Өнөөдөр өглөө 11:00 цагаас мэдээлэл хийснээс хойш манай улсын хувьд Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол есөөр нэмэгдэж, нийт 426 тохиолдол болоод байна.
Эх сурвалжийн мэдээлснээр "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байгаад гарсан жолооч Д-гийн ойрын хавьтал болох ахын эхнэр болон түүний хүүгээс халдвар илэрч, онош батлагдсан байна.
Халдвар авсан сурагч хүү Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 10-р ангид сурдаг ба тухайн үед хичээлдээ явж байсан гэх мэдээлэл байна. Тиймээс сурагчдын дунд халдвар тархсан байж болзошгүй эрсдэл үүсжээ.
Халдвар авсан жолооч Д явсан маршрутаа ташаа мэдүүлсэн талаар өмнө бид мэдээлж байсан. Тэгвэл халдвартай нь тогтоогдсон түүний ойрын хавьтлын хүн караоке, зочид буудал, цайны газар зэргээр үйлчлүүлснээр мөн мэдүүлээгүй байжээ.
Энэ байдал удаа дараа давтагдаж байгаа нь халдварын тархалтыг хумихад хүндрэл учруулж байна.
Энэ талаар мөн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Жолооч Д-гийн ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос халдвар илэрчээ. Тиймэс вирус илэрсэн хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс хаагуур явсан, хэнтэй уулзсанаа нуулгүй хэлж, бүхнийг маш сайн эргэн санах хэрэгтэй. Хөл хорио дуусах гэж байхад дахин ойрын хавьтлаас халдвар илэрч буй нь том эрсдэл" гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдээд байна.
ЭМЯ-наас үүнтэй холбогдуулан 2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр "ТОПАЗ" зочид буудал, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны "Говь сайхан" караокед 17-20 цагийн хооронд, мөн тус хорооны "Өгөөж-1" цайны газраар 12-14 цагт үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80056829 дугаарт холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг сануулж, анхаарууллаа.
Өнөөдөр 19:00 цагийн байдлаар шинээр илэрсэн есөн тохиолдол
КОВИД-19 БА МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ (2020.11.14)
НИЙТ ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО - 426
Зөөвөрлөгдсөн - 405
Дотоодод бүртгэгдсэн халдварын тоо - 21
УЛААНБААТАР (ЖОЛООЧИЙН ХАВЬТАЛ) - 10
ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛЧИД - 8
СЭЛЭНГЭ АЙМАГ (ШИНЭ ГОЛОМТ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА) - 3