Ж.Билгүүн: Сорогдогийн Жаргалсайханы хоёр дахь үе эхэлсэн шүү гэдгийг зарлаж байна

2020 оны 11 сарын 12

Монголын кино, жүжиг, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны хүү Билгүүнтэй ярилцлаа. Тэрбээр 15 настайдаа арлын орныг зорьж, мэдлэг боловсрол эзэмшин,  Японы тэргүүлэгч компаниудын нэг “Аvex” группт удирдах албан тушаалд ажиллаж, монгол залуусын эерэг дүр болж чадсан. Өдгөө тэр эх орондоо ажиллаж, амьдарч байгаа бөгөөд ижий аавынхаа их үйлсийг орхигдуулалгүй, бурхан болсон аавынхаа уран бүтээллүүдийг дахин сэргээж, номын суварга босгож явна.


-Та Монголдоо ирээд жил гаран болчихлоо. Одооноос уран бүтээлийн уран бүтээлийн ажилдаа эрчимтэй орж байна уу?

- Монголдоо ирээд өөрийн бизнесээ эхлүүллээ. Аав бид хамтдаа театр байгуулахыг мөрөөддөг байсан. Хэдий энэ орчлонгоос явчихсан ч хүү нь үүнийг үргэлжлүүлнэ. Ерөнхийдөө би 30 нэлээн гарчихлаа. Тодорхой хэмжээгээр үзэж харсан ажил, амьдралын туршлага хуримтлууллаа. Түүгээрээ Монголынхоо хөрсөнд тодорхой ажил хийе, мэргэжлийг нь эзэмшээд төгсөж байгаа залуу хүмүүсээ дэмжиж гаргая гэсэн зорилго, мөрөөдөлтэй ажилдаа ороод явж байна даа.

-Аавынхаа үргэлжлэл болж хүү нь “Шөнө дундын бүжиг” жүжгийг дахин тавьж, бүтээлүүдийг нь сэргээж эхэллээ гэж харж байгаа. Та энэ талаар ярина уу?

-Аав маань бурхан болсноос хойш бараг 13 жил өнгөрчихлөө. Хүмүүс аавын зохиолуудаар тодорхой хэмжээнд уран бүтээл хийгээд 10, 20 жил яваад ирсэн байхад яагаад би үгүй гэж. Үүн рүү орохгүй бол болохгүй миний бас нэгэн үүрэг юм л даа.

Би С.Жаргалсайхан гэдэг хүний оюуны өмчийг албан ёсоор эзэмшдэг, үйл хэргийг нь үргэлжлүүлэх хүүгийнх нь хувьд энэ жилээс эхлээд Сорогдогийн Жаргалсайханы хоёр дахь үе нь эхэлсэн шүү гэдгийг “Шөнө дундын бүжиг” жүжгийг тавьж, хүмүүст илэрхийлмээр байна. Тэр хүний бие нь тэнгэрт байгаа ч оюуны бүтээл нь амьд байгаа юм шүү.

Хоёрдугаарт сүүлийн 10 жил Японы нэр хүнд бүхий “Avex” интертайнмент группт ажиллалаа. Тэндээс авсан мэргэшил, туршлага, өнцгүүдийг Монголдоо гаргая гэсэн байдлаар энэ удаа ““Шөнө дундын бүжиг”, “Адам, Ева”, “Стрютиз блюз” “Нууц амраг чинь болъё” гэсэн жүжгээр дамжуулж нийгмийн шүүмжлэлтэй асуудлуудыг хүмүүст хүргэхийг зорилоо. Аавын жүжгүүдэд гарч байгаа асуудал өнөөдрийн нийгэмд бүр ч хурцаар илэрч байна. Үүнийг шинэлэг байдлаар хүргэе.

Яриад явах нэг өөр, жижиг зүйлээс эхлээд ажлыг эхлүүлж, бага багаар хөгжүүлэх нь чухал. Тийм бодлоор л энэ дөрвөн жүжиг дээр ажиллаад үзье. Аавынхаа хийхийг хүсч байсан, логик өгөгдөл, нийгэмрүүгээ өгье гэсэн санаа, нийгмийг соён гэгээрүүлэх ажилд амьдралынхаа ихэнх жилийг зориулчихсан аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлье гэсэн миний зорилго байгаад байна.

-Та жүжгээ өөрийн “Mugen lounge club”-т тоглохоор болсон. Яагаад том театр биш, энэ шийдэлд хүрсэн бэ?

