-Найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” уран сайхны кино таллины кино наадмын олон улсын уралдаант хэсэгт шалгарчээ-
"Гуру Медиа" болон "Номадиа Пикчерс"-ын хамтран бүтээсэн, зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” бэсрэг романаас сэдэвлэсэн "Хэвтрийн хүн" уран сайхны кино Монгол дахь нээлтээ гуравхан өдрийн өмнө "Улаанбаатар" Олон Улсын кино наадмын нээлтийн киногоор шалгарч, үзэгчдэд анх удаа хүрсэн билээ. Тэгвэл тус киноны дэлхийн нээлт 24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Хойд Европын хамгийн том бөгөөд дэлхийн “A” зэрэглэлийн нэр хүндтэй 14 кино наадмын нэг болох Таллины олон улсын кино наадмын албан ёсны уралдаант хэсэгт сонгогдсоныг дуулгахад таатай байна.
Таллины олон улсын кино наадмын хуудсанд "Хэвтрийн хүн" киног "Өөрийн хэмнэлтэй хайрын тухай яруу түүх... Энэхүү өвөрмөц монгол кино бидэнд хоромхон зуур амсхийн, хаана хэрхэн хүрч ирснээ эргэцүүлэн бодох боломжийг олгож буй бүтээл" гэж онцолжээ.
Үзэгчдэд соёлын шинэ орон зай өгч, хурц асуулт тавьж, тэднийг инээлгэж, гайхшруулж, жинхэнэ утгаар нь тав тухтай бүсээс нь гаргахдаа гарамгай тус наадмын олон улсын уралдаант хэсэгт Оскарын шагналт Унгарын нэрт найруулагч Ишван Сабо, Оросын кино академийн Ника шагналт Александр Миндадзе, 2015 оны Каннын Uncertain Regards ын шагналт Хорватын найруулагч Далибар Матанич (Dalibor Matanić), 2007 оны Сандансын кино наадмын Шилдэг найруулагчийн шагналт Анна Меликоян нарын зэрэг кино ертөнцөд танигдсан уран бүтээлчдийн бүтээлүүд шалгаран өрсөлдөж байна.
Хоёр жилийн өмнө зураг авалтыг нь хийсэн "Хэвтрийн хүн" киноны зохиол нь 2017 оны Каннын кино наадмын Le Atelier хөтөлбөрт Монголоос анх удаа сонгогдон оролцож байсан юм. 26 настай залуу зохиолч болон түүний сүйт бүсгүйтэй холбоотой таван бэсрэг хайрын түүхийг он цаг дамнасан хоржоонт ээдрээтэй үйл явдлаар илэрхийлэх уг киног Монгол, Швейцарь, Германы 80 гаруй уран бүтээлч хамтран бүтээж, пост продакшныг Берлин хот дахь "Митте" студид хийсэн юм.
"Өрөөнөөсөө гарах хэрэггүй. Орондоо суугаад сонс.
Үгүй сонсох ч хэрэггүй юм байна. Зүгээр л хүлээ.
Хүлээх ч хэрэггүй. Аниргүйд дасаж, ганцаардаж сур.
Ингэж чи энэ ертөнцийг танина. Өөр сонголт үгүй."
Франц Кафка
Киноны гол дүрд авьяаслаг залуу жүжигчид болох Г. Баттулга, Т.Ариунчимэг нар тоглож, Ш.Доржсүрэн, Д.Оюунзул, Р.Баттогтох, Б.Оюун-Эрдэнэ, М.Тогтохжаргал, Б.Билгүүн, Б.Должинсүрэн, Г.Тэнүүн-Эрдэнэ, Х.Хулан нар туслах дүрийг чадварлаг бүтээжээ.
Тус бүтээлийн хөгжмийн зохиолчоор АНУ-д ажиллаж, амьдарч байгаа С.Сансаргэрэлтэх, Ерөнхий зураачаар Германы Бабелсбергийн Кино урлагийн их сургуулийн кино зургийн танхимын декан Д.Ариунсайхан, Ерөнхий зураглаачаар Өмнөд Солонгост кино зураглаачийн мэргэжил эзэмшсэн залуу зураглаач Б.Түвшинтөгс, Ерөнхий продюсероор Гуру Медиа студийн Ц.Ариунаа, хамтрагч продюсероор "Номадиа" студийн продюсер Б.Наранбат нар ажилласан билээ.
"Хэвтрийн хүн" бол миний анхны хүүрнэл зохиолуудын нэг. Тухайн үедээ шинэлэг бичлэг туршсан, оптик урлагийн сэтгэлгээг уран зохиолтой хольсон оролдлоготой, бичил роман маягийн энэ зохиолыг 2002 онд "Дурлалгүй ертөнцийн блюз" түүвэрт анх хэвлэгдсэний дараа л С.Бямбаа найруулагч "Үүгээр би заавал кино хийнэ ээ" гэж билээ. Тэр зохиолыг мань хүн шиг шимтэж уншсан хүнтэй би төдийлөн таарч байсангүй. Олон жил ярьсан, олон жилийн санаа сэдэл нь өдгөө Каннын сангаас дэмжлэг авч, кино болжээ...Яруу найрагч, зохиолч, орчуулагч Гүн Г.Аюурзана
Найруулагч С.Бямбын бүтээл "Хэвтрийн хүн" уран сайхны кино 2020 оны аравдугаар сарын 20-ноос Монголын кино театруудын дэлгэцнээ гарч байгаа билээ.
"Хэвтрийн хүн"-ий гол сүнс нь мэдээж өгүүлэх түүх нь, дараагийн сүнс нь дүрслэлийн хэл нь, тэгээд хөгжим нь...
Сэтгэгдэл ( 0 )