ШИЙДВЭР: Бодлогын хүү 2 нэгжээр БУУРЛАА, цаашид орон зай ХУМИГДМАЛ

2020 оны 11 сарын 23

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос  /2020.11.23/  мэдэгдэл хийлээ. 

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгжээр бууруулж  6 хувьд хүргэх,  Заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 хувиар буулгаж 6 хувьд хүргэхээр шийдвэрлэжээ. Мөн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах зохицуулалтын шийдвэр хэрэгжих хугацааг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд чиглэсэн урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа.

Мөнгөний бодлогын хорооноос авч буй энэ багц  шийдвэрүүд цар тахлын үед эдийн засаг, банк,  санхүүгийн салбарт үүсэж буй сөрөг  нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэл дарамтыг бууруулахад чиглэж байна гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.

Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өмнөх хуралдаанаа 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр хийж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх; Урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм. 

 

Мөнгөний бодлогын МЭДЭГДЭЛ 

 

 

Бодлогын хүү, заавал байлгах нѳѳцийн хувийг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг сунгах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай

Дугаар: 2020/06

Огноо: 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэхүү хуралдаанаар:

Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх;

Банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох;

Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.

Энэ нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр  санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ.

Жилийн инфляц 2020 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрэв. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч, эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол  3-р улиралд уналт -3.1% болон саармагжиж, тѳлбѳрийн тэнцлийн тѳсѳѳлѳл сайжрав. Цар тахлын дотоод тархалтыг хумихаар 11-р сард тогтоосон хѳл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд урт хугацаанд эерэг нѳлѳѳтэй боловч богино хугацаанд эдийн засгийн үйл ажиллагааг хумьснаар сэргэлт удаашрах тѳлѳвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, түүхий эдийн захын үзүүлэлтүүд илэрхийлж байна. Эхний вакцинуудын амжилттай туршигдан дуусах шатандаа орж буй хэдий ч цѳѳнгүй улс оронд вирусийн хоёр дахь болон гурав дахь давлагаа үргэлжилж, эдийн засгийн цаашдын төлөвийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

“КОВИД-19” цар тахлын сѳрѳг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ. Монголбанк нь өрхийн болон аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хороо маш зоримог  шийдвэр гаргаж, Бодлогын хүүг бууруулснаа онцолж байна. Нэг ёсондоо цаашид  Бодлогын хүү буурах орон зай хумигдмал гэсэн үг юм. 

Бодлогын хүүг 2 нэгжээр бууруулан, 6 хувьд хүргэсэн шийдвэрийн талаар Монголбанкны  ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ Мөнгөний бодлогын хороо маш зоримог шийдвэр гаргасан гэж тодотголоо. Нэг ёсондоо цаашид  Бодлогын хүү буурах орон зай хумигдмал гэсэн үг юм. 

Санхүүгийн нөхцөл байдал эргэн хүндрэх юм бол Монголбанкны энэ шийдвэр хэр удаан үргэлжлэх вэ. энэ шийдвэрээсээ буцах уу гэдэг асуудал хүртэл яригдах учраас маш болгоомжтой хандаж байгаа.

Бодлогын хүүг 6 хувь дээр аваачсан нь бидний хувьд хамгийн доод, бууруулж чадах түвшиндээ аваачсан гэж ойлгож болно.

Төгрөгийн өгөөжийг зээлийн хүү, хадгаламжийн хүү, зах зээл дээр байгаа хүү л тодорхойлж явдаг. Тэгэхээр төгрөгийн өгөөжийг багасгах тусам Монгол шиг хөрөнгийн бирж хөгжөөгүй, дээр нь багахан хэмжээний харилцах хадгаламжаа хуримтлал бий болгож  байгаа хүмүүст сонголтгүй орчин байна. Сонголтгүй орчинд төгрөгийн өгөөжийг улам бууруулах юм бол мөнгөө гадагш гаргах гэх юм уу, янз янзын муу үр нөлөө байх эрсдэлтэйг хэллээ.

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа энэ оны эдийн засгийн төсөөллийг өмнөх есдүгээр сарын хуралдаанаар хийсэн төсөөлөл болох -2.6 хувиас -5.4 хувь болгон бууруулсныг  хэллээ.

Өмнөх тооцоо судалгаа төсөөллийг хийх үед цар тахалтай холбоотой эрсдэл харьцангуй тодорхой бус, гадаад талдаа  байсан. Дотоодод халдвар тархаагүй байсан. Тиймээс дөрөвдүгээр улиралд эдийн засаг 4 хувь, 2021 онд 8 хувийн өсөлттэй гарахаар төсөөлж байсан. Цар тахал дотоодод тархаж, эдийн засгийн идэвхжил сөрөг нөхцөл байдалд орж байгаа учраас оны сүүлээрх эдийн засгийн төсөөллийг -5.4 хувь болгож байна.

Худалдаа, үйлчилгээний салбарууд бууралттай байх төсөөлөл байгаагийн сацуу уул уурхайн салбар  хүлээлтээс буурсан нь эдийн засгийн төсөөллийг буурууллаа. Инфляцын хүлээлт өмнөх төсөөллөөс 1-2 пунктээр бага байх тооцоололтой байна. Ирэх жилийн эдийн засгийн төсөөлөл мөн урьдчилсан таамгаар 2 хувиар буурах магадлалтай гэв.

Банкуудын төгрөгийн Заавал байлгах нөөцийг бууруулсан шийдвэрийн нөлөөг тодотгоход, Мөнгөний бодлогын хорооны уг шийдвэрийн үр дүнд банкуудын 400 тэрбум төгрөг Заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдөж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр очих санхүүжилтийн эх үүсвэр болно гэсэн үг юм.

Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зохицуулалтын шийдвэр иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгаа ч нөгөө талаас урт хугацаанд үргэлжлэх нь банкны системийн хэмжээнд зээлийн тасалдал, хөрөнгийн дутагдал үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлэх үү.  Энэ үед мөнгөний урсгал аль аль талдаа хүртээмжтэй, хэвийн байх  нь чухал.  Мөнгөний бодлогын хороо банкны системийн хэмжээнд үүсэх эрсдэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах боломж, орон зай байна вэ? гэсэн асуултад:

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор банкны салбарт эрсдэл хуримтлагдаж, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаа. Монголбанкны зүгээс эдийн засагт нийлүүлэх санхүүжилтийн цонхуудад өөрчлөлт оруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах санхүүгийн зуучлалыг хэвийн хэмжээнд хадгалах, эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилтийг тодорхой түвшинд нь хадгалах гэсэн өөрчлөлтүүд хийгдэж байна. Энэ хүрээнд Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд дурдсанчлан харьцангуй урт хугацаатай дахин санхүүжилтийн хэрэгслийг  өмнөх  репо санхүүжилтийн хэрэгсэлд үндэслэн нэвтрүүлж байгаа. Энэхүү санхүүжилтийн дэмжлэг нь нөгөө талаасаа санхүүгийн нөхцлүүдийг зөөллөх өөрөөр хэлбэл эдийн засаг руу гарч байгаа санхүүжилтийн, зээлийн нийлүүлэлтийн өртгийг бууруулна. Сайн үр дагавар нь өрх , аж ахуйн нэгж дээр очиж тусна” гэлээ.

 

Top