“Шөнө дундын бүжиг” жүжгийг “Mugen lounge club”-т тавина. Багтаамжийн хувьд бага, нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой түвшний, юм ойлгодог цөөн хүмүүс рүү чиглэхийг хүссэн. Хоёр цагийн үзвэр байлаа гэхэд та юу өгүүлж, нийгэмд яг юуг уриалж, түүчээлэх гээд байна вэ гэдэг чухал. Тэр мэдээллээ тэнд байгаа цөөн хүнд зөв өгөөд гаргах ёстой.

Ер нь нэг оройд 50 хүн л сууж жүжиг үзэх боломжтой. Түүнээс илүү багтаамжтай, шөнийн клуб шиг 100 хүнтэй болоод ирэхээр массын болоод явчихдаг. Тэгэхээр бид яг амьд харилцаа, атмасферийг үүсгэхийн тулд үзвэр маань яг таны дэргэд л өрнөж байхаар шинэлэг зүйлийг л аль болох гаргахыг зорьж байна.

Гэхдээ энэ бол эхлэл. Цаашдаа өөрийнхөө театрыг байгуулна. Шинэ дэвшилтэд техниктэй уялдуулж ямар содон зүйл хийж болох вэ гэдэг ажил хийх төлөвлөгөө, мөрөөдөл байна. Хичээж байгаа.

-“Mugen”-ийг “VIP” бэсрэг хэмжээний театр гэж болох нь ээ?

-Тэгэж хэлж болно.

-Одоо тавих жүжгийн найруулагчаар нь та өөрөө ажиллаж байгаа юу? Хэн найруулж байгаа нь бас сонирхолтой байх.

- Би үүн дээр зөвлөх найруулагчаар Г.Ган-Очир ахыг аваад, би ерөнхийдөө найруулчихаж байгаа. Гэхдээ энэ жүжгүүд дээр би продюсер маягаар ажиллаж байна. “Шөнө дундын бүжиг”-ийн дараа тавих “Адам, Ева” дээр гурван жүжигчинтэй тоглоно. Үүний зохиолыг би өөрөө бичээд, өөрөө гардаж найруулж байгаа. Энэ жүжигт Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Boom town” хамтлагийн ахлагч Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир нар тоглож байсан тэр үед би 10 настай байлаа.

Би заавал С.Жаргалсайханы хүү нь мундаг найруулагч юм байна гэж хэлүүлэх гээгүй. Яг үнэнийг хэлэхэд найрууллаа гээд урьдахаас нь илүү болгоно мөрөөдөх ч үгүй байгаа. Би найруулагч гээд үсчээд, онгироод том том юм бурмааргүй байна. Хамгийн гол нь хөрсөн дээр бууя, цар хүрээгээ мэдэрье. Өөрийгөө хэн бэ, хэн байх ёстой вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй манай залуучууд юу юуны духанд хүрэлгүй, хоёр гурван юманд тоглочихоод, гурав дахийг нь өөрөө найруулчихаараа найруулагч гээд гүйгээд байдаг. Өөрсдөөсөө ичээсэй гэж боддог.

Би ч Японд найруулагчийн сургуулийг нь сураад бакалавр найруулагчаар төгсчихөн хүн. Гэхдээ би найруулагч болчихлоо гэж өнөөдрийг хүртэл хэлж чадахгүй яг үнэнийг хэлэхэд. Намайг тодорхой хэмжээнд найруулагч болчихлоо шүү гэдгийг 10 жүжиг найруулсны дараа хүрч ирээд найруулагч мөн юм байна гэж хэлбэл юу юм бэ гэхээс биш би өөрөө найруулагч гээд сэтэр зүүгээд том дуугарч явахыг хүсэхгүй байна.

Миний хувьд хамгийн гол нь С.Жаргалсайхан гэдэг хүний нийгэмд өгөхийг зорьсон мессежүүдийг л үргэлжлүүлж байгаа гэдэг нь чухал. Яг үнэнийг хэлэхэд миний аавын бичсэн зохиол найруулагчтай, найруулагч үгүй тавигдчих хэмжээний, найруулагчаа ч, жүжигчнээ ч тэр гаргачихдаг л зохиолч байсан. Тэгэхээр тэр хүний ноён оргилын хажууд би аавынхаа жүжгийг ийм өнцгөөр найруулж тавилаа гэвэл амных нь салиа арилаагүй тэнэг бацаан олон юм ярьж байх шив дээ гэж хүмүүсийн уур нь хүрэх байлгүй дээ.

-Дээрх дөрвөн жүжигт тоглох жүжигчдийн онцлог юу байна вэ?

