Дотооддоо халдвар авсан ДОЛОО ДАХЬ тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

-Жолооч Д-гийн ойрын хавьтлын дахин нэг хүнээс коронавирус илэрч, тухайн голомтот халдварын тоо тав боллоо-


Монгол Улсад дотооддоо халдвар авсан анхны тохиолдол өнгөрсөн долоо хоногийн баасан /2020.11.06/ гарагт бүртгэгдсэн билээ.

Тодруулбал, ХӨСҮТ-д коронавирусний халдвар авсан иргэдийг эмчилж байсан сувилагч ажлаа хийж байхдаа халдвар авсан нь батлагдсан юм. Дараа нь, түүнтэй хамт ажиллаж байсан эмчээс халдвар илэрсэн байдаг. 

Тэгвэл Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн гурван хүнээс халдвар илрээд байна. Харин дотооддоо халдвар авсан долоо дахь тохиолдол нь өнөөдөр илэрлээ. Өөрөөр хэлбэл, халдвар авсан жолоочийн гэр бүлтэй ойрын хавьтлын 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гарсан. Тэдгээр 48 иргэний нэгээс нь коронавирусний халдвар илрээд байна. 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн өнөөдөр өгсөн мэдээллийг дахин сануулъя. 
 

А.АМБАСЭЛМАА:
 

-Өнгөрсөн хоногт нийт 644 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 24 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Шинээр илэрсэн 24 тохиолдлын хоёр нь өчигдөр мэдээлэгдсэн халдвартай жолоочийн ээж, дүү хоёрын PCR шинжилгээний хариу ба тус шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас зарласнаас хойш нийт 22 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлын дам хавьтлын 171 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинижлгээний ажил үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гараад байна. Ингэхэд ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрч, иргэн Д-гийн голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 56 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 84 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд хоёр, хүндэвтэр 10, хөнгөн 72 хүн байна. Нийт батлагдсан 406 тохиолдол бүртгэгдээд байна.


ШИНЭЭР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУД (2020.11.11)
 

  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ
     
  • Арваннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн шинжилгээ
     
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ
     
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ
     
  • Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ
     
  • Хяналтын зорилгоор хийсэн гурав. (Нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрсэн)

  

 

 

 

Top