ОРХОН: Иргэдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх сэтгэл зүйч ажиллуулж байна

2020 оны 11 сарын 22

Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ /2020.11.22/ Өнөөдрийн байдлаар Орхон аймагт коронавируст халдвараар 17 иргэн өвчлөөд байгаа юм.


Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга С.Батжаргал "Бид явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах зайлшгүй шаардлага байна. Тиймээс богино хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангуудыг үйл ажиллагааг хязгаарлана. Гэхдээ зохион байгуулалтын хувьд иргэд рүү хүнс түгээх ажил дээр 65 аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллаж байна. Үүнд 198 түгээгч ажиллаж байгаа. Машинтай хөдөлгөөнийг хязгаарлаж чадаж байна. Гол нь иргэдийн явган хөдөлгөөнийг зайлшгүй хязгаарлаж, ариутгал, халдваргүйтгэл хийх, шинжилгээтэй холбоотой, дам болон давхар хавьтлуудтай холбоотой шаардлага байна. Санаа зовоож байгаа асуудал бол дам, давхар хавьтлаас халдвар илэрсэн асуудал байна. Үүнтэй холбоотойгоор явган хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч байгааг иргэд ойлгоорой.

Энэ цар тахалтай зөвхөн Онцгой комисс, төрийн албан хаагчид цэмцэж энэ өвчний ард гарахгүй ээ. Ард иргэдтэй хамтарч үүний ард гарна. Манай иргэдэд үүнийг ойлгох ухамсар бүрэн дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байгаа.

Маш хурдан хугацаанд төлөвлөгөөгөө гаргаж, ажлыг зохион байгуулж байна. Хатуу дэглэм удаан үргэлжлэхгүй гэж ойлгоорой. Гэхдээ энэ өвчин дэлгэрээд байвал үүнээс хатуу дэглэм рүү орохоос өөр аргагүй болно.

Иргэд ойлгомжгүй асуулт байвал 70359099 дугаартай холбогдоорой. Энэ дугаар дээр 10 оператор, сэтгэл зүйч сууж байна. Сэтгэл зүйч байх зайлшгүй шаардлагатай байна. Өвчний онош, шинж тэмдэгтэй холбоотой, иргэдэд яг тэр шинж тэмдэг илэрч байгаа мэт санагдах нийтлэг асуудал байдаг дэлхийн анагаах ухаанд. Тийм учраас үүнтэй холбоотой хүмүүсийн сэтгэл зүй, тайвшруулахтай холбоотой, дээрээс нь гэрийн хорионд байгаа иргэдийн өөрийгөө халдвар авчихсан байх вий гэсэн бухимдалтай холбоотойгоор сэтгэл зүйч ажиллуулж байна." гэв.

 

Top