-Манай жүжгийн гол дүрүүд С.Сугар багшийн удирлага доор Соёл урлагийн их сургуулийг төгссөн, дандаа шинэ залуу жүжигчид л дээ. Гэхдээ хамтлаг продакшнд ажиллаж, өөр кинонд дүр бүтээж байсан, 2013, 2014 оноос хойш юм хийгээд явж байгаа, өөрсдийн хэмжээнд туршлага суусан залуучууд байгаа. Гэхдээ бид илүү мэргэжлийн байна. Залуу хүүхдүүд гэхээрээ л хоббигоороо хэдэн хүүхдүүд урлагийн үзлэг шиг юм хийж огт байхгүй. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүс гэдэг өөрсдөө итгэл үнэмшлээ авчихсан. Өгч байгаа хүмүүсээ хүндэтгээд академик байдлаар ирсэн хүмүүстээ яаж тэр гоо зүйн мэдрэмж, оюун санаа руу орох, яаж тэр хүмүүсийг уяраах вэ, уйлуулах, яаж тэр хүмүүст санаагаа хүргэх вэ гэдэг нь гол. Ирсэн хүмүүс сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь авч яваад гэртээ харьсныхаа дараа нийгэмд өгөх гэсэн санааг боддог байх хэрэгтэй. Бид заавал яахаараа архи, пиво уугаад л болсон болоогүй инээдэм, ханиадамтай хошин шог шиг юм яриад л, станд ап комеди гээд л өөрсдийгөө бараг доромжлуулан мөнгө төлөөд байх ёстой гэж.

Бидний хувьд нөгөө талаасаас арай илүү мэргэжлийн түвшинд байж, одоо ингээд дөрвөн баг гарч ирэх юм.

-Жүжиг бүр дээр өөр баг тоглож, жүжигчид давтагдахгүй гэсэн үгүү?

-Тийм өөр баг. Би нэг жүжиг дээр тоглосон жүжигчдээ дараагийн жүжигт давтаж тоглуулахгүйгээр явж байгаа. Яагаад гэхээр олон цар хүрээтэй ядаж 20-30 хүн ядаж бидний багт баймаар байна. Тэгэхгүй манайхны продакшнууд нэгдээд л, бараг бие биеэ сугандаа хэдэн үстэйг нь ч мэдэх нь холгүй 10, 20 жил найзалчихсан, цуг дагаад л яваад байдаг. Би тэр байдлаас ний нуугүй хэлэхэд татгалздаг. Шоу, интертайнмент энэ бизнес, урлаг өрсөлдөөн байх ёстой. Найзан дундаа орж налайх биш, мэргэжлийн өрсөлдөөн байх ёстой. Тэгж байж тэр дундаас сайн бүтээл гарч, шинэлэг, хийж байгаа уран бүтээлийнхээ төлөө дайрдаг арай илүү өлсгөлөн, эрэл хайгуулч байдал үүсэх ёстой. Тэгэхгүй “өө тэрийг тэрэнд оруулчихсан юм чинь гурав дахь нь ч түүнийх, тав дахийг нь ч тэрэнд өгнө” гэж яах юм бэ.

-Үнэхээр л нэг жүжигт гайгүй тоглочихсон хүнийг дараа дараагийн жүжиг, кинонд тогтчихсон нэг дүр төрх, өнгө аястай хүнээ л тоглуулаад байдаг. Түүнийг эвдсэн шинэлэг санаа байна шүү.

-Одоо кино, жүжиг гээд ярихаар нэг дүр дээр яг адилхан тоглочихсон хүнийг, кино нь ч, жүжиг нь ч тэр, хошин шог нь ч тэр яг адилхан. Нэг хүн “Ээжийн чанасан цай” гээд дуулаад тэр нь хүнд хүрчихвэл бүгд араас нь адилхан 1, 2, 3, 4 гээд болчихож байгаа юм.

Манайхан оргилд нь хүрчихсэн гэж бодохоороо үүндээ эрдээд, өөрөөс нь илүү хүн гарах ёсгүй мэдээт дархлачихдаг. Яг үнэнийг хэлэхэд би олон юм ярихаар тоочны нэр хэлчих гээд байна. Үүнээс зайлсхийж байна. Хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй гэдэг шиг, хүний тариалангийн талбай руу орж олон юм яриад яах вэ. Хүн муулсан хэрэг болно. Гэхдээ нөгөө талаасаа харахад шинэ дүр гээд харангуут огт шинэ дүр байхаа больчихсон. Шинэ хүмүүс гэж байхаа больчихсон. Нэг гараад л ирсэн бол тэндээ ноёрхол тогтоогоод, гадсаа хатгаж аваад л ингэвэл чи бараг яагаад байгаа юм бэ гэсэн хандлагаар нэгийгээ дарамтлах ч юм уу, “ахыгаа яах гээд байна” гэж байх жишээтэй. Ийм сонин, өрсөлдөөнгүй, нийгэм.

