Монгол Улсад 60 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 23-нд UBS телевизийн “Студи-300”-д ёслол төгөлдөр болсон.
Арга хэмжээ мөнхийн хөрш болсон манай хоёр орны хооронд дипломат харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа тогтоосны ирэх онд болох 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм. “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Монгол Улс болон Бүгд найрамдах Буриад улс, Эрхүү мужийн телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд хүндэтгэлийн тоглолтын үеэр “Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн он, цаг дараалал” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн юм.
Нээлтийн ёслолд Орос, Монголын төрийн албаны төлөөлөл, Монгол Улсад суугаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, Монголын олон нийтийн төлөөлөл, боловсролын байгууллагын удирдлага, Монгол Улсад байнга болон түр оршин суугаа Оросын эх орон нэгтнүүд ирж оролцсоноос гадна Монгол, ОХУ-ын иргэд цэнхэр дэлгэцээр шууд хүлээн авч үзсэн юм.
“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээ Хөвсгөл аймгаас эхэлсэн бөгөөд дээрх арга хэмжээний хүрээнд Ховд, Завхан, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ гэсэн хил залгаа аймагт Орос хэл, соёлын баяр өргөн хүрээтэй зохион байгуулагдсан.
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэргэдэх Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, Монгол Улсын Баатар, Зөвлөлт Холбоот Улсын Баатар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл (ННМЭ), “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Ринчинович Базархандаев, “UBS” телевизийн Ерөнхий захирал Л.Балхжав нар “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээг албан ёсоор нээн үг хэлж, харанга дэлдэж, ОХУ, Монголын Төрийн дуулал эгшиглэснээр нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр эхэлсэн юм.
Дараа нь ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов голын усанд живж байсан есөн настай хүүг өөрийн амийг үл тоон аварсан сонсогч Б.Тэмүүжинг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өгөв.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлагийн “Найрамдал, хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг гардууллаа.
Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Отгонжаргал, Соёлын тэргүүний ажилтан, "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгч хийлч Ч.Дэлгэрцэцэг, Монголын поп дива дуучин, соёлын тэргүүний ажилтан С.Наран, Монгол Улсын Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин А.Эрдэнэтуяа, ДБЭТ-ын гоцлол дуучин, Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагналт Б.Монголхүү, “Нюанс” хамтлаг, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, UBS телевиз хамтран өнгөрсөн жил зохион байгуулсан “Наша Песня” орос дууны уралдааны Гран-при шагналт Б.Алтанзул нар “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээний нээлтэд оролцож, монгол, орос болон бусад орны үзэгчдэд урлаг соёлын үзүүлбэрүүдээрээ бэлэг барилаа.
Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” арга хэмжээнд ОХУ-аас маш өндөр ач холбогдол өгч нээлтийн ёслолд олон арван зочид төлөөлөгчид хүрэлцэн ирдэг бөгөөд урлаг, соёлын одууд ирж хүндэтгэлийн тоглолтод оролцдог билээ. Харин энэ жил “КОВИД-19” цар тахал гарснаас үүдэн ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын гишүүн Наталья Владимировна Поклонска, Красноярскийн хязгаарын Амбан захирагч Александр Викторович Усс, Эрхүү мужийн Амбан захирагч Игорь Иванович Кобзев, Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденов, Алтайн хязгаарын Амбан захирагч Виктор Петрович Томенко тэргүүтэй дипломат төлөөлөгчид, ОХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн шагналт олон нийтийн зүтгэлтэн, төгөлдөр хуурч Денис Мацуев, Эрхүү мужийн филармонын Амбан захирагчийн найрал хөгжмийн чуулгын Ерөнхий удирдаач, Уран сайхны удирдагч Илмар Лапиньш, "Самоцветы" хамтлаг, Буриад улсын “Байгал” театр, ОХУ-ын Гавьяат жүжигчин, дуучин Марина Девятова тэргүүтэй урлаг соёлын одод, уран бүтээлчид Монголд 60 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээний нээлтэд цахимаар мэндчилгээ дэвшүүлж, урлаг соёлын үзүүлбэрээрээ бэлэг барьсан юм.
Харин Монгол Улсын талаас Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг биечлэн ирж, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Далел Бауыржан цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн. Түүнчлэн энэ өдөр Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Ринчинович Базархандаев, Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг нарын Хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурах ёслол Улаанбаатар дахь ОШУСТ-д болсон.
“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” 60 дахь удаагийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өргөн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд дээрх арга хэмжээтэй нэгэн зэрэг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд Александра Пахмутовагийн дууны үдэшлэг болсон. Мөн Монгол Улсын нийслэлд болон аймгуудад үйл ажиллагаа явуулж буй ОШУСТ-ийн дэргэдэх 28 Орос сургууль, орос хэлний төвийн багш, сурагчид Сүхбаатарын талбайгаас мэндчилгээ дэвшүүллээ.
“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Монгол, Орос болон бусад улсын таван сая гаруй үзэгч танхимд болон цэнхэр дэлгэцээр, цахимаар шууд үзсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан арга хэмжээ болж баяр хүргэе.Орос Монгол мөнхийн найрамдалт харилцаа үүрд мандан бадраг.