Халдвар илэрсэн иргэн Багшийн дээдэд ном зардаг байжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өгсөн. Уг мэдээлэлд өнгөрсөн хоногт нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 иргэнээс коронавирусний халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 455 болж байгааг тодотгосон.

Үүнээс дотоодын халдвар 30 болсон билээ. Тодруулбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн тээврийн жолооч Д-гийн халдварын голомтын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймагт шинээр зургаан иргэн халдвар авсан болох нь тогтоогдоод байгаа бол Говьсүмбэр аймагт халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр /2020.11.18/ Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны подволд байр түрээслэн амьдардаг иргэнээс КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР илэрлээ. Хүүхэд нь халуурч, өрхийн эмнэлэг орсноор шинж тэмдэг нь анх илэрч, шинжилгээ авсан байна. Мөн тус иргэн Багшийн дээд дээр ном зардаг байсан гэх мэдээлэл байна.

Тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар авч явсан бөгөөд халдвар илэрсэн байр болон ойролцоох орон сууцнуудад хөл хорио тогтоож, ариутгалын ажлыг эхлүүлээд байна.

 

Top