Ерөнхийлөгч Шүүхийн багц хуулийн төслүүдээ татаж буйгаа мэдэгдлээ

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: 

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улс төржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгааг Та бүхэнд мэдэгдье.

Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөн.

Тиймээс шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүр хүний ёсоор үнэлэгдэж хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан, ажил хэрэгч санал, санаачилгыг хүндэтгэсэн, тус тусын эх оронтой мэт авирлахын оронд авах гээхийн ухаан зарж хамгийн оновчтой зөв бодлогыг олоход чиглэсэн, ийм ухамсар, соёл, хандлагад тулгуурласан байдлаар явагдвал зохих байлаа.

Тодорхой жишээ хэлье. Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. Цаг байгааг учраас ийм жишээг бүгдийг нь дурдах боломж байсангүй. Үүнийг ярихгүй юм уу, шударга ёсыг хуулиараа тогтоохгүй юмуу, шүүхийн хэрэглэдэг хуулиудад шударга ёсоо суулгаж, хууль ёсыг шаардахгүй юм уу гэ жард түмэн Та бүхнээс хүлээж байгаа.

Харамсалтай нь Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой, эрээ цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж, асуудалд хүч түрж, хэт улс төржсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй гэхээс өөр дүгнэлтгүй болгож байна.

Шүүхийн асуудал бол хэдэн шүүгчийн биш ард иргэдийн амьдрал, хувь заяатай холбоотой асуудал гэдгийг би сая хэлсэн. Би энэ зарчмын хүрээнд шүүхийн асуудалд хандаж байгаа, цаашид ч ингэж хандах тул элдвээр мушгин гуйвуулж, улс төржихгүй байхыг Монгол ардын намын бүлгийн гишүүдэд мөн анхааруулъя.

Мөн үүнтэй холбогдуулж нэг зүйлийг бас хэлье. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад оролцохдоо ч, мөн шүүхийн багц хуулийн төслийг боловсруулахдаа ч зөвхөн “шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулах” ганцхан зарчим баримталж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, Шүүхийн ёс зүйн хороо буюу одоо байгуулагдах сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох тодорхой бүрэн эрхүүдээс өөрийн биеэр татгалзаж, энэ чиглэлийн өөрчлөлтийг бүрэн дэмжсэн. Үүнийг энгийн ухамсрын түвшинд хэн бүхэн ойлгоно.

Магадгүй үүгээрээ би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна. Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол өөрийн бүрэн эрхийн мандатыг нийт ард түмнээс авсныхаа хувьд төр засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн тэргүүний хувьд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн  эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллах тэнцвэрийг хангахад дэмжлэг, нөлөө үзүүлэх эрхийг зүй ёсоор хадгалдаг цорын ганц албан тушаалтан байдаг. Энэ бол миний үзэл, дүгнэлт биш, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, шаардлага. Монгол Улс оршин тогтнох хэдэн зуун, хэдэн мянган жилийн туршид энэ үзэл санаа, зарчим, шаардлага хэрэгжсээр байх болно.

Тиймээс би цаашид энэ эрх, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд Та бүхэнд зохих шаардлагуудыг тавьж ажиллана.

Хуулиар хонгил бэлддэг нөхдүүд одоо ч мөн хуулийн аргаараа, мөн л шинэчлэлийн гоё сайхан уриагаар халхавчлан, нөгөө л зорилгынхоо төлөө улайран ажиллаж байгаа нь нууц биш, ил болсоор байна.

Үнэн юм шиг, үүнээс нь өөр гарцгүй юм шигээр итгэтэл нь ярьж олон нийтийг төөрөгдүүлдэг, үндэсний эрх зүй, хууль тогтоомжийг үл тоодог, дур зоргоороо өөрчлөхийг санаархдаг, уншсан ном автсан онол, соёлоо тулгадаг, төрийн бодлого болгох гэж улайрдаг, ард түмний амьдрал, өв уламжлал, онцлогийг үл тоомсорлодог, үндэстний болон өөрийн улсын оршин тогтнохын баталгаа, эрсдэлийг тооцох мэдрэмжгүй, тийм хэмжээнд асуудлыг харах чадваргүй, зарим талаар бүр ойлголт ч үгүй гэж хэлж болох нөхдүүд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үндэслэлийг элдвээр мушгин, өнгөрсөн жил оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдол, зорилгыг үнэгүйдүүлэх эрсдэл үүсгэж байгааг хууль тогтоогчид нухацтай ажиглаж анхаарах нь зөв өө.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөндөгдсөн нэг том асуудал бол шүүхийн асуудал мөн байсан. Шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулах, оновчтой хүртээмжтэй болгох чиглэлд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үндсэн зорилгын хүрээнд ажиллах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах зэрэг тодорхой ач холбогдол бүхий гурван нэмэлт, өөрчлөлт Монгол Улсын Үндсэн хуульд орж баталгаажсан.

Эдгээр нэмэлт, өөрчлөлтийн хоёрыг нь миний бие төрийн тэргүүний хувиар санал болгож, нэгийг нь зөвшөөрч дэмжсэнээр батлагдсан. Мөн энэхүү нэмэлт, өөрчлөлт Ерөнхийлөгчийн институц, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн бүлэг, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэд, олон нийт болон иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоо, нийгмийн томоохон хэлэлцүүлэг, зөвшилцөл, ойлголцлын үр дүнд батлагдсаныг мартах загасны ой санамжтай хүн энэ танхимд байхгүй байх гэдэгт би одоог хүртэл итгэж найдсаар байна.

Шүүхийн шинэчлэл аль хэдийн, тодорхой хэлбэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан өдрөөс эхэлсэн юм, УИХ-ын гишүүд ээ!

Тиймээс шүүхийн асуудлыг хэт улс төржүүлж, шинэчлэл өөрчлөлтийг эхлүүлж, удирдаж байгаа мэтээр өөрийгөө дөвийлгөн бусдыг гутаах гэсэн өчүүхэн зорилгоо орхи, үлгэрээ зогсоо, ашиг сонирхлоо тат, асуудалд нухацтай ханд. Үүний тулд Та бүхэн нөхцөл байдлаа эргэн харж, дүгнэ.

Өнгөрсөн хугацаанд юу болов! Нөхцөл байдал ямар байсан бэ?

Та бүхэн санах хэрэгтэй. Үнэхээр ард түмний шүүхэд итгэх итгэлийг бүрэн царцаасан, шүүх эрх мэдлийн нэр хүндийг шалдаа буулгасан, үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд зүй ёсоор хамаардаг нийгэм-төрийн байгууллын болон иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулахуйц туйлын хүнд, бусармаг байдалд шүүхийг оруулсан, анхаарч арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд шүүх эрх мэдэл орсон байсныг өнгөрсөн хугацаанд бид бүгд ярьсан, бүгдээрээ хэлэлцсэн юм.

Дүн өвлийн хүйтнээр Улсын Их Хурлын 5 гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёс тогтоох тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, 30 мянган иргэн дэмжин жагсаж байсныг Та бүхэн мартаагүй байх. Өнөөдөр эдгээр гишүүдийн зарим нь Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албан тушаалд ажиллаж байна.

Аливаа асуудал мөн шалтгаантай, бас шийдэлтэй байдаг. Монгол төрийн түүхэнд үндэсний эрх ашгийг дээдэлсэн, нэн чухалд тооцогдох олон бодлого нуран унаж байсныг бид бас мартах учиргүй ээ.

Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг 2012 оны 3, 5 дугаар саруудад Монгол ардын намын гишүүдээс олонх нь бүрдсэн, Д.Дэмбэрэл даргатай Улсын Их Хурал батлуулж байсан.

Эдгээр хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг томилж байх бүрэн эрхийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид олгож, үр дүн муутай, маш сул хариуцлагын тогтолцоог шүүхэд бий болгосон юм.

Үр дүнд нь Монголын төр хараат бус байдлын ард нуугдсан шударга бус шүүгч нартаа хариуцлага тооцож чадахгүй хэмжээнд хүрсэн, шударга бусын хонгил үүссэн, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүд хууль шүүхийн байгууллагыг авлигадан хүссэнээрээ хөдөлгөж, өөртөө үйлчлүүлэн ажиллуулдаг болсон зэрэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй ноцтой нөхцөл байдал бодитой бий болсон байсан. Үүнийг мөн л бүгд мэдсэн, нотлогдсон, шүүмжилсэн, арга хэмжээ авахыг шаардсан.

Хамгийн тодорхой жишээгээр Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон 17 шүүгчийн асуудлыг дурдъя. Өөр олон жишээ баримтыг шударга бусын хонгилоор ороод гарсан хүмүүс бас ярьдаг.

Хуулиар хийгдсэн, хараад суухад хэцүү, эвлэрээд явах боломжгүй ийм бусармаг байдлыг залруулах, шүүх эрх мэдлийн нэр хүндийг аврах, нийгэм-төрийн байгуулал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангах, дур зоргоо татаж, зөвхөн хуульд захирагдан ажиллахыг шүүх болон шүүгчдээс шаардах төрийн бодлого тухайн үед нэн чухал болоод байсныг өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэдэг, иргэдийн эрх, эрх чөлөөг дээдэлдэг хүмүүс бүрэн ойлгож байгаа.

Энэ хүрээнд төрийн бодлого гарсан. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гарч тус зөвлөлөөс зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээлгэсэн бөгөөд үүний хүрээнд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурал тухайн үед нь хэлэлцэн баталсан билээ.

Амаргүй цаг үед гарсан энэ хууль туйлын зөв биш байж болох ч тухайн цаг үедээ гаргахаас өөр аргагүй Монголын төрийн арга ядсан арга хэмжээ байсныг Та бүхэн мэдэх хэрэгтэй. Арга барсандаа хийсэн гэдгийг ярьж байна. Хууль шүүхийнхэнд цочроо өгч, хэсэг хугацаанд ч болов хуулиа барих гэж, шударга ажиллах гэж хичээхэд хүргэсэн энэ хууль ач холбогдлоо үзүүлсэн гэж боддог. Энэ бол зөвхөн миний биш чамгүй олон хуульч, өмгөөлөгчдийн илэрхийлсэн дүгнэлт.

Гэтэл сүүлийн үед шударга, сайхан байсан шүүхийн тогтолцоог нураасан юм шиг, Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн шүүгч нарыг хүссэнээрээ чөлөөлж, огцруулах эрх мэдлийг олж аваад түүнийгээ дур зоргын байдлаар хэрэгжүүлээд байгаа юм шигээр олон нийтийг илт төөрөгдүүлсэн, бодит байдлыг илэрхий мушгин гуйвуулсан үзэл суртлыг нийгэмд түгээж, шүүхийн шинэчлэл нэгэнт эхэлсэн, холбогдох хуулийн төслүүд Улсын Их Хурлын түвшинд хэлэлцэгдээд эхэлчихсэн байхад тусгайлсан хууль өргөн барьж, өөрсдөдөө тохирсон бяцхан улс төр хийж байгаа нь өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй санагдаж байна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил болон үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалж, аюулгүй байдлыг хангахад хяналт тавьж ажилладаг төрийн зөвлөлдөх байгууллага бөгөөд зөвлөлийн гишүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга 3 санал нэгдсэнээр шийдвэр гаргадаг хуультай.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аливаа асуудлыг энэ хүрээндээ харж, шийдвэрлэн ажилладаг болохоос шүүгчийн ёс зүй, мэргэжлийн алдаа, сахилгын зөрчил мэтийг хэлэлцдэг, ийм шалтаг шалтгаанаар, эсвэл бүр ямар ч үндэслэл шалтгаангүйгээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг, өөрсдийн үзэмжээр халж солих шийдвэрийг хуйвалдан гаргадаг өчүүхэн зорилготой байгууллага огт биш юм. Үүнийг хоёрхон хууль уншаад бүрэн ойлгож болно. Эрүүл ухаантай хүн бүр Үндэсний аюулгүй байдлын тухай болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиудыг уншаад энэ талаар маш тодорхой ойлголтыг авч чадна гэдгийг УИХ-ын танхимд онцлон хэлье.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын хүрээнд нэг удаа зөвлөмж гаргасан. Ямар асуудал үүсээд, яагаад ийм шийдвэр гарсан бэ? Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хадгалагдаж байгаа баримт материалтай зохих журмаар нь мөн танилцаж болно.

Хамгийн энгийнээр тайлбарлая. Бүх насаараа хөдөлмөрлөж зүтгэчихээд эцэст нь тэтгэврийн зээлд дарлуулан, чадан ядан амь зууж байгаа нийт ахмадуудын өрийг бүрэн тэглэх хэмжээний үр өгөөжтэй ард түмний баялаг, ордыг эзэмшиж, хууль шүүхийн байгууллагыг авлигадан өөртөө үйлчлүүлж, хоорондоо тэмцэлдэж байсан гадны иргэдийн зүй бус үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхлоор татагдан оролцсон, энэ үйлдлээрээ Монголын төрийн үнэлэмжийг үнэгүйдүүлэн, нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар бий болгох эрсдэл үүсгэсэн шүүгчдийн гэмт үйлдлийг таслан зогсоох, хуулийн өмнө хүн бүр тэгш байх Үндсэн хуулийн зарчим, шаардлагын дагуу зохих хууль, хяналтын байгууллагад шударгаар шалгуулах, энэ үйл ажиллагаанд албан тушаалын халдашгүй бүрэн эрхээ ашиглан аливаа байдлаар нөлөө үзүүлэхийг хориглох зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү зөвлөмжийг гаргасан юм аа.

Зөвлөмжийг Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн авсан бөгөөд бүрэн эрхээ түдгэлзүүлэн шалгуулсан зарим шүүгчдийн гэм буруу зохих түвшиндээ тогтоогдон, ял шийтгэлээ хүлээгээд явж байгаа бол гэм буруугүй нь тогтоогдсон шүүгчдийн бүрэн эрх зохих журмынхаа дагуу сэргэн, ажил, албан тушаалдаа хэвийн ажиллаж байна. Үүнийг мушгин гуйвуулаад, улс төржүүлээд байх огт шаардлагагүй ээ.

Хууль тогтоогчид Та бүхэн нөхцөл байдал, учир шалтгааныг цогцоор нь харж, бас бодож баймаар байна. Өнөөдөр юу болж байна, юу өөрчлөгдөв гэдгийг ч сайн бод!

Бас нэг зүйлийг бас тодорхой хэлье. Өнгөрсөн хугацаанд Монголын төр, ард түмний зовлон болж байсан нөхцөл байдлыг бүрэн өөрчиллөө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг нь хангах нөхцөл боломжийг бодитойгоор бүрдүүлсэн.

Тиймээс би өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төсөлдөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болдог хуулийн заалтыг тусгалгүйгээр хасаж, цаашид ийм хууль, ийм зохицуулалт шаардлагагүй гэдгийг тов тодорхой илэрхийлсэн.

Мөн үүнийхээ хамт иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг бүрэн хангах, шүүхэд итгэх иргэний итгэлийг бүрэн сэргээх хэмжээний шударга, үр дүнтэй тогтолцоо бий болгох шаардлагатай хэмээн үзэж, олон улсын жишигт нийцсэн, шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлж, хараат бус байдлыг нь бүрэн хангах хэмжээний маш тодорхой бодлого, зохицуулалтыг боловсруулсан.

Харамсалтай нь Монгол ардын намын бүлгийн улс төрийн шийдвэрээр миний өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэхгүй болж байна. Иймээс хууль тогтоогчид Та бүхэн асуудлыг олон талаас нь харж, нухацтай судлан, холын зорилго үгүй бол ойрын зовлон үл тасрахыг санан хичээж, бүтээлчээр ажиллах хэрэгтэйг энэ индэрээс сануулъя.

Би Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Энэ хуулийн төсөл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хуулан нэгтгэсэн, эдгээр хуульд байгаа ололт, дэвшилттэй зарим зохицуулалтуудыг хассан, хүчингүй болоод удаж байгаа 2002 оны Шүүхийн тухай хуулиас ашиг сонирхолдоо нийцсэн зарим зүйл, заалт, зохицуулалтыг сэргээн тусгаж, нэг ёсондоо ухралт хийсэн, шүүхийн хүрээний асуудал, шаардлагыг ул суурьтайгаар судлан дүгнээгүй, олон нийт, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээр огт хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, шударга ёс, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэн хүлээж байгаа иргэд, олон нийтийн итгэл найдварыг бүр мөсөн бөхөөх хэмжээний нэн хариуцлагагүй төсөл болсон гэж дүгнэж байна.

Монгол түмний хүсэн хүлээж байгаа шударга ёс, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг ийм хэмжээнд харж хийх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь бүрэн алдагдуулж байгаа юм. Үүнийг ганц би биш хууль зүйн салбарын чамгүй олон эрдэмтэн судлаачид, хуульчид хэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нийгмийн хөгжил, нийтийн эрх ашигт нийцүүлэн засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг давамгай илэрхийлж байгаагаас бүрэн харж болно.

Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр ганц шүүх эрх мэдэлд биш нийгмийн бусад салбаруудын хүрээнд ч мөн шинэчлэл, өөрчлөлт хийгдэж, улс орны хөгжил, ард түмний ахуй, амьдралд ахиц дэвшил гарч, тодорхой үр дүнд хүрэх ёстой. Асуудалд ийм байдлаар хандаад байж хэрхэвч болохгүй.

Хууль тогтоогчид Та бүхэн үүнийг анхаарч, шүүхийн багц хуулийн шинэчлэлд хандахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа, зорилгыг хатуу баримталж, асуудлыг нийт ард түмний эрх ашиг, аюулгүй байдлын үүднээс харж, ач холбогдлыг нь өргөн хүрээнд дүгнэж ажиллах хэрэгтэй, бас тийм шаардлагатай  байна гэдгийг онцлон сануулья.

Монгол ардын намын бүлэг, Улсын Их Хурлын ажлын хэсгийн зүгээс өмнөх Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг сайжруулна гэх зүйл ярьж, сурталдаж байгаа боловч хатуухан хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг илэрхий гажуудуулсан, Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зорилгын эсрэг гэж хэлж болох, нийгэмд шударга ёс тогтоох бус шударга бус байдлыг улам бэхжүүлэх ноцтой үр дагавар бүхий олон асуудалтай, хуучнаа хуулсан, ухарсан үзэл баримтлалын хүрээнд бичигдсэн хуулийн төслийг тухайн үзэл баримтлалаас нь ангид, тодруулж хэлбэл уг хуулийн үзэл баримтлалд огт тусгагдаагүй асуудлуудаар хачирлан сайжруулах боломж хууль зүйн хувьд байгаа эсэх нь эргэлзээтэй, Улсын Их Хурал энэхүү хуулийн төслийг батлагдсан үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхээр шийдвэрлэсэн байгаа нь завхралд хөтлөх хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад засаад сайжруулчихна гэсэн итгэл, үнэмшлийг огт төрүүлэхгүй байна.

Нөхцөл байдал ийм байхад миний өргөн мэдүүлсэн төслийг ач холбогдолгүй, эрх мэдлээ хамгаалах ганц хоёр заалттай, бусад нь хуулбар мэтээр сурталдаж суух нь хэр оновчтой вэ?

Би Та бүхэнд бас нэг зүйлийг тодорхой хэлье. Миний бие Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн ажлыг салбарын яам хариуцах нь зөв гэдэг байр суурийг баримталж, тодорхой арга хэмжээг авч ажилласан.

Тухайлбал, 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төсөлдөө санал авахаар манай Тамгын газарт ирүүлсэн байдаг. Мөн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Монголын Хуульчдын холбооноос шүүхийн багц хуулийн талаарх тодорхой санал, төслийг надад ирүүлж, хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчдын байр суурь, бодлогыг тусгасан хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг хүссэн.