Миний хувьд бол олон составтай явъя, олон ургалч үзэл тэнд байг. Тэр дунд бас нэг ардчилал баймаар байгаа юм. Түүнээс биш танд дүрийг өгчихсөн гэж хэлэнгүүтээ бүх юмыг нь араас нь залгуулаад, баталгаатайгаар хангамжийн бараа шиг хэрэгцээг нь хангадаг байж болмооргүй байгаа юм. “Өө надад энэ дүр ирчихлээ, дараа нь ийм дүр ирнэ, би яаж тоглосон ч яадаг юм бэ” гэдэг байдлыг л халмаар байна.

-Одоогийн “Шөнө дундын бүжиг” жүжиг өмнөх тавилтуудаас хэр ялгаатай байх вэ?

-Ер нь голч рамм, дүрүүдийн хоорондын холбоо хамаарал мэдээж байгаа. Гэхдээ яг 2020 онд тавьж байгаа учраас цаг үеэ дагаад мэдээж өөр.

Ардчилал гарч ирсний дараа театр, урлагийн газрууд уналтад ороод байх үед бидний яриад байгаа “Хаан түүх”, “Адам, Ева”, “Шөнө дундын бүжиг” зэрэг аавын маань бүтээлүүд ачааг нуруун дээрээ үүрч явсан. Тийм жүжгүүдийг 20 жилийн дараа, надаас доош үеийн залууст би үзүүлмээр байна. Миний бодлоор +21-50 насны хоорондын хүмүүс ирж үзээсэй. Залуу жүжигчид тоглож л байгаа. Би өвөө, эмээ нарыг тоглуулчихаад шинэ юм хийлээ гэж хэлмээргүй санагддаг. Эмээ, өвөө нар маань хийх ёстойгоо хийгээд “алтан үе” гэдэг шиг үүрэг ролио гаргасан. Одоо бол шинэлэг, арай өөр байдал руу орж, салхи үүсгэмээр санагддаг. Түүнээс биш мөнгө олъё, нэрээ гаргая, хэн нэгэнд таалагдъя гэж яваагүй. Бид доллар биш учраас хүн бүрт таалагдах албагүй. Таалах нь таалаг, ойлгох нь ойлгог. Тэгж байж энэ ардчилсан нийгэмтэй, 3.4 сая хүнтэй Монгол Улсын салбар, салбар нь хөгжих ёстой.

“Шөнө дундын бүжиг” эмэгтэй хүний амьдрал энэ нийгэмд хайр гамгүйгээр золиослогдож байгааг харуулдаг. Сонгож авсан дээрх дөрвөн жүжгийн гол дүр нь эмэгтэй. Яагаад гэхээр эмэгтэй хүнийг хайрлан хүндэлж, дээдэлмээр байна. Энэ жүжгүүдээр хэлэх гээд байдаг аавын санаанууд бол эмэгтэй хүн гэдэг маш хүчтэй, эр хүний ард асаалттай танк шиг зогсож чаддаг. Гэхдээ тэд бас эмзэг. Тэднийг бид энэ нийгмийнхээ муу муухай эргүүлэг дотор оруулаад, заримыг нь янхан болгож байна. Заримыг нь амиа хорлоход хүргэдэг. Нөгөө хэсгийг нь эцэггүй хүүхэд өсгөхөд хүргэж байна. Нөгөө талаас нь эрэгтэйчүүд маань энэ зүг рүү нүдээ нээж, санаа бодлоо өгч, ядаж уучилчихдаг, ойлгодог, хүндэлдэг, хайрладаг болооч ээ.

-Та Японд хариуцаж байсан ажлаа хүлээлгээд өгчихсөн үү?

-Тиймээ. Ер нь 10 жил ажиллаа. Гэхдээ Япон, Монгол улсын хооронд гүүр болно гэсэн мөрөөдөлтэй байдаг учраас хоёр улсын соёл, аялал жуулчлал, миний орж бүх л зүйлр дээр өөрийн чадахаар хүч гаргаад бизнесээ хийгээд явж байна.

Одоо аавын бичсэн “Чингис хааны нууц түүх” гэдэг романаар нь олон ангит кино хийхээр ажлаа эхлүүлчихсэн явж байна. Хүн зүгээр суугаад байж болохгүй. Залуу хүн завгүй байх шиг сайхан юм байхгүй гэдэг шиг. Ахлах сургуулиас нь эхлээд, сураад, ажлаад 20 жил Японд амьдраад ирсний хувьд сурсан зүйлийнхээ үр шим, ашгийг хүмүүстэй хуваалцаж өгье гэсэн бодолтой байдаг. Хоёр улсын хооронд алхдаг, ганц хүний элчин сайдын яам гэж өөрийгөө хэлдэг. Үүнийгээ ч Японы хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьдаг. Цаашдаа ч энэ хоёр улсын хоорондын харилцаа, бизнес, урлаг соёлын зүйлүүд дээр ч миний оролцоо, намайг аль нэгэн газар хэрэгтэй хүн байж болно гэвэл би бэлэн.

-Та залуу оддыг гаргаж ирдэг Японы номер нэг гэж болох компанид ажиллаж байсан хүний хувьд тантай хамтарч ажиллаж байгаа залууст илүү боломж нээгдэх байх гэж бодож байна.

-Мэдээж хэрэг миний ард Японы гүүр байна. Цаашдаа бид энэ жүжгүүдээ орчуулж, дүрсжүүлээд фестивальд явуулъя гэж бодож байна. “Адам, Ева”-г, христосын ертөнцийг ази хүн, тэр дундаа монгол хүмүүс хийхээр ямар байдгийг үзүүлмээр байна шүү дээ.

Нөгөө талаараа би менежментийн, “Avex” группын зүүн өмнөд азийг бодлого төлөвлөлтийн хэлтсийн удирдлагын багт 10 жил ажилсных надад итгээд ирж байгаа залуусаа цаашаа гэх эрхгүй. Би монгол хүн учраас монгол хүмүүстээ илүү юм мэдчихсэн бол түүнийгээ дуулгах л үүрэгтэй. Билгүүн хэлсэн л бол түүнийгээ биелүүлдэг юм аа гэсэн итгэл, үнэмшлийг тэр хүүхдүүдэд өгмөөр байна.

Хүнийг нэг юмны боол болгоод сургачихсан нийгэм байгаад байна. “Өө наад бацаануудаа аваад жаахан бүжиглүүл, хэдэн жил дагуулаад явчих, үнэ өртгийг нь ч хальт хоолных нь мөнгийг өгчихгүй юу” гэсэн байдлаар хүний үнэтэй цаг, хөдөлмөр, залуу нас бүгдийг ашиглаж ашиглачихаад хэрэггүй болохоор нь хаядаг. Ийм муухай байдлыг болиулъя. Тийм учраас менежментийн компани байгуулчихсан явж байгаа. Жүжигчин, модель болохыг хүсч байгаа, гадагшаа дуулахаар авьяастай хүүхдүүдийг надад итгээд итгэл хүлээлгэвэл зөрүүлээд тэднийг тодорхой амжилтад хүргэе гэсэн миний мөрөөдөл байна. Тэр утгаараа ч хүүхэд, залуучууд над дээр ирж байгаа.

Хамтарч ажилвал том том гавьяат авчихсан жүжигчин, найруулагч, кино багийн танидаг хүмүүс байна л даа. Гэхдээ би нэгэнт Монголд байр сууриа олчихсон байгаа гэхээсээ илүү залуу үетэй, 18 хүртэлх насны хүүхдүүдийг гаргаж, яаж од болгодог вэ гэдэг компанийн дотор нь өөрөө ажиллаж байгаад ирсэн. Одоо би тэр бүгдийг Монголынхоо хөрсөн дээр буулгамаар байна. Коронагаас болоод хил нээгддэггүй юм аа гэхэд ядаж бид эндээ бэлтгэлээ хийж баймаар байна. Тэгэхгүй юу юугаа ч бэлдээгүй байж гэнэт дэлхий рүү гарч давхих гээд, гэнэт том загварын тайзан дээр алхах гэдэг. Энэ тийм биш ээ. Бид эхлээд бэлтгэлээ хийх хэрэгтэй. 41 км гүйх ёстой бол дунд нь 20 км дээр бахардаж унахааргүй биеийн хүчний бэлтгэлээ хангачихсан л байх ёстой.

Хүчин чармайлттай, хийх гэж байгаа зүйлсийг маань ойлгоод өөрсдөө зорилгынхоо төлөө үнэн сэтгэлээсээ тэмцэж чаддаг залуустай би эцсээ хүртэл явна гэсэн зорилготой байгаа. Энэ нь миний бас мөрөөдөл. Яагаад монгол хүмүүс заавал бие биеэ муу хэлээд л, жалга довны үзэл яриад л. Үгүй ш дээ. Энэ дөрвөн уулынхаа дотор хоорондоо эвтэй байя л даа. Ойлгохгүй бол түүнийг дуугүй л орхичих л доо. Өөр өөрийнхөө орон зайд тайван л бай л даа. Гэхдээ бид илүү дээшээ харах ёстой. Түүнээс биш тийм болчихоор болчихлоо гэж бодож байгаа бол тэр хэмжээний л хүн. Тэгэхээр илүү холыг харъя, илүү дэлхий рүү харъя, илүү ихийг мөрөөдөе, илүү их хөдөлмөрлөе. Тэр нь эргээд үр шим нь буцаад тэр хүний амьдралд ирнэ.

-Одоо хамтарч ажиллаж байгаа залуучуудаас таны гаргаж ирэх од ойрын хугацаанд хэзээ гарч ирнэ гэж харж байгаа вэ?

-Миний хүсч байгаа зүйл манай уран бүтээлийн нэгдлийнхээ менежментийг харуулахыг зорино. Эмэгтэй жүжигчдээс он гараад бага багаар ерөнхийдөө хүмүүст хүрээд явчихна шүү. Гэхдээ би жүжигчдийнхээ бие хаа, царай зүсийг голчлохгүй. Хүний мөрөөдлийг ийм зүйлээр хязгаарлаж, үнэлж болохгүй. Хэрвээ тийм юм байгаа бол сайхныхаа л хэмжүүр дотор яв л даа. Царай зүс, бие хөөмөөргүй байна. Том хөхтэй байлаа гээд үзэгчдэд өгөх ёстой мессеж нь авьяасаараа очиж чадаж байгаа юм  уу, үгүй юу гэдгийг бодмоор. Сайхан царайлаг хүүхэн байлаа гээд үзэж байгаа гоо сайхны мэдрэмжийн хувьд авч байгаа юм бол өгөх гэж байгаа драматурныхаа хувьд, хоолойны голосын хувьд хүрч байна уу үгүй юм уу.

Манайхны хэт гадна талын өнгө харсан байдлаа болимоор байгаа юм. СУИС, КУДС, Сити дээр жил бүр 50, 60 хүн төгсөхөд тэдний гарын таван хуруунд багтах нь л жүжигчин болж байна шүү дээ. Бусдыг нь юу хий гэж байгаа юм бэ? Лангуун дээр очоод худалдагч хий гэж үү? Нарантуул дээр очоод оймс, бандааш зар гэж байгаа юм уу. Тэдний ч гэсэн очих ёстой сегмент нь бий болох ёстой биз дээ.

Одоо алийн болгон хөхтэй хүүхэн гаргаж ирж, диско аян дээр хоёр бүжиглүүлж, дөрвөн залуу гарч бие биеэ цохиж унагаачихаад кино гэж ярих вэ. 10 хоногт хийдэг кино бол кино биш ээ.

Би царай муутай, би гэр хорооллынх юм чинь гэр хороололдоо л дуус, би хөдөөнийх учраас хөдөөнөө л дуусъя гэж байгаа юм уу, үгүй биз дээ. Энэ хэрвээ авьяас, хөдөлмөрийн цэвэр өрсөлдөөн байж чадаж байвал, сэтгэл гаргаад хөдөлмөр гаргаад хийж чадаж байгаа, зорьж байгаа хүүхдэд тэр боломжийг нь нэммээр байна. Японд сайн, муу аль аль нь байгаа. Гэхдээ тэдний дотроос аргагүй л авьяас, хөдөлмөрөөрөө шалгарч гарч ирдэг. Тэгэхгүй тэндээс нэг гайгүй хүнд танигдсныг нь дагуулж ирээд л, эндээс нэг гайгүйг нь аваад л. Тэгвэл Д.Урианхай гуайн хэлдэг шиг хийж чаддаг ажлаа дандаа хийнэ гэдэг чинь зодож чаддаг хүнээ дандаа зодож байгаатай адилхан гэж.

Тэгвэл бид хичээгээд яах юм бэ. Үүний оронд энэ талд нь хүнд танигдсан нэг жүжигчнийг хэдэн төгрөгөөр худалдаж авчраад л, тэндээс бас нэг болчихсон нөхрийг худалдаж авчраад л за 10 өдөр тогло гэх үү. Би мөнгөний төлөө яваагүй. Би үүний цаана хүмүүсийн итгэл үнэмшил, мөрөөдлийг ургуулж байгаа. Тэгээд “Mugen” гэдэг нь хязгааргүй гэсэн утгатай япон үг. Бүгдээрээ хязгааргүйгээр сэтгэе. Тэгэхдээ соёлтойгоор асуудалд хандая. Хэрвээ тэгж чадвал энэ дундаас цэвэр, үнэ цэнтэй, шинэлэг зүйлс үүсэх эхлэл нь тавигдах болов уу л гэж бодож байна.

-Та нэгэнтээ улс төрд орно. Гэхдээ цаг нь болоогүй байна гэж байсан. Бэлдээд л байна уу?

-Би 2024 оны сонгуулиар улстөрд орж болох юм. Монголд улс төрийн сонгууль яаж болдгийг энэ жилийн сонгуулиар амьдрал дээр харлаа. Сонгууль өгч үзлээ. Тэгэхээр 2024 онд би 40 хүрнэ. Тэгэхээр энэ насандаа хөдлөхгүй бол бидний үр хүүхэд үлдэх нийгэм учраас үүний төлөө бид өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж, сонголтоо хийхгүй бол болохгүй. Хэрэв сонголт нь биш дотор нь орж тоглох шаардлагатай гэдэг дуудлага байвал эх орон дуудвал хэзээд бэлэн гэдэг шиг бэлэн байна. Хэрвээ миний өгөгдөл, үүрэг роль тэнд байх ёстой бол надад айх юм алга. Яагаад гэхээр улс төрд өөрөөсөө ичдэггүй хүмүүс дэндүү олон байна. Нэг ажил хийсэн болоод түүнийгээ 10 ажил хийчихсэн юм шиг ярьдаг. Бараг баруун гараараа хулгай хийчихээд нөгөө талдаа цагдаа шиг болж жүжиглээд явж байгаа хүмүүс ичих зовох юмгүй явж байна. Тэднийг болиулахын төлөө, тэднийг зөв зүйл рүү нь оруулахын төлөө бид өөрсдөө л хичээхгүй бол нийгэм өөрчлөгдөхгүй.

Сая хүртэл Америкийн сонгуулиар ардчилсан нийгмийнх нь хүмүүс нь өмнө хожид байгаагүйгээр идэвхтэй саналаа өгч Трампыг суудлаас нь буулгачихлаа. Энэ л ардчилал. Болохгүй бол буулгая. Энэ улаан, цэнхэр хоёр чинь яг үнэндээ Монголд ч гэсэн байгаад л байна шүү дээ. Тэгэхээр аль өнгийг нь сонгох вэ гэхээсээ илүү бид аль өнгөнд нь амьдрах ёстой вэ гэдэг нь чухал болов уу гэж боддог. Дэлхий сүйрчихдэггүй л юм бол бидний үр хүүхэд Монгол орондоо ялгаагүй амьдарна. Түүнээс биш улааныхан тэнд амьдрахгүй, цэнхэр нь тэнд амьдарна гэдэг зүйл биш. Бие биеэ муу хэлээд амьдрах ёстой юу, бие биеэ дэмжээд амьдрах ёстой юу гэдэг л байгаа. Тэгэхээр бид оюун ухааны дархлаагаараа монгол хүмүүс хэн байх ёстой вэ гэдгээ ч бодох ёстой.

Яагаад дөрвөн жилийн хооронд ажлаа хийгээд явж болдоггүйг би хамгийн их гайхдаг. Яг сонгуулийн өмнө “би тийм юм хийлээ” гээд бараг цол гуншин гэж А4 хоёр хуудас дүүрэн юм гаргаад ирдэг. Яг үнэндээ улс төр, нийгийн хариуцлагынхаа хүрээнд юу хийсэн юм бэ? Энэ хүн татвар төлж, хэдэн хүнийг ажлын байраар хангаж үзсэн юм бэ? Ийм зүйл байхгүй хүмүүс шууд онгоцоор нисч ирээд дарга болоод байгааг би гайхдаг.

Би чинь харьцангүй этиктэй, моральтай, соёлтой орчинд өдий хүртэлх амьдралынхаа ихэнхийг амьдраад ирсэн болохоор заримдаа бухимдах зүйл багагүй байна. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг дотор нь өөрөө орж байж засахгүй бол өөчрлөгдөхгүй. Гэхдээ би өөрчлөгдөөд эсвэл сайнууд нь өөрчлөгдөөд яваад байвал манайхан муу чигээрээ л байна. Тэгэхээр ядаж сайнуудыгаа дардаггүй юм аа гэхэд тэднийгээ ойлгодог, хүндэлдэг, сонсчихдог байгаасай.

Тэгэхгүй энэ талд нь муугаа лам багш шиг залчихаад нөгөө талд нь өөр юм яриад явж байхынхаа оронд хэдүүлээ арай илүү соёлжмоор байна, боловсормоор байна. Оюунлаг болмоор байна. Ядаж бие биедээ уучлаарай, баярлалаа гээд хэлчихдэг болмоор байна гээд жижигхэн зүйлээс эхэлмээр байгаа юм.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

- Аавын 4-5 жүжгийг яг залуучуудаараа тоглож, бүгдийг нь бий болгосчихсныхоо дараа зөвхөн С.Жаргалсайханы тэр жүжгийг мэргэжлийн тайзанд тавихыг зорьж байна. Би тэгж л аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, номын суварга босгочих юмсан гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байна. Аавынхаа ачийг хариулж чадаагүй учраас. 51-хэн настайдаа таалал төгсөнө гэдэг бас л залуу байгаа юм. Ядаж дахиад 20 жил амьд сэрүүн байсан бол Монголын театр, үргэлжилсэн үгийн зохиолын салбарт бас л ихийг хийж ёстой хүн байсан учраас тэрэнд харамсаад байдаг юм. Гэхдээ яах вэ хийгээд үлдээчихсэн бүтээл нь цаг хугацаанд хуучрахгүй, эзнийгээ үргэлж л амьд байлгаж байна даа.

Би бол бодохдоо Монгол хүмүүсийнхээ оюуны цар хүрээг, монголчууд яагаад айлаас ирэхээр авдраа ух гэдэг шиг өөрсдөө дотроо байгаа зүйлээ хөгжүүлж болохгүй гэж, бие биеэ яагаад дэмжиж болохгүй гэж. Заавал гадны юм хийвэл гоё юм шиг харагддаг, үгүй ш дээ. Бид яагаад өөрсдөө юмаа хийж болохгүй гэж.

 “Чингис хааны нууц түүх” гээд роман яг монголчууд өөрсдөө өөрөө өөрийнхөө түүхийг монгол аргаараа бичсэн роман. Хамгий сайн драматуртай, уран зохиолын талаасаа хамгийн сайн бичсэн роман миний аавын энэ роман байна. Үүнтэй хэн ч маргахгүй. Бид гадны шар үстэй хүмүүсийг дагаж гүйгээд, хэдэн доллар шидчихээр нь багш аа, багш аа гэж хөл алдаад, бараг ааваа гэх нь холгүй явдгаа болимоор байгаа юм.

Арай илүү монголжуу, монгол дотортой, өөрсдийн үнэ цэнтэй байя. Бид мөнгөнийн төлөө сүнсээ худалдчихмааргүй байгаа.

Эцсийн бариант дээр хайрлаад аваад үлдэх, атгаад зогсох үнэ цэн гэж байдаг юм шүү. Тэгэхгүйгээр явъя гэвэл сармагчнаас ялгаа юу байна вэ, амьтнаас ялгаа нь юу байгаа юм бэ.

Би аавыгаа Монголын эмгэнэлт жүжгийн хаан, Монголын Шекспир гэж боддог. Би аавынхаа үргэлжлэл учраас ямар ч үед хамгаалах ёстой миний үүрэг, хариуцлага.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.25.54) 2020 оны 12 сарын 14

Аавынхаа мөрөөдлийг цаашид үргэлжүүлж олон сайхан уран бүтээл хийгээрээ. С.Жаргалсайхан гуайн олон бүтээл таалагддаг, үсэх хүсэл ахиад төрчихлөө... Амжилт хүсэе.

0  |  0
irgen(64.119.26.233) 2020 оны 11 сарын 16

hantsuigaa shamlaad yah gej bga yum bol, ene zaluu. ene tegeed japanaas avch irsen soyol uu

0  |  0
Mariane(156.0.214.48) 2020 оны 11 сарын 16

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Зочин(66.181.161.83) 2020 оны 11 сарын 12

Сайхан хүү байна, аав нь дэндүү эрт өөд болсондоо, Жагай агсаныг зуны амралтаар ээжийнхээ нутагт очиж амрах үед нь хамт их л зурманд явдаг байлаа хөөрхий

0  |  0
bii(202.21.108.221) 2020 оны 11 сарын 12

ovoo l yaridag zaluu bn amjlit

0  |  0
зочин(49.0.212.243) 2020 оны 11 сарын 12

Зөв шүү Амжилт хүсье.

0  |  0
Хүн(202.126.90.131) 2020 оны 11 сарын 12

Сүрхий залуу байна. Аавынхаа ачыг хариулж байна гэсэн үг.

2  |  0
zochin(66.181.179.43) 2020 оны 11 сарын 15

daruuhan baival oort chin l heregtei dee yamar ongiroo yum be

3  |  4
zochin(66.181.161.80) 2020 оны 11 сарын 12

saihan yriltslaga boljee uran buteeliin undur amjilt husie

1  |  0
Эмгэн(103.212.119.89) 2024 оны 07 сарын 15

Чингэс хааны нууц түүхээр кино хийнэ гэж зориглож байгаа энэ залууд талархаж бна. Өвөрмонголын киног нэг их давтахгүй байх. Нууц товчооноос өнөөдрийг хүртлэх олон зууны туршид монгол гэдэг нэгэн улсын хүчирхэг бас уналт, за тэгээд өвөг дээдсийн болон ухаалаг хатдын талаарх ойлголт, бишрэл минь улам лавшрах биз ээ. Энэ хүүхдэд уран бүтээлийн оргилуун амжилт хүсье,

4  |  1
Top