Өндгөөр жишээ авахад л...

2020 оны 11 сарын 06

Европ даяар коронавирусний хоёр дахь давлагаа эрчээ авлаа. Хойд хөрш ОХУ-д сүүлийн өдрүүдэд нэг хоногийн дотор халдвар авагсдын тоо 18 мянгад хүрч, нас барагсад 300 гаруйгаар тоологдох болов.

Хэдийгээр Монгол Улс дотооддоо цар тахлыг алдаагүй ч энэ байдал бидний өдөр тутмын амьдралд нөлөөлсөөр байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд манай хил залгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад 236 хүн шинээр өвчилж, 10 хүн эндсэн бол Эрхүү мужид 239 хүн халдвар авч 11 хүн нас баржээ. Тувад 94, Алтайн Бүгд Найрамдах улсад 111, Алтайн хязгаарт 225 хүн шинээр халдвар авчээ. Ингэж манай хойд хил тэр чигтээ цар тахлын халдварт бүслэгдлээ.

Монголд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний халдварын дийлэнх нь ОХУ-тай холбоотой, түүн дотроо Алтанбулагийн хилээр орж ирсэн орос, монгол жолооч нараас илрэх нь элбэгшиж буй. Боршоо, Цагааннуурын боомтоор нэвтэрсэн жолооч нараас мөн илэрсэн тул тэдгээр боомтыг арваннэгдүгээр сарын 2-ноос 21 хоногоор хааж, Алтанбулагийн боомтын үүдийг ч хэд хоногоор хамхихаар шийдвэрлэлээ.

Хойд хилийн боомтуудыг хааснаас шалтгаалж хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлгүүрүүдэд нэмэгджээ. Тухайлбал, ширхэг нь 280 төгрөг байсан орос өндөг арваннэгдүгээр сарын 3-ны орой 400 төгрөг болсон байв. Дагаад монгол өндөгний үнэ ч 100 төгрөгөөр нэмэгдчихэж. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Өндөг бол тансаг хэрэглээ” гэж хэлээд ам руугаа алгадуулсан шиг байдал өнөөдөр үүсжээ. Ургамлын тосны үнэ мөн л 150-200 төгрөгөөр өсжээ. 330 граммын савлагаатай орос ургамлын тос 1600 төгрөг байснаа 1800 болсон байх жишээтэй. Орос гурил, гоймон, чихэр, жигнэмэг, өтгөрүүлсэн сүү, элсэн чихрийн үнэ ханш ч тус бүрдээ бага зэрэг өсөж байгааг худалдагчид болоод худалдан авагчид ярьцгааж байна. Уг нь үүнийг дагаад хоолны газрууд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн баймаар. Гэхдээ цай, хоолны газруудад үнэ одоохондоо хуучнаараа байгааг харахад дэлгүүрүүд эхэлж сэвж буй бололтой.

Шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, малын тэжээл тээвэрлэн оруулж ирдэг боомтууд хаагдсаны нөлөөгөөр ийнхүү манайд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан үүслээ.

ОХУ-ын дотоодод цар тахлаас улбаалан бараа, бүтээгдэхүүний үнэ өсжээ. Хойд хөршид саяхан хийсэн судалгаагаар хүн амын дийлэнх буюу 50 илүү хувь нь коронавирусний халдвар авахаасаа илүүтэй хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. ОХУ-д цагаан будаа, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн, гоймонгийн үнэ оны эхнээс 20-40 гаруй хувиар өссөнийг мэдээллийн хэрэгслүүд нь онцолсон байна.

Хилийн боомт хаасан шалтгаан дээр Оросын дотоодын энэ байдал ч нэрмээс болж Монголд хүнс, өргөн хэрэглээний зүйлийн үнэ ханш нэмэгдэхэд нөлөөлж магадгүй болжээ. Өндгөөр жишээ авахад л...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (122.201.21.144) 2020 оны 11 сарын 06

Үнэ нэмэгдээд ч зогсохгүй хомсдолд орно. Манай хүнсний бараа бүгд л Алтанбулагаар орж ирдэг. Бензин түлш ялгаагүй хомсдолд орно

0  |  0
Top