ЭМЯ: "GGS" караокегоор үйлчлүүлсэн иргэд ХОЛБОО БАРИНА УУ!

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас 17:00 цагт өгсөн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна. 2020.11.19).

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 19-ний  өдрийн 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт үүссэн голомтод 53 хүнээс шинжилгээ авахад 13 хүнээс халдвар илэрч, тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 41 боллоо. Улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоодын халдварын нийт тохиолдол 85 болж байна. Монгол Улсад коронавирусний батлагдсан нийт тохиолдол 518 болж байна. Өнөөдрийн 11:00 цагаас хойш 6 иргэн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжсэн. Нийт эдгэрсэн хүний тоо 335 боллоо. 11:00 цагаас хойш эмчилгээнд 13 хүн нэмэгдэж, нийт эмчлүүлэгсдийн тоо 176 боллоо" гэв.

Тэрбээр мөн "Голомтын ойрын болон дам хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна. Анхны голомтоос эхлээд хавьтлаа хэлэхгүй байх, хавьтал болсон хүмүүс нь эрүүл мэндийн байгууллагад хандахгүй байх зэрэг асуудал гарч байна. Энэ нь халдварыг цааш тарахад ийм нөхцөл байдал шууд нөлөөлөх тул ард иргэд онцгой анхаарч, тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байна.

Иргэддээ хандан энд нэг зар дуулгая. 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 17:00 цагаас болон арваннэгдүгээр сарын 11-ний 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун хойно, Багшийн хөгжлийн ордны чанх хойно байрлах "Говь гурван сайхан" буюу GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд  Эрүүл мэндийн яамны 119, ХӨСҮТ-ийн 80086829 дугаарын утсаар холбогдон, зөвлөгөө авахыг хүсэж байна" гэлээ. 

Төмөр замын дагуух төв суурийн газруудад халдвар нэмж бүртгэгдсээр байгаа учраас төмөр замын ойролцоох орон нутагт амьдарч, оршин сууж байгаа хавьталд орсон хүмүүс биеийн байдалдаа хяналт тавих, шинжилгээнд хамрагдах шаардлагатай байгааг ЭМЯ онцолж байна. 

 

2020.11.19-ний 17.00 цагийн байдлаарх дотоодын халдварын нөхцөл байдал
 

  • Улаанбаатарт - 18
  • Сэлэнгэ аймагт - 41
  • Орхон аймагт - 13
  • Дархан-Уул аймагт - 11
  • Дорноговь аймагт - 1
  • Говьсүмбэр аймагт - 1 тохиолдол батлагдаад байна. 


2020.11.19-ний 11.00 цагийн байдлаарх халдварын тоог сануулъя. 
 

  • Улаанбаатарт - 18
  • Сэлэнгэ аймагт - 28
  • Орхон аймагт - 13
  • Дархан-Уул аймагт - 11
  • Дорноговь аймагт - 1
  • Говьсүмбэр аймагт - 1

Нийгэмд ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхаж, тэднийг бусдаас огт өөр хүн мэтээр  ойлгох явдал өдгөө ч арилаагүй хэвээр. Гей, лесби, трансжендэр гэх ойлголтыг хэн хүнгүй мэддэг болсон ч бодит амьдрал дээр хүлээн зөвшөөрдөг нь хэд байдаг билээ. Угтаа бол тэд харийнхан бус, бидэнтэй л адилхан хүн шүү дээ. Хэн нэгнийг хайрлах, хайрлуулах, баярлах, гуних гээд л хорвоогийн амьдралыг бусадтай л адилхан туулах хэдий ч бэлгийн чиг хандлагаараа гадуурхагдан, бие сэтгэлээрээ шаналж яваа олон хүн бий. Тэдний нэг болох Төмөртулгын Болдмагнай гэх гей залуугийн ярилцлагыг уншигчиддаа хүргэхээр шийдлээ. Тэрбээр өөрийн бэлгийн чиг хандлага, түүнээс үүдсэн хүнд хэцүү зүйлс, нийгмийн гадуурхлын талаар нээлттэй ил тод ярилцахыг хүсч, бидэнд хандсан. Өдгөө тэрбээр 31 настай, хувийн үйлдвэрт ажилдаг ба нэг охинтой ганц бие аав юм.

-Ихэнх ижил хүйстэн иргэд нэр, ажлаа нууцалдаг. Яагаад нээлттэй ярилцах болсныг юун түрүүнд асуухыг хүсч байна? 

-Хамгийн түрүүнд ижил хүйстэн хүмүүсийн талаархи нийгэм дэх буруу, сөрөг ойлголт их байдгийг та мэдэж байгаа байх. Гэвч нэгэнт дэлхий дахинд бэлгийн чиг хандлага нь төрөлхийн гэдгийг хүлээн зөвшөөрч, хүний эрхийн түвшинд авч үзэж байгаа. Тиймээс нэгэнт ижил хүйстэн болж байгалиас заяагдсан учир цаашид нууж явах нь утгагүй санагдсан учраас ярилцлага өгч өөрийгөө илчлэхийг хүссэн. Үүнтэй холбоотой их асуудал надад тулгарах байх. Гэхдээ би даваад гарч чадна гэдэгт итгэж байна.

-Анх гей гэдгээ хэдийд мэдсэн бэ? 

-Бүр бага байхдаа мэддэг байсан. За, бараг нэгдүгээр ангид байхдаа мэдсэн гэвэл та бараг итгэхгүй л байх даа. Эхний үед дандаа л охидтой хамт тоглодог байсан. Эрэгтэй хүүхдүүдтэй бараг тоглохгүй шүү. Тэгээд шилжилтийн насанд хүрэхэд охидыг ер сонирхохгүй. Ангийн маань царайлаг хөвгүүд таалагдаад л... 

-Гэхдээ та хүүхэдтэй гэсэн. Гэр бүл зохиож байсан гэсэн үг үү?

-Өдийг хүртэл л өөрийн төрөлх бэлгийн чиг хандлагаа нууж ирсэн. Өсвөр насанд ирэхэд найзууд шоолж, гэрийнхэн бас анзаарах гээд байх шиг санагдаад хүнд хэцүү үе эхэлж байлаа. Тэгээд бодож бодож эмэгтэй хүнтэй хуурамчаар үерхэж, өөрийнхөө байдлыг нууя гэж шийдсэн. Хайр сэтгэл, дурлал юу ч байхгүйгээр нэг бүсгүйтэй хүчээр шахам харилцаанд орж, азаар нөгөө эмэгтэй маань хүүхэдтэй болсон. Ингээд гэр бүл зохиож, гэрийнхэн болон ойр тойрныхноо хардлагаас бага ч гэсэн холдож чадсан. Гэвч сэтгэл байхгүй хүнтэй амьдрах, гэр бүл гэж явах үнэхээр хэцүү байсан учраас цаашид амьдарч чадахгүй гэдгээ үнэнээр хэлээд тусдаа амьдарч, охиноо өөрөө авч өсгөсөн дөө. Надаас шалтгаалсан тэр хуурамч гэрлэлтэд эмэгтэй хүний амьдралыг бас хохироож чадаагүй.

-Одоо найз залуутай юу? 

-Найз залуу байсан. Бид хоёр тусдаа байр хөлслөөд хэсэг маш жаргалтай амьдарсан. Хэдийгээр бусдаас нуугдаж, айдас хүйдэстэй амьдарсан ч гэсэн хайртай хүнтэйгээ хамт байна гэдэг хамгийн их аз жаргалтай үе байсан. Даанч найз залууг маань ажлынхан нь мэдснээс болоод маш их гадуурхагдаж, ажлынхаа согтуу залуучуудад хэвтэрт ортлоо зодуулаад амиа хорлох оролдлого хийж байв. Азаар амьд үлдсэн ч Монголд байж чадахгүйд хүрч, эрх чөлөөт орон руу явсан даа. Түүнээс хойш миний сэтгэл санаа ч маш хүнд байдаг болсоор өдий хүрлээ дээ /санаа алдав/ Монголын нийгэм үүнийг хүлээж авахад цаг хугацаа нэлээд шаардах байх. Тийм болохоор арай нээлттэй, бид нар шиг хүлээн зөвшөөрсөн тийм газар руу явсан нь ч зөв байсан байх.

-Гэхдээ та өөрийгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр илчилж байна. Үүнээс цааш өрнөх зүйлсэд бэлэн байж чадах уу?

- Монголоос зугтаад явсан найз залуугаа бодсон ч бэлгийн чиг хандлагаасаа болоод олон хүн өөрийгөө нууж шаналж яваа. Тиймээс өөрөөрөө ч болов “туг тахиж” эрхээ эрх чөлөөтэй эдлэхийг уриалахыг л хүссэн. Цаашид юу болохыг төсөөлөхгүй байна. Гэхдээ давж чадна л гэж найдаж байна.  

-Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх хууль гараасай гэж боддог биз дээ? 

-Заавал хууль гэхгүй ээ. Зүгээр л бид нарыг буруутгахгүй, үзэн ядахгүй, ялгаварлан гадуурхахгүй байхад л болно.   

-Охин нь одоо хэдэн настай вэ?

-Охин маань одоо 11 настай. Миний бэлгийн чиг хандлагад охин минь ямар ч буруугүй. Тиймээс би охиноо хүний дайтай сайхан өсгөнө гэж тэмцэж яваа. Гэхдээ ангийнх нь хүүхдүүд, найз нөхөд нь гадуурхаж эхлэхвий гэдгээс хамгийн их санаа зовниж байна. Одоогийн хүүхдүүд харьцангуй ухаантай ойлгох болов уу гэсэн итгэл л байна.

Top