Бусад улс тамирчдаа КАРАНТИНААС чөлөөлөх ч манай улс ЖҮДОЧДОО тусгаарлана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны дэлхийн цуврал “Их Дуулга” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Унгарын нийслэл Будапешт хотноо боллоо. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас хагас жилийн турш тэмцээнгүй байсан жүдо сонирхогчдын анхаарал Будапештэд төвлөрөв. Тэмцээнд нийт 61 орны 409 жүдоч эрэгтэй, эмэгтэй долоон жинд аваргаа тодруулсан юм.

Будапештын “Их Дуулга”-д Монголын 26 жүдоч өрсөлдөж, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компанийн тамирчин, ОУХМ Г.Наранцэцэг эмэгтэйчүүдээс ганцаар хүрэл медаль хүртсэн бол тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын иргэншил аваад нэг жил болж буй Саиед Моллай 81 кг-ын жинд хүрэл медаль зүүлээ. Тэрбээр өмнө нь Монгол Улсын нэрийн өмнөөс “Чиндао-2019 WORLD MASTERS”, “Дюссельдорф-2020” тэмцээнүүдэд оролцсон ч хараахан медаль хүртэж чадаагүй байсан юм. Харин энэ удаад цар тахлын үед бэлтгэлээ алдалгүй сайн барьж, гурав дахь тэмцээндээ ийн шагналын тавцанд зогслоо.
 


Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр (2020.10.25) эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд зодоглосон Цэргийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль хүртсэн. 

Олон сарын дараа хилийн дээс алхан, тэмцээнд оролцсон баг тамирчид "Хүннү Айр" компанийн тусгай нислэгээр Будапештийг зорьсон. Энэ удаагийн тэмцээн "Токио 2021" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван гол тэмцээний нэг байсан тул тамирчдаа оролцуулахаас өөр аргагүй байсан нь мэдээж.

Одоо Унгараас ирсэн жүдочдыг Монголд ирснийх нь дараа тусгаарлах эсэх асуудал анхаарал татаж байна. Учир нь олимпод бэлтгэж байгаа тамирчдыг тэмцээнд оролцох бүрт нь карантилбал бэлтгэл, сургуулилт, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж зарим улс, орнууд үзэж байгаа. Тухайлбал, Японы шигшээ багийн дасгалжуулагч Масүчи Кацүюки саяхан өгсөн ярилцлагадаа “Японы жүдо бөхийн холбооноос тамирчдаа энэ жил гадаадын тэмцээнд оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн байсан ч Японы Засгийн газраас биднийг онцгойлон үзэж, 14 хоногийн карантинд оруулахгүй байхаар боллоо. Тиймээс манай олимпын шигшээ баг арванхоёрдугаар сард болох Загребийн Гран Прид оролцох төлөвлөгөөтэй байна. Тамирчдын өөрсдийнх нь саналыг мэдээж сонсоно” гэж мэдэгдсэн билээ.

Монголын шигшээ багийн жүдочид одоо мөрдөж байгаа дүрэм, журмын дагуу 14 хоног тусгаарлалтад орох эсэх талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатараас тодруулахад “Жүдочид ирээд журмын дагуу тусгаарлагдана. Өөр ямар ч аргагүй гэсэн. Бид тамирчдаа аль болох өрөөндөө дасгал, бэлтгэл хийх боломжит нөхцөлөөр хангахыг хичээж байгаа. Жүдо бөхийн шигшээ багийнхны хувьд энэ ондоо дахиж гадагшаа оролцох тэмцээн байхгүй” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өлзий(202.126.89.96) 2020 оны 10 сарын 29

Болзошгүй эрсдэлээс хамгаалах нь зөв шүү дээ.

0  |  0
Иргэн(43.242.243.128) 2020 оны 10 сарын 26

Сайн байна.Амжилт хусье

0  |  0
э(66.181.188.64) 2020 оны 10 сарын 26

Тусгаарлах нь зөв.

0  |  0
Жю до(202.179.27.22) 2020 оны 10 сарын 26

26 уулаа явчихаад 3 хан медаль тэгээд алт байхгүй. Хөгжлөөрөө хоцорч яваа авилгал хээл хахуулийн бүс нутгийн тамирчид нэг ииймэрхүү байдаг аж.

0  |  0
Top