Улсын хэмжээнд ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ хүрээнд нийслэл хотын гарах, орох төдийгүй хот доторх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.
Тэгвэл шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг үг хэлээр доромжилж байгаа бичлэг өчигдөр /2020.11.15/ цахим сүлжээнд цацагдсан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 33 настай иргэн “А” нь Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд “Бүх нийтийн бэлэн байдал” зарласан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дэглэмийг зөрчиж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж үг хэлээр доромжилсон үйлдэл гаргасан.
Уг асуудалд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын III хэлтэс тухайн иргэнд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих 2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иймд иргэд та бүхэн улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж гэрээсээ гарахгүй байж дэглэмээ сайтар баримталж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна