“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Эрдэнэбат нь 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдож, бусдыг залилсан болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд хуулийн дагуу 7 жилийн хорих ял оногдуулсан билээ.
Гэтэл Б.Эрдэнэбат нь “Ариг банк”-ыг булааж авах, дээрэмдэх гэж өөрийг нь хилсээр шийтгэсэн мэт ойлголт төрүүлэх баримт нотолгоогүй, илэрхий худал мэдээллийг зохион байгуулалттайгаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа цацаж буйд харамсаж байна. Бодит үнэн нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Ариг банкны дүрмийн санг нэмэгдүүлэхийг төрөөс буюу Монгол банкнаас 2015 оноос хойш удаа дараа шаардаж, шаардлагыг биелүүлээгүйн улмаас албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж буй билээ.
Ариг банкны хувьцаа эзэмшигч нар нь Компанийн тухай хуулийн дагуу өөрт ногдох хувь эзэмшлээр дүрмийн санг нэмэгдүүлэхээр нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Үүний дагуу “Улаанбаатар импекс” ХХК нь өөрт ногдох 39.54 хувь хэмжээгээр хувьцаа авахаар эх үүсвэрээ байршуулсан. Харин “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 60.46%-ийг эзэмшиж буй хувь хэмжээгээрээ тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхэнд нь хэн ч халдаагүй бөгөөд өөрсдөд нь нээлттэй хэвээр байгааг, мөн өнөөдрийг хүртэл хувьцаа нэмж авах эх үүсвэр огт байршуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Covid 19 цар тахал гарсантай холбоотой онцгой дэглэмийн үед энэхүү худал гүжирдлэгийн эсрэг хэвлэлийн бага хурал хийх боломжгүй байна.
Иймд манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж, нэр хүндийг гутаахад чиглэгдсэн хууль бус үйлдэл гаргасан, захиалан зохион байгуулсан буруутай этгээдүүдийн цаашдын үйлдлийг таслан зогсоох, хариуцлага тооцуулахаар холбогдох хуулийн байгууллагад хандсан бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг тухай бүрт нийтэлж хүргэх болно.
"Улаанбаатар импекс" ХХК
2020.11.11