SM ЗӨВЛӨЖ БАЙНА | Утсаар нүүр өргөх мэс засал

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

“SM” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг Zindaa.mn сайттай хамтран бэлтгэдэг "SM ЗӨВЛӨЖ БАЙНА" тогтмол буланд энэ удаад утсаар нүүр өргөх мэс заслын талаар мэдээлэл хүргэж байна.

-Залуужуулах эмчилгээний нэг болоод байгаа утсаар нүүр өргөх мэс ажилбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Утсаар нүүр өргөх гэдэг нь зориулалтын утас ашиглан нүүрний унжсан, суларсан, үрчлээтсэн хэсгийг дээш өргөх, нүүрний арьсыг татаж, чангалах зорилготой, косметик ажилбар болоод мэс ажилбарын хавсарсан процедур юм.  Өөрөөр хэлбэл энэ аргачлалыг арьс нь унжиж эхэлсэн ч, зүсэлт хийх шаардлагагүй хүмүүс сонгоход илүү тохиромжтой. Утас суулгаснаар арьсанд шинэ фибробласт эсийг үүсгэж коллаген, эластин ширхгийн нийлэгжилтийг өдөөж, арьсний гүн давхаргад цусны эргэлт түргэсэн, эдгэрэлтийн хариу урвалыг өдөөснөөр хөгшрөлтөөс хамгаалдаг. Мөн коллаген нь эсийн өсөлтийн хүчин зүйлийг нэмэгдүүлэн, цусны эргэлтийг түргэсгэн, нөхөн төлжилтииг хурдасгаж, арьсны уян хатан чанарыг дээшлүүлдэг.

Энэхүү мэс ажилбар маань ашиглаж буй утасны бүтэц болон хэлбэр хэмжээ зэргээс хамаараад үндсэн хэдэн хэсэгт хуваагдаж болно.

Үүнд :

  1. Энгийн PDO(Polydioxanone) утас буюу коллагентэй утас
  2. EZ Lifting буюу хайлдаггүй өргөст утас
  3. Art Lifting буюу хайлдаг өргөст утас

-“PDO” Утас буюу коллагентэй утсаар нүүр өргөх мэс ажилбарыг сүүлийн үед их хийх болоод байна. Дотроо бас их олон янз байдаг юм уу?

-Сүүлийн үед коллагентэй утсаар нүүр өргөх, үрчлээ арилгах мэс ажилбар гэх яриа ихээр гарах болсон. Энэ маань дээр дурьдсан энгийн PDO(Polydioxanone) утсыг хэлж буй хэрэг бөгөөд энэхүү “PDO” утаснууд маань дотроо мөн олон янз байдаг юм.

Жишээ нь “Омега” ба “Ультра” утас, эрчлээт буюу “Tornado”, “Cog Lifting” буюу өргөстэй утас гэх мэт утсуудыг өргөн ашиглаж байна. Мөн тэгээд үйлдвэрлэгч бүрийн бүтээгдэхүүний оноосон нэршлийн хувьд их олон янз болоод байна. Эдгээр утаснууд нь бүгд АНУ-ын FDA-ийн шаардлага хангасан хүний биед ямар нэгэн хорт нөлөөгүй бөгөөд тодорхой хугацааны дараа хайлж устан хүний биед ямарч үлзэц байдаггүй давуу талтай байдаг. Мэдээж бүрэн хайлж байхгүй болох учир хэдэн ч удаа давтан хийх бололцоотой гэдэг нь гол давуу тал юм.
Хүн нас ахих тусам арьсны чийрэг чанга байдал алдагдаж үрчлээтэн унждаг нь байгалын жам билээ. Учир нь арьсан дахь коллаген гэх мэт уургууд задран алдагдаж, мөн нүүрний өнгөн хэсгийн жижиг булчингуудын сулрал явагддагтай холбоотой юм. Энэхүү нүүрний сулрал, унжилтыг засахын тулд мэс засал, ботокс тариа хийх гэх мэт аргуудыг өргөнөөр ашиглаж ирсан боловч сүүлийн үед PDO(Polydioxanone) утаснууд гарснаар энэ салбарт шинэ эргэлт гарсан гэж болох юм.

