Оросын эзэн хааны гэр бүлийн төрөл, лорд Луис Маунтбеттений Оросын хааны гэр бүлийг хороосон талаарх хуйвалдааны онолыг тайлбарласан захидлыг Их Британид олны хүртэл болгожээ.
Маунтбеттен нь Оросын эзэн хаан II Николайн хатан Александра Федоровнагийн нагац дүү бөгөөд Британийн хатан хаан II Элизабетын нөхөр хунтайж Филиппийн авга ах юм.
Лорд Маунтбеттен II Николай хааны охин Анастасия гэр бүлийг нь буудан хороосны дараа амьд үлдсэн гэх таамгийг үгүйсгэсэн байна. Тэрээр “Оросын гүнж, миний үеэл Анастасия гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар хөнөөгдсөн гэдэгт ямар нэгэн эргэлзээ байхгүй. Гэхдээ тэрээр шууд үхээгүй бөгөөд түүнийг жадаар хороосон. Энэ асуудал урт хугацаанд, өндөр зардалтай шүүхийн маргаан дагуулсан бөгөөд эцсийн эцэст Германы давж заалдах шүүх Анна Андерсон гэгч Польшийн тариаланч өөрийнх нь баталж буй шиг гүнж Анастасия ч биш, гүнж Татьяна ч биш болохыг эргэлзээгүй тогтоосон гэж захидалдаа бичжээ.
“Daily Mail” хэвлэлд онцолсноор, Андерсон 1922 онд өөрийгөө II Николай хааны охин Анастасия гэж мэдэгдэн, Екатеринбургт эзэн хааны гэр бүлийг буудан хороосны дараа амьд гарсан гэж байсан ч шүүх дээр нотолж чадаагүй юм. Хожим нь түүнийг Польшийн нэгэн үйлдвэрийн ажилчин, сэтгэцийн өвчтэй Франциска Шанцовская болохыг нь таньжээ.
Лорд Маунтбеттен энэ хэрэгт онцгой анхаарал хандуулж, Андерсоныг илчлэхийн тулд нотлох баримт цуглуулахад оролцож, түүний нэхэмжлэлийг үгүйсгэхийн тулд олон мянган фунтыг шүүх хурлын зардалд зарцуулж байжээ. Тэрээр өөрийн захидалдаа Оросын сүүлчийн эзэн хааныг товч тодорхойлсон байна. “Эзэн хаан II Николай нь дур булаам, зөөлөн сэтгэлтэй хүн байсан ч гарамгай эзэн хаан байхад хэт сул хүн байсан” гэж Маунтбеттен бичиж байжээ.
Эл захидлыг 1975 гуравдугаар сарын 11-ний өдөр бичсэн бөгөөд хүлээн авагч ноён Мувкок-Кларкын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна гэж тус хэвлэл онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )