УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд эмхлэн байгуулагдсан шинэ парламент анхныхаа төсвийг хэлэлцэж эхлээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх шатандаа явна.
Сангийн яамны албан ёсны сайтад ирэх оны төсвийн задаргаа, хуулийн төслийг байршуулжээ.
Үүнээс хэн, хэний тойрогт хэдэн тэрбум төгрөгийг төсөвлөв гэдгийг хэн ч, хаанаас ч ороод харсан болохоор байгаа юм. Энэ удаагийнх Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын оруулж ирж байгаа гурав дахь төсөв. Тэрбээр аль аймагт хэдэн төгрөг төсөвлөв гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгаснаар Улаанбаатар хотод 334.5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Харин 21 аймгаас хамгийн өндөр дүнг буюу 125.8 тэрбум төгрөгийг Хэнтий аймагт хуваарилсан байна.
Тус аймгаас УИХ-д өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар сонгогдсон билээ. Харин Ч.Хүрэлбаатар сайд өөрийн тойрогт буюу Увс аймагт 17.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол УИХ-ын дарга Г.Занданшатарын сонгогдсон Баянхонгор аймагт 124.5 тэрбум төгрөгийг суулгаж өгчээ.
Хамгийн бага төсөвтэй аймгаар Булган тодроод байна. Тус аймагт ердөө 8.4 тэрбум төгрөгийг л төсөвлөжээ.
Бусад аймагт хөрөнгө, оруулалтыг жигд хуваарилсан байна. Тухайлбал, Дундговь аймагт 52.2 тэрбум төгрөг, Хөвсгөл аймагт 50.5 тэрбум төгрөг, Сүхбаатар аймагт 47.6 тэрбум, Завхан аймагт 41.4 тэрбум, Төв аймагт 40.6 тэрбум төгрөг, Архангай аймагт 39.5 тэрбум төгрөг, Ховд аймагт 38.5 тэрбум төгрөг, Баян-Өлгий аймагт 38.2 тэрбум төгрөг, Дархан-Уул аймагт 32.4 тэрбум төгрөг, Говь-Алтай аймагт 29.1 тэрбум төгрөг, Дорнод аймагт 27.1 тэрбум төгрөг, Орхон аймагт 20.7 тэрбум төгрөг, Өвөрхангай аймагт 20.2 тэрбум төгрөг, Дорноговь аймагт 19 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймагт 17.9 тэрбум төгрөг, Өмнөговь аймагт 14.6 тэрбум төгрөг, Говьсүмбэр аймагт 11 тэрбум төгрөгийг тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )