Хорио цээрийн дэглэм буурч, дуучид, уран бүтээлчдийн тоглолт шил шилээ даран, хот хөдөөгүй давалгаалж байна. Аливаа тоглолт, цэнгүүнгүй хагас жил амьдарсан үзэгч түмэн ч энэ олон тоглолтын дунд төөрч байх шиг. Тэгвэл хөгжмийн найруулагч, зохиолч И.Эрдэнэбуянгийн уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 22-ны 19 цаг дор “Бөхийн өргөө”-нөө үзэгч олноо өндөр үүдээ дэлгэхээр зэхжээ. Үе үеийн шилдэг дуучдын хөгжмийн найруулга, уран бүтээлийн цэнгүүнийг найруулан, дэглэж явсан тэрээр энэ удаад өөрийнхөө уран бүтээлийг үзэгч олноо дэлгэхээр шийджээ.
И.Эрдэнэбуянгийн уран бүтээлийн цэнгүүнийг Ц.Түвшинтөгс, Н.Чулуунхүү, Ч.Бат-Эрдэнэ нарын гавьяатууд магнайлж, Соёлын тэргүүний ажилтан Б.Болдбаатар, Л.Банзрагч, Э.Төрмандах, Н.Баасандорж, Б.Батболд, Ц.Туяацэцэг, Л.Нарантуяа, П.Жимсээ, О.Гансувд, Ч.Алтантүлхүүр, Б.Болд, Т.Мөнгөншагай, М.Отгонгэрэл, О.Баянмөнх, Б.Мөнхбаяр, Д.Наранхүү, Б.Мөнхтөр, Д.Осгонбаяр, Б.Эрдэнэхүү, Б.Батцэцэглэн, Т.Отгонбаяр, Б.Батсайхан гээд энэ цагийн өнгөн дээр ид дуулж яваа уран бүтээлчид ая дуугаа өргөх юм.
Үүнээс гадна хос дууны ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, үзэгч түмнийхээ хүсэн хүлээдэг дуучид болсон Д.Амарсайхан, Ж.Солонго, Б.Оюунбат, Р.Бадралмаа, А.Анхбаяр, Б.Чанцалдулам нарын дуучид ч үзэгч түмнийхээ сонсох дуртай дууг өргөх бол “Дуурьсах”, “Moom Danse” хамтлагууд ч оролцох юм. И.Эрдэнэбуянгийн хувьд энэ цагийн шилдэг уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж байгаа нь идэрхэн багаасаа өнөөдрийг хүртэл бүтээж ирсэн хөгжим, зохиолын дууны дууны шилмэл бүтээлүүдээсээ сорчлон үзэгч түмэндээ хүргэх гэж байгаа хэрэг.
Мэдээжийн хэрэг, аливаа тоглолт цэнгүүн нь гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг ёсыг ч тэр тойроогүй. Гэхдээ энэ бүгдийг тайзан дээрээс угтах нь утга төгөлдөр учраас хойш тавъя. Харин цэнгүүнийг Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар хөтлөн та бүхэнд хүргэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )