UBIFF I Францдаа нээлтээ хийгээгүй байгаа бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

“Улаанбаатар” Олон улсын кино наадам /UBIFF/ 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ сарын 19-25-нд болох кино наадмын энэ жилийн онцлох орноор Франц улс сонгогджээ.

Өчигдөр (2020.10.20) “Улаанбаатар” Олон улсын кино наадмын "Франц киноны өдөр" байлаа. Францын кино үзвэр “85 оны зун” киногоор нээлтээ хийж, нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа олон франц иргэн “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг зорин ирсэн байлаа.

Францаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин “Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ, кино наадмыг зохион байгуулагч, спонсор байгууллагууд болон анд нөхдийнхөө энэ оройн амгаланг эрэн мэндчилж байна. Монгол, Франц хоёр орны хооронд байдаг бат бэх харилцааны нэг чиглэл болох кино урлагаар дамжуулж манай хоёр улсын соёлын хамтын ажиллагааны томоохон чиглэл болсон энэхүү кино наадамд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. 55 жилийн тэртээд Монгол, Франц хоёр улс дипломат харилцаа тогтоож байсан. Энэ жилийн Улаанбаатар олон улсын кино наадмаар гарч байгаа франц кинонууд бол сүүлийн үеийн бүтээл. Хоёр нь 2020 онд нээлтээ хийсэн, нэг нь өнгөрсөн оны кино” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. 
 


Тэрбээр мөн кино урлаг бол алга болох ёсгүй салбар бөгөөд Франц улс энэ салбараа үргэлж дэмжиж, уран бүтээлчдэдээ бүтээлээ амжилттай хийхэд нь тусалж дэмжсээр ирсэн гэдгийг онцолж байсан юм.

“Францын кинонууд Монголд өргөн дэлгэр танилцуулагддаг ч "Улаанбаатар" кино наадмаар хамгийн өргөн цар хүрээтэй таниулж байна” гэв.

Дараа нь Франц, Армен улсын хамтарсан бүтээл болох “Салхи зогсох аваас” киног нээж, Монгол-Францын төвийн захирал, хатагтай Сэлин Мартин үг хэлсэн юм. Тэрбээр “Энэхүү бүтээл нь Францад сарын дараа нээлтээ хийх ч Улаанбаатар кино наадмаар гарч байгаа нь энэ наадмын цар хүрээг харуулж байна” гэлээ.

Монгол Улсад Францын Элчин сайдын яам, Монгол-Францын төв гэсэн хоёр байгууллага байдаг. Элчин сайдын яамнаас "Улаанбаатар" олон улсын кино наадмын санхүүжилтийг хариуцаж байгаа бол Монгол-Францын төв нь кино наадмын соёлын бүх арга хэмжээг дэмжин ажиллаж байгаа ажээ. Тус төвөөс кино наадамд оролцуулах франц киног сонгоход тодорхой хугацаа зарцуулж, анхаарч ажиллажээ.

Кино сонголтод Францын мэргэжлийн хоёр хүн туслалцаа үзүүлж, Элчин сайдын яамнаас нь баталсан байна.
 


Улаанбаатар олон улсын кино наадамд Франц улс 2013 оноос хойш оролцож, Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам болон Монгол-Францын төв байнгын хамтын ажиллагаатай явж иржээ. 

Түүнчлэн энэ жилийн наадмаар Франц улс анх удаагаа хүүхдүүдэд зориулсан кино гаргаж байгаа юм. “Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх” хүүхэлдэйн кинонд нийгмийн асуудлыг ч хөндөн гаргаснаараа онцлог ажээ.

2019, 2020 онд "Каннын кино наадам"-д нэр дэвшсэн “85 оны зун” бүтээл үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа нь танхим дүүрэн алга ташилт, үзэгчдийн сэтгэл ханамжаас мэдрэгдэж байлаа.

Франц орныг хайр дурлалгүйгээр төсөөлөхөд бэрх. Энэ кинонд залуусын хайр дурлал, хэзээ ч үл тасрах сэтгэлийн нандин холбооны талаар өгүүлнэ...
 


“Салхи зогсох аваас” кинонд Уулын Карабахт ирсэн нисэхийн инженер залуу шинэ нисэх буудал нээх эсэхийг дүгнэн шийдвэрлэх явцдаа олон адал явдалтай учирч, тухайн бүс нутгийн хүн зоны амьдрал тийм ч хялбар бишийг ойлгож, олон бэрхшээл дунд амьдарч байгаа ард түмний хүсэл тэмүүлэл, тэмцлийг мэдэрнэ...
 


Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой "Улаанбаатар" кино наадам энэ сарын 25-ныг хүртэл үзэгч та бүхэнд нээлттэй.

Кино наадмыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top