Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуульд өчигдөр (2020.10.27) зочилж, сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж нар оролцсон бөгөөд Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүд Дотоод хэргийн их сургуулийн хотхоны хэтийн хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслийг танилцуулав.
Дотоод хэргийн их сургууль өнөөдөр Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн болон Удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Шинжлэн магадлахуйн институт, Гадаад хэлний институт, Ахлагчийн сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургууль, Ахлах сургууль гэсэн бүрэлдэхүүн болон харьяа 11 сургууль, бусад албадын дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 хөтөлбөр хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Эрдмийн зөвлөл, Магистр, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, профессорын судалгааны багуудыг байгуулан, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдлийг хангах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Монголын ууган их сургуулиудын нэг бөгөөд жилд дунджаар 5000 орчим ахлагч, сонсогч, суралцагчдыг сургаж дадлагажуулдаг.
Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, Засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрт Дотоод хэргийн их сургуулийг хамруулах зорилт тавин ажиллаж байна.
Мөн Дотоод хэргийн их сургуульд Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа билээ.
Үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДХИС-ийн “Спорт цогцолбор, номын сан”, музей, Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн танхим, Албаны бэлтгэлийн буюу байлдааны самбын заал, усан бассейн, Клиник сургалтын гал түймэр унтраах, аврах ангитай танилцаж, техник хэрэгслийн хүчин чадлыг сонирхож, санал солилцлоо.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
Сэтгэгдэл ( 0 )