Арьсанд шим тэжээл өгөгч PDO(Polydioxanone) утаснууд нь арьсны эпидермис болон булчингийн SMAS давхаргад байнгын цочирол өгч нөлөөлснөөр каллоген болон арьсны холбогдох уургуудын ялгаралтыг идэвхижүүлж арьсны чийрэг, толигор байдлыг эргүүлэн өгөх үр дүнтэй байдаг. Булчингийн SMAS давхарга гэдэг нь булчинг гадуур нь хучиж байрлахаас гадна нүүрний арьс болон булчин хоёрын холбогч эдийн үүргийг гүйцэтгэдэг юм. Энэхүү булчингийн SMAS давхаргад тогтмол цочироо өгч нөлөөлснөөр нүүрийг өргөх ба нарийн үрчлээг арилгахад маш үр дүнтэй байдаг.

-Тэгвэл нүүр өргөхөд ашигладаг хайлдаггүй утас гэдэг нь?

-Энэхүү мэс ажилбар нь олон жилийн өмнөөс хийгдэж ирсэн байдаг. Нүүрний унжилт харьцангуй бага байх, нүүр өргөх мэс засал хийлгэхээс айж эмээсэн хүмүүст гол төлөв энэхүү аргыг хэрэглэдэг. Уг мэс ажилбарын давуу тал нь мэдээж үр дүн өндөр байхын зэрэгцээ мэс засалтай харьцуулахад хөхөрч хавдах нь бага байдаг. Мөн идгэх хугацаа маш хурдан учир хийлгээд 1-2 хонгийн дараа энгийн амьдралдаа эргэн орох бололцоотой байдаг юм. Гэвч мэс ажилбарт ашиглагддаг тухайн утас маань хүний биед хайлж шимэгдэхгүй, байнгын үлдэх учир үүнээс үүдэлтэй зарим нэг сөрөг үр дагавар гарах тохиолдол байдаг нь уг мэс ажилбарын гол дутагдалтай талд тооцогддог.

-Эмчилгээний ажилбарын тухайд яаж хийгддэг бэ?

-Эмч болгон зорилгоосоо хамаарч өөр өөр утсыг сонгодог ба мэдээ алдуулах тос түрхэн арьсны өнгөц мэдэрхүйг алдагдуулна. Дараа нь тосыг авч антисептик уусмалаар нүүрийг арчиж ариутгаад тусгаарлаад хэсгийн мэдээ алдуулалт хийж утсыг cannula гэж нэрлэгдэх зүүгээр арьсны өөр өөр давхаргууд руу оруулна. Ажилбар 15-20 минутын хугацаанд хийгддэг, тэр дороо үйлчлүүлэгчийн нүдэнд харагдахуйц үр дүнгээ үзүүлдэг. Манай эмнэлгийн хувьд ажилбарын дараа арьсыг тайвшруулах эмчилгээг давхар хийж өгдөг.

-Тэгвэл ямар нэгэн сөрөг нөлөө, эрсдэл бий юу?

-Утас нь харьцангуй аюулгүй. Ажилбарын үед жижиг хялгасан судас таарч хагарсанаар хөхрөлт үүсэж болно. Мэдээж арьс цочирсон учир бага зэрэг хавдаж болно. Ноцтой сөрөг нөлөө үүсч болох ч энэ нь маш ховор тохиолдоно. Үүнд халдвар, нүүрний мэдрэл цочирох зангилаа үүсэх, шүлсний булчирхайн цоргоны гэмтэл зэрэг орно.

-Энэхүү утсаар нүүр өргөх ажилбарын өмнө ба дараа юуг анхаарах шаардлагатай вэ?

-Алкоголийн төрлийн зүйл уух, витамин Е, Омега3, 6 буюу загасны тос зэргийг эмчилгээний өмнө болон дараа 1-2 хоног хэрэглэхгүй байх мөн уурын өрөө, саунд суухгүй, хүчтэй дасгал хөдөлгөөн хэд хоногтоо хийхгүй байх шаардлагатай. Мөн амаа томоор ангайхгүй, хатуу ааруул зэргийн зүйл хүчтэй хазаж идэхгүй байх нь чухал. Эдгээр гамуудыг 3-4 долоо хоногийн турш барих хэрэгтэй байдаг. Мөн нүүрэнд даралт учруулахаас сэргийлж дээш харж унтах, Гоо сайхны иллэг массаж хийлгэхээс зайлс хийхийг зөвлөдөг юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгоо(202.9.40.155) 2023 оны 11 сарын 05

үнэ байршил

0  |  0
Этуг(59.153.113.244) 2023 оны 07 сарын 16

Сонирхож бнаа

0  |  0
Top