Миний зүгээс эдгээр хуулийн төслүүдийг судлах ажлын хэсгийг байгуулж, салбарын яам болон мэргэжлийн холбооноос тус тус ирүүлсэн хуулийн төслүүдийн нэгтгэсэн буюу тодруулж хэлбэл Хууль зүйн яамны төслийг зөвтгөж, залруулсан хувилбарыг боловсруулан, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд тухайлан хүргүүлж, зарчмын зөрүүтэй асуудлуудыг судлан, олон нийт, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээр өргөн хүрээнд хэлэлцүүлж, ажил хэрэгч саналуудыг тусган, зөрчил маргаан багатай, оновчтой зөв бодлого, шийдэл бүхий хуулийн төслийг салбарын яам нь эцэслэн боловсруулж, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зөв гэдэг байр суурийг албан ёсоор илэрхийлсэн.

Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулсан хуулийн төслөө олон нийт, хуульчдаар хэлэлцүүлэх, эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн холбооны тавьж байгаа үндэслэл бүхий санал, шаардлагуудыг харгалзан үзэх, шийдвэрлэх арга хэмжээг огт авалгүй, нэг ёсондоо үл тоомсорлосон байдлаар алдаа завхрал ихтэй хуулийн төслөө шууд өргөн мэдүүлсэн. Тиймээс би хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчдын саналд үндэслэн боловсруулагдсан шүүхийн багц хуулийн төслийг бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Засгийн газрын төсөлтэй нэгтгүүлэн, сайн мууг нь сайтар шүүсэн, эрсдэл хийдэл багатай, оновчтой зөв хууль гаргахыг зорьсон. Харамсалтай нь Монгол ардын намын бүлгийн улс төрийн шийдвэрээр энэ боломж өнөөдөр бүрэн хаагдаж, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчдын санал ор тас хаягдлаа.

Хэдий нөхцөл байдал ийм хэмжээнд хүрч байгаа боловч би Монгол төрийн тэргүүний хувиар шүүхийн багц хуулийн шинэчлэлд анхаарч тусгах, Засгийн газрын төсөлд зохих ёсоор нь засаж залруулах шаардлагатай бодлого, зарчмын зөрүүтэй асуудлуудын талаар хууль тогтоогчид Та бүхэнд тодорхой тайлбар өгч, өргөн мэдүүлсэн төслүүдийнхээ хүрээнд Улсын Их Хуралд саналаа илэрхийлье гэж бодлоо.

Нэгдүгээрт. Шүүх эрх мэдэлд өнөөгийн улс төрийн намуудын арга барил, замналыг тулгаж огт болохгүй гэдгийг хэлье.

Засгийн газрын төсөлд энгийнээр хэлбэл улс төрийн намуудын их хурал шиг шүүгчдийн төлөөлөгчдөөс бүрдсэн “Шүүгчдийн зөвлөл” гэх бүтэц бий болгох, түүний бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн нийт шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг сонгож оруулах, энэ зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны  гишүүнийг тус тус сонгох, Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах зэрэг асуудлууд туссан.

Энэ нь шүүх эрх мэдлийн хүрээнд явцуу зорилго, эрх ашгаар нэгдсэн бүлэглэл, фракцуудыг хуульчлан байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн мэргэшлийн хороонд өөрсдийн төлөөллийг оруулж нөлөөллөө тогтоох гэсэн өрсөлдөөн тэмцэлд шүүгчдийг татан оруулах, ноёрхлоо тогтоож чадсан бүлэглэл, фракц нь бүхнийг мэддэг, шийддэг, бусад шүүгч нартаа нөлөөлдөг, хууль бус аливаа дарамт, шахалтыг үзүүлдэг нэн зохисгүй байдалд шүүхийг оруулах, шүүгч өөрийн эрх ашгийг хамгаалах шаардлагын үүднээс аль нэг бүлэглэл, фракцид эрхгүй татагдан орох, нэгдэх байдлаар хараат бус байдлаа бүр мөсөн алдаж, өнөөгийн байгаа нөхцөлийг улам дордуулах эрсдэлд хүргэнэ.

Өнөөдөр Монгол Улсад нийтдээ 520 гаруй шүүгч ажиллаж байна. Эдгээр шүүгчид эрх тэгш байж, ямар ч болзол шалгуургүйгээр саналаа илэрхийлж дотоод асуудалдаа оролцох эрх, боломжоор бүрэн хангагдсан байх ёстой. Үүнийг би өргөн мэдүүлсэн төсөлдөө бүрэн хангаж, тусгасан болно. Ялгааг нь олж хараарай. 

Хоёрдугаарт. Шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй гэдгийг хэлье. 

Засгийн газрын төсөлд Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгодог байх зохицуулалтыг тусгажээ.

Аливаа сонгууль оролцогчдоо тодорхой эрх ашгаар нэгдэх, түүндээ захирагдах,  хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох, өөр хоорондоо үүрэг хүлээх, үгсэл тохиролцол хийх, байнгын хамтын ажиллагаа үүсгэх зэрэгт зүй ёсоор түлхдэг бөгөөд үүнийг үгүйсгэх аргагүй, дэлхий нийтэд тогтсон зарчим гэж хэлэхэд болно.

Тиймээс Ерөнхий шүүгчийг сонгох тухай энэ зохицуулалт мөн л шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэлийг бий болгох бөгөөд үүнийг зөвшөөрч даамжруулбал Улсын дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан том, тодорхой бүлэглэл фракцуудыг хуулиар байгуулж, шүүх эрх мэдлийг хэдэн хэсэгт тасчин, Ерөнхий шүүгчдийг авч, ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгилоо байгуулдаг, түүнийгээ удирддаг хууль ёсны мэт зүй бус систем тогтоох аюултай.

Нөгөө талаас Ерөнхий шүүгчийг сонгох утга бүхий энэ зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг илт зөрчсөн, дур зоргын шинжтэй зохицуулалт хийх оролдлого гэдгийг мөн онцлон хэлэе.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 болгон өргөтгөсөн бол өргөн баригдсан хуулийн төслүүдэд энэ зөвлөлийн бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал томилохоор нэгэн адил тусгагдсан байгаа. Ийм нөхцөлд Ерөнхий шүүгчдийг ур чадвар, туршлагыг нь харгалзах тодорхой болзол, шалгуурын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулж, Үндсэн хуулийн дагуу томилох нь зөв болно.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1985 онд сайшаан баталсан Шүүхийн бие даасан байдлын талаарх үндсэн зарчмуудын 13-т “Шүүгчийг дэмжих буюу дэвшүүлэх тогтолцоо нь бодит хүчин зүйл, эзэмшсэн байх ур чадвар, туршлагад суурилсан байх ёстой” гэсэн байгааг олон улсаар удирдуулдаг хүмүүс олж хараагүй байна гэж ойлговол хэтэрхий гэнэн хэрэг болох байх.

Түүнчлэн Монгол ардын намын гишүүд Та бүхэн хууль тогтоох үйл ажиллагаанд хэт олонхоороо эрдэж, ингэж хүч түрэн, дур зоргын байдлаар хандах нь ямар эрсдэл дагуулж, ард түмний жигшил дургүйцлийг дээд зэрэгт хүргэдгийг өөрсдийнхөө 2017 онд баталсан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг будилаантуулах замаар зарим нэгэндээ хамаарч, хардагддаг олон зуун тэрбумын хохиролтой, 13 авлига, албан тушаалын хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгоход хүргэсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөсөө бүрэн харж болно.

Ийм хуулийг санамсаргүй хийчих, анзаарахгүй баталчих боломж байгаагүй.

Гуравдугаарт.  Шүүх зөвхөн шүүн таслах ажлаа эрхэлбэл зохих бөгөөд шүүгчид бас ямар нэг байдлаар давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй гэдгийг хэлье.  

Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.2, 49,3, 49.4, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгүүдийн хүрээнд шүүх буюу шүүгч зөвхөн шүүн таслах ажлаа эрхлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах” үндсэн зорилгынхоо хүрээнд бусад асуудлуудыг эрхлэхийг тодорхой харж болно. Тиймээс Та бүхэн Засгийн газрын төсөлд туссан Улсын дээд шүүхэд судалгаа, сургалтын ажил эрхлэх байдлаар захиргаа аж ахуйн шинжтэй үйл ажиллагаанд хутгалдан оролцох эрх олгож буй асуудалд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.

Миний өргөн мэдүүлсэн төсөл Үндсэн хуулийн сая дурдсан үзэл санаа, зохицуулалтыг тууштай баримталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэхээр боловсруулагдсан.

Дөрөвдүгээрт. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж огт болохгүй гэдгийг хатуу хэлье.  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 болгон өргөтгөж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий энэ байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь улам төгөлдөржүүлэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго байсан.

Гэтэл Засгийн газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-ыг орон тооны, 5-ыг нь орон тооны бус нөхцөлөөр ажиллуулах асуудлыг хуулийн төсөлдөө тусгасан бөгөөд энэ нь одоогийн байгаа нөхцөлөөс дээрдэх хувилбар огт биш юм. Тиймээс би өргөн мэдүүлсэн төсөлдөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг бүгд орон тооны байж, үр дүнтэй ажиллах нөхцөл боломжийг олгохоор тусгасан.

Тавдугаарт.  Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй гэдгийг хэлье.

Өнгөрсөн хугацаанд шүүгчид хариуцлага тооцох чиг үүргийг орон тооны бус зарчмаар ажилладаг Шүүхийн ёс зүйн хороо гэдэг байгууллага хэрэгжүүлж ирсэн.

Энэ хороо сүүлийн таван жилд буюу 2015 оноос энэ оны эхний хагас жилийн байдлаар давхардсан нийт тоогоор 1,943 шүүгчид холбогдох 1,303 гомдлыг хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, зөвхөн 18 шүүгчид л сахилгын шийтгэл хүлээлгэсэн үр дүнтэй ажиллажээ.

Энэ бол өнөөх хонгилын нэг үзүүр, тасалбал зохих ёстой сэжим гэдгийг харуулсан бодит үзүүлэлт. Ёс зүйгүй, шударга бус шүүгчид хариуцлага тооцож чаддаггүй энэ тогтолцоо төрөөс ямар алхам хийхэд хүргэснийг би дээр тодорхой дурдсан. Шүүхийн нэр хүнд ямар байгааг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хамгийн ихээр авилгад автсан, хүнд суртал нүүрлэсэн салбарын тоонд манлайлан явж байгааг тогтоосон судалгаа хүртэл байна.

Ийм байхад шүүхийг шинэчилнэ хэмээн хөөрцөглөж, гоё сайхан уриа лоозон болж яваа эрхмүүд шүүгчийн хараат бус байдал хэмээн ярьж дөвчигнөхөөс сахилга, хариуцлагыг нь дээрдүүлэх асуудлыг ор тас хөндөхгүй, ярихгүй байгааг нь би үнэхээр гайхаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон боломжийг ашиглаж, шүүгчийн хараат бус байдал болон сахилга хариуцлагын асуудлын торгон хил, хязгаарыг зөв тогтоож, иргэдийн итгэлийг хүлээсэн, эрхийг нь хангасан шударга тогтолцоог бүрдүүлэн, нэр хүндтэй шүүхийг байгуулахын төлөө ажиллаж, эрх зүйн шинэтгэлийн нэг том хэлэлцүүлэг, бодлогыг үүнд чиглүүлэх ёстой.

Харамсалтай нь миний өргөн мэдүүлсэн төсөлд тусгалаа олоод байгаа, олон улсын жишиг хандлагад бүрэн нийцсэн тодорхой бодлого, зорилтоос өөр санал, санаачилга огт алга.

Засгийн газар нь төсөлдөө Шүүхийн сахилгын хороог 9 гишүүнтэй байхаар, 9 гишүүнийх нь 3 нь орон тооны, бусад нь орон тооны бус нөхцөлөөр ажиллахаар тусгажээ. Үндсэн хуулийн шаардлагаар байгуулагдаж байгаа Шүүхийн сахилгын хороог одоо ажиллаж байгаа Шүүхийн ёс зүйн хорооноос огт ялгарахааргүй, ор нэр төдий байгууллага болгон, хонгилын тогтолцоог хамгаалж бэхжүүлэхээр санаархаж байгааг зүй бус эрх ашиг гэж дүгнэхээс өөр аргагүй байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зорилгыг эрх баригчид, Монгол ардын намын гишүүд хаана гээчихсэн бэ? Шударга ёс, шударга нийгэм, өөрчлөлт, шинэчлэлтийг горьдон хүлээж байгаа Монголын ард түмэнд үүнийгээ Та бүхэн тайлбарлах ёстой байх.

Нийтээр хэлэлцэж, зөвлөлдөж, зүтгэн байж хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ингэж үнэгүйдүүлэх, ач холбогдлыг нь алдагдуулах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хөсөрдүүлэх, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх бус өөгшүүлэх ийм бодлого нь өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлт мөн үү.

Би хувьдаа шинэчлэлт биш гэж үзэж байна. Тиймээс шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргах бие даасан хуулийн төслийг миний бие боловсруулж өргөн мэдүүлсэн. Энэ төсөлдөө Үндсэн хуулийн шаардлагаар байгуулагдах Шүүхийн сахилгын хороог орон тооны 12 гишүүнтэйгээр цоо шинээр байгуулахаар тусгасан бөгөөд шүүгчийн сахилгын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг мөрдөн шалгах ба шүүн таслах гэсэн 2 үндсэн чиглэлд, давхцалгүй хэрэгждэг байхаар зохицуулсан. Энэ бол олон улсад тогтсон, шүүгч хараат бусаар сахилга, хариуцлагын асуудлаа шийдвэрлүүлэх сайн жишгийг нэвтрүүлэх алхам байсныг онцлон тэмдэглэе.

Зургадугаарт. Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын дагуу ард түмэнд, түүний төлөөлөлд өгсөн эрхийг аархан булааж болохгүй гэдгийг хэлье.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэгдэж байх үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлж, томилгооны сонсгол хийж, гишүүдийн 3/2-оос доошгүйн саналаар томилох” зохицуулалтыг Үндсэн хуульд тусгахаар санал хураалт явуулахад чуулганд оролцсон 59 гишүүний 52 нь дэмжээгүйгээр энэ зохицуулалт унасан юм.

Гэтэл Засгийн газар төсөлдөө Улсын Их Хурлаар дэмжигдээгүй энэ зохицуулалтыг агуулгаар нь бүрэн сэргээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүнийг нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох эрхийг Хууль зүйн байнгын хороо хэрэгжүүлэхээр тусгасан нь ноцтой үр дагавартай, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх Үндсэн хуулийн зарчмыг илэрхий гажуудуулсан, бусармаг бодлого мөн боллоо.

Шулуухан хэлье. Энэ бодлого бол шүүх эрх мэдлийг Улсын Их Хурлын, үүгээр дамжуулан  Улсын Их Хуралд олонхийг бүрдүүлсэн намын, үүний дотор улс төрийн нам дахь уул уурхай, авлига, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой фракцийн хэсэг бүлэг улс төрчдийн эрхшээлд бүрэн оруулж, нураах гэж ядаж байгаа хонгилыг хуулиар хамгаалж, хуулийн дагуу сэргээн авч байгаа хэрэг бөгөөд өнө мөнхөд үргэлжлэхгүй ч өнөөдөртөө байгаа хэт олонхийн хүчээр Үндсэн хуулийг өшигчин, улайрч байгаа хэсэг нөхдийн энэ бусармаг үйлдэл нь өнөөгийн хямралыг дараагийн 30 жилд үргэлжлүүлэх болхи явдлын үндсэн суурь болно.

Тэд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг сонгож, томилсон саяхны жишгээ сайрхан, ил тод сурталдаж байна. Хүний эрхийн комисс бол Улсын Их Хурлын харьяаны байгууллага, тиймээс би ч бас энэ сонгон шалгаруулалтыг дэмжиж байна.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо зэрэг шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагыг Улсын Их Хурлын харьяаны байгууллагатай адилтгаж, олон нийтийг төөрөгдүүлэх байдлаар явцуу зорилго, сонирхлоо гүйцэлдүүлэх нь нэн зохисгүй бөгөөд зохимжгүй хийрхэл гэдгийг онцлон хэлье.

Улсын Их Хурлын сонгууль бүрийн дараа төрийн албанд халгаа сэлгээ өрнөж, албан хаагчдыг хямраадаг байсан бол одоо шүүх эрх мэдлийг савчуулж, шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдалд улс төрчид эрээ цээргүй халддаг болох нь. Үүнийг би эрс эсэргүүцэж байна.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх нь хэн ч үл зөрчих Монголын их цааз, Үндсэн хуулийн шаардлага гэдгийг хатуу анхааруулъя.

Эрх баригчид нь ийм ноцтой асуудалд шүүх эрх мэдлийг хөтөлж байгаа учраас би хуулийн төсөл өргөн мэдүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг Улсын Их Хурал томилохоор тусган, Үндсэн хуулийн зарчим, шаардлагын үүднээс томилох эрх бүхий байгууллага нь нэр дэвшүүлэх буюу сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байх, үүний оронд ард түмний төлөөлөлд зүй ёсоор хамаарах Монголын нийт хуульчдаас, 6,000 гаруй гишүүнтэй Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх, тэдгээрийг Улсын Их Хурал томилгооны сонсгол явуулсны үндсэн дээр томилж байхаар тусгасан.

Энэ нь мөн л засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг төгөлдөржүүлсэн, хуулиар хүрсэн ололтыг хадгалсан, эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад чиглэсэн зохицуулалт болж байгаа. Хууль тогтоогчид Та бүхэн 6,000 гаруй гишүүнтэй мэргэжлийн холбоог байнгын хорооноосоо байгуулагдсан ажлын хэсгийн 9 хүнээс дорд үзэж яав ч болохгүй гэдгийг дахин дахин анхааруулъя. Би зарим гишүүдийн сурталдаад байгаа Хүний эрхийн комиссын гишүүний сонгон шалгаруулалтыг жишээлэн хэлж байгаа юм шүү. Энэ бол тэс өөр байгууллага.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх, гишүүдийг нь сонгож томилох асуудлын хүрээнд тэгш байдлыг анхаарах шаардлага бас зүй ёсоор үүсч байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороонд нэр дэвшигчдийн зарим нь нийтийн сонсголоор ордог, Улсын Их Хурал дээр улалздаг, зарим нь буюу шүүгчдээс сонгогдож байгаа нь ордоггүй, олон нийтээс далдуур томилогдоод байж болохгүй юм.

Тиймээс шүүгчдээс сонгогдож байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг ядаж Улсын Их Хурлаар оруулж, танилцдаг байх нь зөв болно.

Долдугаарт. Шүүгч хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ багцаалддаг бус шударга мэдлэгээр хууль ёсыг тогтоодог байх шаардлагатай гэдгийг хэлье. 

Засгийн газрын төсөл нь эрүү, иргэний чиглэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийг аймаг, сум дундын шүүхэд тус бүр нэг шүүх болгон нэгтгэх зарчмыг баримталсан нь шүүхийг дагнан ажиллуулах чиглэлд нэгэнт хүрсэн өнөөдрийн амжилтаас ухарсан хэрэг болж байна.

Нүдний эмчээр шүд эмчлүүлэх гээд байгаатай адилтгаж болмоор ийм ухралтыг хийх нь хууль ёсны шүүхээр шүүлгэх иргэний эрхийн баталгааг улам дордуулна гэдгийг бодох хэрэгтэй. Би өргөн барьсан төсөлдөө шүүхийг дагнан ажиллуулах зарчмыг алдагдуулахгүй байх зохицуулалтыг бүрэн тусгасан.

Наймдугаарт. Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт иргэний хяналт хэрэгтэй юм бол иргэдийн төлөөлөгч нь мануухай шиг байж болохгүй гэдгийг хэлье. 

Батлагдсан цагаасаа хойш бодлого, зарчмынхаа хүрээнд хэрэгжээгүй нэг хууль байна. Энэ бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Агуулга, ач холбогдлоор нь дүгнэвэл хэрэгтэй хууль.

Харамсалтай нь Засгийн газар энэ хуулийг амилуулах, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, үүрэг оролцоог боловсронгуй болгох чиглэлд огт санаачилга гаргасангүй.

Шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд иргэний хяналт байх ёстой юм бол тодорхой үүрэгтэй байх шаардлагатай. Тиймээс би шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгах, энэ шаардлагыг давах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд нэгэн адил хамааруулах зэрэг тодорхой зохицуулалтуудыг тусгайлан зааж тусгасан.

Ингэж байж шүүх эрх мэдэл дэх ардчилсан ёсны тусгал болсон иргэдийн төлөөлөгчийн дуу хоолой шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын салшгүй хэсэг болж, түүний үндэслэгээг сайжруулах, хөгжүүлэх нэг хөшүүрэг нь болно гэж үзсэн юм.

Есдүгээрт. Шүүхийн шийдвэр албан захидлын хэмжээнд байгаад байж болохгүй гэдгийг хэлье.

Шүүхийн шийдвэр биелдэггүй, биелүүлдэггүй бусармаг байдлыг шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй авч үзэж, зохих бодлого, зохицуулалтыг тусгах ёстой, бас тийм шаардлагатай байгаа нь нэн тодорхой юм.

Тодорхой жишээ хэлье. 2016-2019 оны хооронд Захиргааны болон Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн төрийн байгууллага, албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нийт хэргийн 90 гаруй хувийг төрийн албан хаагчийг ажлаас хууль бусаар өөрчилж, чөлөөлсөнтэй холбоотой маргаан эзэлж байна.

Энэ хугацаанд  төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс 1,986  иргэн, төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах, чөлөөлөх, халах шийдвэр гаргасныг шүүх хянаж, 1,525 тохиолдлыг иргэний талд шийдвэрлэн, 13 тэрбум орчим төгрөгийн хохирлыг нэхэмжлэлийнх нь дагуу олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Гэвч шүүхийн шийдвэр нь биелэхгүй, биелүүлэхгүй байх үзэгдэл газар авч, энэ олон иргэдийг хохироосон хууль бус үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Хууль тогтоогчид Та бүхэнд ч өргөдөл, гомдол тасралтгүй ирж байгаа байх.

Харамсалтай нь Засгийн газар үүнийг огт анхаараагүй бөгөөд өргөн мэдүүлсэн төсөлдөө шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол заавал хэрэгждэг, түүнийг хэрэгжүүлдэг байхад чиглэсэн оновчтой бодлого, зохицуулалтыг олж тусгахыг эрмэлзээгүй болно.

Тиймээс би өргөн мэдүүлсэн төсөлдөө шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, шүүхийн шийдвэр гарсан бол заавал биелдэг, биелүүлдэг байхад чиглэсэн тодорхой зохицуулалтуудыг тусгасан.

Аравдугаарт.   Шүүхийг босоо удирдлагатай болгож болохгүй бөгөөд шүүгч шүүгчээсээ ч хараат бус байх ёстой гэдгийг хэлье.

Шүүгчийн хараат бус байдлыг хангахад юуны түрүүнд шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, шүүн таслах үйл ажиллагаанд нь хууль бусаар оролцож, дарамт шахалт учруулдаг байдлыг бүрэн халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай.

Шүүгч нь шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн хуульд захирагдаж, бусдаас, түүний дотор тухайн шүүхийнхээ ерөнхий шүүгч, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчдээс хараат бус байх ёстой юм.

Гэтэл Засгийн газар хуулийн төсөлдөө давж заалдах болон хяналтын шатны шүүх нь бүрэлдэхүүн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг тогтоолгох дүгнэлтийг гаргуулахаар Шүүхийн мэргэшлийн хороонд хандах, түүнийх нь үр дүнд шүүгчийг ажлаас нь чөлөөлөх, огцруулах хүртэл арга хэмжээ авч болох зохицуулалт тусгасан байх бөгөөд энэ нь шүүгчийг хараат бусаар ажиллуулах бус мэргэжлийн хариуцлагын арга хэмжээгээр дамжуулан шүүгчийг дээрээс нь дарамтлах, удирдах, хууль бус нөлөөлөл, шахалтыг үзүүлэх нөхцөл боломжийг хуулиар бүрдүүлэн өгч байгаа хэрэг болж байна.

Мөн Засгийн газрын төсөлд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчил гэх өнөөгийн хууль тогтоомжид байхгүй ойлголтыг зориуд бий болгож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хороонд хадгалагдах учиртай чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хамааруулж, шүүгчийг ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийнх нь хувьд шүүгчийн албан тушаалд тэнцэхгүй үндэслэлээр огцруулах бус чөлөөлөхөөр заасан байгаа нь шүүгчийг дээд шатны шүүхээс улам бүр хараат байдалд оруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлд Үндсэн хуулиар олгогдоогүй чиг үүргийг хариуцуулах учир дутагдалтай зохицуулалт бас байна. Ийм зориудын шинжтэй алдааг гаргахгүй байх, засаж залруулах өөрчлөлтийг би өргөн барьсан хуулийн төсөлдөө тусгайлан зааж залруулсан.

Арваннэгдүгээрт.    Шүүх эрх мэдэл хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн эрхшээлд байж болохгүй нь нэн тодорхой гэдгийг нотлон хэлье.   

Сүүлийн таваас долоон жилийн байдлаар шүүхэд хөрөнгө оруулалтын шинжтэй нэг ч төгрөг улсын төсвөөр хуваарилагдсангүй, шүүхийн хөрөнгө оруулалтыг Улсын Их Хурал улсын төсвөөс тогтмол хасаж ирлээ. Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдэлдээ саад учруулсаар байгааг харуулж буй хэрэг мөн бөгөөд Засгийн газрын зүгээс үүнийг даруй залруулж, шүүхийн үйлчилгээний чанар, үйл ажиллагааны нөхцөлийг нь сайжруулахад анхаарах ёстой байтал улам хамааралтай болгох бодлого, хуйвалдаан явуулж байгааг зөвтгөх аргагүй юм.

Засгийн газрын төсөлд шүүхийн бие даасан байдлыг хангахад анхаарч чиглэсэн дорвитой бодлого, зохицуулалт огт тусгагдаагүй, зөвхөн шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангах агуулга бүхий хэт ерөнхий, өнгөц бодлогоор асуудалд хандсан нь учир дутагдалтай байна.

Тиймээс би бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон эдийн засгийн баталгааг хангахад зориулагдсан төсвийг өмнөх жилийнхээс нь бууруулахгүй байх, тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндэслэл, тайлбарыг Улсын Их Хурал нь сонсдог, харгалзан шийдвэрлэдэг байхад чиглэсэн тодорхой зохицуулалтуудыг хуулийн төсөлдөө тусгасан.

Үүнийг хууль тогтоогч Та бүхэн анхаарч шүүхийн төсвийг хүрэлцэхүйц хэмжээнд төсөвлөдөг байх, шүүхүүдийг иргэдэд үйлчилгээ үзүүлэх наад захын стандарт шаардлагыг хангасан байртай болгох зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг нь тухай бүрт шийдвэрлэх замаар шүүхэд хандах хандлагаа өөрчлөх ёстойг хэлье.

Арванхоёрдугаарт. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бичиг хэргийн ажилтан болгох, төрийн тэргүүний зарлигийг Шүүхийн сахилгын хорооноос дуусгавар болгох хэмжээнд төр, ёсыг үгүйсгэсэн бодлогыг хуулиар гүйцэлдүүлж болохгүй гэдгийг мөн хатуу хэлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол иргэн Х.Баттулгын эрх биш юм. Би энэ үүднээс, ирээдүйн олон Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна.

Засгийн газрын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид томилуулахаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилж байх үүрэг хүлээх зохицуулалт туссан бол Шүүхийн сахилгын хороо шүүгчийг огцруулах, чөлөөлөх шийдвэр гарснаар тухайн шүүгчийг томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг өөрийнх нь оролцоогүйгээр мөн дуусгавар болж байх ёстой гэсэн зохисгүй үзэл суртал чамгүй тараагдаж байна. Энийг бас анхаараарай.

Эдгээрийн аль нь ч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, шаардлагад нийцэхгүй гэдгийг тодотгож, байж болох хэмжээнд, баримжаатайгаар асуудалд хандахыг зөвлөн, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнхээ гол бодлого, зарчмын асуудлуудын талаарх танилцуулгаа ингээд өндөрлөе.

Манай анхны ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай нэгэнтээ “хуульд үг нь байтугай таслал нь хүртэл утгатай байдаг” хэмээн хэлж байсныг Улсын Их Хуралд сууж байгаа хуульч гишүүд мэдэх байх. Хоёр хуулийн төсөлд цэг, таслал гэлтгүйгээр бодлого, зарчмын зөрүүтэй олон асуудал байна. Та бүхэнд хүсэл, эрмэлзэл байвал анхаарч, судлаарай гэж хэлье.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол ач холбогдол болсон шүүх эрх мэдлийн асуудлыг хатуу хөл хорио, онцгой дэглэм тогтсон, ард түмний элч болж ажиллах ёстой Улсын Их Хурлын гишүүд нь чуулганыхаа хуралдаанд өөрийн биеэр ирж, итгэл үнэмшлээрээ оролцох боломжгүй ийм үед, яаран сандран, цахим гэгч хурлаар, дэлгэцний цаанаас хоосон хөндий хэлэлцэхээр улайрч байгаа нь ямар эрх ашигт дөрлөгдсөнийг таах аргагүй буюу туйлын хариуцлагагүй, бас болчимгүй алхам болж байна.

Өнгөрсөн хугацаанд хууль, шүүхийн шинэчлэл гэх уриа лоозонд нийгмийг автуулдаг байсан боловч шударга ёс тогтох бодит өөрчлөлт гараагүйг иргэд олон нийт, ард түмэн мэдэж байгаа.

Хуулийн байгууллага, шүүх хараат бус, ямар нэг шахалт дарамтгүйгээр ажиллаад эхлэхээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар тонон дээрэмдсэн, Хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ хуу хамсан, уул уурхай, ашигт малтмалын лицензийг олноор эзэмшигч бүлэглэл, фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан, эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг, авлига, хээл хахуулийн мөнгийг газар, барилга, банк бус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг, монгол төрийн эрх ашгийг уландаа гишгэн гадны иргэн, аж ахуй нэгжтэй үгсэн хуйвалдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд өнөөдөр шүүх, хуулийн байгууллагад өөрсдийн хяналтийг тогтоох зорилгоор увайгүйгээр дайрч, Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхээр чармайж байгаа нь ил  тод болж байна.

Энэ нь улсын хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн томоохон ордууд болох Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойг тойрсон МАНАН бүлэглэлийн 7 Ерөнхий сайдаар толгойлуулсан улс төр, бизнесийн бүлэглэл, фракцуудын оролцоогоор нэн идэвхтэйгээр хийгдэж байгаа нь тодорхой боллоо.

Мөн бусармаг аргаар хөлжсөн, хөрөнгө орлогоо нотлон тайлбарлаж чадахгүйд хүрсэн, түүнийгээ нууж хаах боломжгүй болсон, уул уурхай, авлига, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, хэсэг улс төрчдийн явуулга гэж үзэхээс өөр арга алга.

Та бүхэнд хандаж хэлэх миний үг ингээд дуусаж байна. Эцэст нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхийлөгчид хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох, тодруулбал “Хууль санаачлахаас гадна Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих, Үндсэн хууль зөрчсөн хууль тогтоомжийн талаар Цэцэд хүсэлт гаргаж хянуулах” зэрэг тодорхой боломжуудыг олгосон байдаг тул цаашид энэ хүрээнд шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудалд анхаарч, ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж ажиллана.

Монголын ард түмэнд хүний ёсоор амьдарч, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх чин хүсэл, мөнхүү хүлээлт байгаа. Ямраар хариулах нь өнөөгийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүний ёс зүй, нам бүлгийнхээ эрх ашгийг урдаа барин улс төржөөд байдаггүй аливаад эрүүл ухаанаар хандаж чадах гишүүдийн оролцоо, хүч түрэн бяралхдаг бус үнэн бодит байдлыг дүгнэж ард түмэндээ үйлчлэх ухамсар, чадвар бүхий төрийн түшээдийн алсын хараа, бодлого, зүтгэлээс шууд хамаарна.

Хэрхэхийг эрхэм гишүүд Та бүхэн мэдэхтүн.

Мөнх тэнгэрийн хүчин дор шударга ёсны зам мөр цагаан байж бүх хүнд тэгш хүрэх болтугай” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
zochin(202.179.25.147) 2020 оны 11 сарын 27

setgegdel yaachichvaaaa

0  |  0
Top