2021 онд спортын арвин их амжилт гаргахад бүх хүч чадлаа дайчлаарай

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

“Алдар” спорт хорооны 2020-2021 оны сургуулийн жилийн нээлтийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус хороонд ажиллав. Түүнийг “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр угтан авч, хорооны түүх, байгуулж ирсэн амжилт, гавьяа, шагналуудын талаар товч танилцуулсан.

Батлан хамгаалахын сайдыг дагалдан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа нар тус хороонд ажилласан юм. Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нийт багш, дасгалжуулагч, тамирчидтай уулзалт хийсэн. Энэ үеэр тэрбээр “Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд ажиллаж байх хугацаандаа би “Алдар” спорт хороотой байнга хамтарч ажилласаар ирсэн. Тиймээс тус хорооны үйл ажиллагааг өөрийн хэмжээнд сайн мэдэх ч өнөөдөр үйл ажиллагаатай нь нэг бүрчлэн танилцаж, та бүхний ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцохоор ирлээ. “Алдар” спорт хороо нь дан ганц спортын байгууллага бус Монголын нийт хүүхэд залууст нийтийн биеийн тамир, спортын мэдлэг, боловсрол олгох, цэргийн биеийн тамирыг хөгжүүлэх зэрэг нийгэмд чухал үүрэг хүлээсэн байгууллага юм. Өдгөө тус хороонд Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн тив дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан олон арван гавьяат тамирчид бий. Тэдний үргэлжлэл цаашид ч хөврөх болно. Ирэх жил түүхэн ойнууд давхацсан онцлог жил болохоос гадна хүн төрөлхтний спортын их наадам Олимп зохион байгуулагдана. Иймд та бүхэн бэлтгэл, сургуулилтдаа шамдаж, 2021 ондоо спортын арвин их амжилт гаргахад бүх хүч чадлаа дайчлаарай. Тамирчин бүр сахилга, зохион байгуулалт, хариуцлагаа нэмэгдүүлж, амжилтын төлөө зүтгээрэй” гэсэн юм.

Батлан хамгаалахын сайд тус хорооны биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төв, Спортын А, Б заал, байт харвааны сургалтын танхим, үндэсний сур, шагайн харваа, цана, тэшүүр, оюуны спортын өрөөнүүд, хүндийг өргөлт, жүдо, самбо бөх, таеквондо, боксын бэлтгэлийн заал, танхимуудын чанар байдал, тамирчдын бэлтгэл, сургуулилттай танилцлаа.

Энэ үеэр “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр материаллаг баазыг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжүүдийг сайжруулах, шинэчлэх зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байгааг Батлан хамгаалахын сайдад уламжилсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top