүн” кинонд гол дүрүүдийн нэгийг бүтээжээ баяр хүргэе. Та уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?

-Их баярлалаа. “Хэвтрийн хүн” бол миний анхны гол дүрд нь тоглосон кино. Тийм болохоор үнэхээр догдолж байна. Анхныхаа уран бүтээлийг хүчтэй, сайн уран бүтээлээр эхэлж байгаадаа их билэгшээж байна.

-Энэ киног бүтээх үйл явц хоёр жил үргэлжилсэн гэх мэдээлэл өгч байсан. Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Найруулагч маань анх 2002 оноос эхлээд зохиол дээрээ ажиллаж байгаад 2018 оноос хагас жилийн турш киноны бэлтгэл ажлаа хангасан. Тэгээд намар яг өдийд л зураг авалтаа эхлүүлж, 20 гаруй хоногт амжуулсан. Араас нь пост продакшны ажлууд буюу найруулга, эвлүүлгээ хийх гэх мэт ажлууд байсан. Ерөнхийдөө "Ковид"-оос болоод жил хойшилж, өнөөдөр энэ кино наадам дээр нээлтээ хийж байна.

-Та дүрийнхээ судалгааг яаж хийсэн бэ? Мэдээж багагүй хөдөлмөр гаргасан байх?

-Би зохиолоо уншчихаад дүрээ хайхдаа л дүрийнхээ судалгааг нэлээд сайн хийсэн гэж бодож байна. Би өөрөө дүр сонгон шалгаруулах найруулагчаар нь ажилласан. Кинон дээрх Цолмонгийн дүрийг олох гэж эрэл хайгуул хийж нэлээд явсан. Энэ нь л дүрийг бүтээхэд дөхөм болсон байх.

-Таны хувьд энэ кинон дээр хүндрэлтэй сцен байсан уу?

-Хэт хүнд зураг авалт байгаагүй. Гэхдээ секс сцен төвөгтэй байсан. Аз болж тэр хэсгийг оруулаагүй. Ерөнхийдөө зураг авалт их дажгүй явагдсан.

-Кино багт хэчнээн хүн ажилласан бэ?

-“Хэвтрийн хүн” уран сайхны киног бүтээхэд Монгол болон гадаадын 40 гаруй уран бүтээлч оролцсон. Оролцон тоглосон жүжигчид ч нэлээд олон байгаа. Энэ уран бүтээлд нэг, хоёр гол дүр гэлтгүй, таван хайр дурлалыг өгүүлэх 10 гаруй гол дүртэй гэж хэлж болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

-За баярлалаа.

Жүжигчин Г.Баттулга

Найруулагч С.Бямба


 

Нэмж мэдээлэхэд: “Улаанбаатар” Олон улсын кино наадмын Ерөнхийлөгчөөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, уран сайхны удирдагчаар Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллаж байна.

Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино болосвролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтанд хамруулж, чадавхийг  дээшлүүлсэн байна.

2020 оны кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна.

Энэ жил наадмын агуулга, цар хүрээг тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна. Тус хэсгийг “Говийн зэрэглээ” МУСК-оор нээж байгаа бөгөөд 1980 онд бүтээсэн энэхүү киног Архивын Ерөнхий Газар, Номадиа Пикчерс ХХК-ны “Монгол Кино HD” төслийн хүрээнд  HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах гэж байна. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдийн шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба ЕБС-ийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог юм.

Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын хүрээнд 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд дэлгэцнээ гарах бүх киног Тэнгис кино театр хүрэлцэн ирж үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.70.34.238) 2020 оны 10 сарын 21

Sain setguulch yug ch gangan bolgoh yumdaa

0  |  0
йбы(103.11.195.34) 2020 оны 10 сарын 20

ккк юу вээ

0  |  0
Zochin(43.228.129.86) 2020 оны 10 сарын 20

Uzesgelentei busguid amjilt husey.\n

0  |  1
zochin(202.55.183.178) 2020 оны 10 сарын 20

Гадга дотны улсууд харагдах юм маск зүүсэн хүн харагдахгүй байна болж байна уу

0  |  0
Top