Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn веб сайтаар бүртгэж, шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлээс орон нутагт буцах иргэдийн шинжилгээг нийт 20 цэгт авч байгаа ба зарим цэгт хүний бөөгнөрөл үүсэж, эмх замбараагүй байдал бий болж байгааг иргэд шүүмжилж байна.
Ялангуяа өнөөдөр өглөө ийм дүр зураг нэлээд хэдэн газарт анзаарагдлаа.
Коронавирусний халдвараас сэргийлэх нэг арга нь хүн хоорондын зай барих юм. Гэтэл шинжилгээ өгөхөөр дугаарлаж буй иргэд хүн хоорондын зай бариагүй, бие биенээ дулаацуулахын тулд тэврэлдэх, маскаа буруу зүүх зэргээр хувь хүний үүднээс харахад хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа талаар тэнд очсон иргэд дундаас бичиж байна. Энэ нь халдвар тархах маш эрсдэлтэй нөхцөл байдал гэдгийг хүмүүс тэр бүр ойлгож, ухаарахгүй байна.
Үүнээс гадна 119.mn сайтаар шинжилгээний цаг авсан иргэн тухайн цагтаа очиход “Ирсэн дарааллаараа шинжилгээ өгнө" гэх мэт шаардлага тавьсан нь асуудал дагуулж байгаа бололтой. Энэ маргаан бас хоёр талтай юм.
Иргэдийн зүгээс удаан хугацаанд дараалалд зогсмооргүй байна, 119.mn сайт ажиллахгүй байна, шинжилгээ өгөх газрын хаяг, мэдээлэл дутмаг байна гэхчлэн бухимдаж байгаа бол нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газрууд цаг олгосон байдал нь зөвхөн нэг хүнд зориулагдсан хугацаа биш гэдгийг тайлбарлаж буй. Мөн гурав болон түүнээс дээш насны хүүхэд шинжилгээ өгөх ёстой гэж заасан тул хүүхдээ дагуулан дараалалд зогсох нь ханиад томуунаас эхлээд өвчин авах эрсдэлтэй байгааг иргэд шүүмжилж байна. Зарим хүүхдийг эцэг, эхийнх нь шинжилгээ өгөх цэгээс өөр цэгт хуваарилсан тохиолдол ч гарчээ.
Албаны хүмүүс үүссэн асуудалд "Шинжилгээний цаг аваагүй, маргаашийн цагтай хүмүүс өнөөдөр давхардаж ирснээр хүндрэл учруулж, бөөгнөрөл үүсгэж байна" гэсэн тайлбар өгч байна. Ерөнхийдөө бол зохион байгуулалт, иргэдийн ухамсар гээд тал талын л хариуцлагагүй байдал нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа хэлж болно.
Муугаар бодоход энэ мэт замбараагүй байдал үүссэнээр халдвар авсан иргэний одоо өгч байгаа шинжилгээний хариу сөрөг гарсан ч дараа нь эрсдэлтэй нүүр тулах магадлал өндөр үлдэж байна л гэсэн үг. Учир нь коронавирусний нууц үе гэдэг хамгийн аюултай шинж тэмдгийг мартаж болохгүй.
Нөгөөтэйгүүр, иргэд 119.mn сайтад бүртгүүлж, цаг авсны дагуу заасан цэгүүдэд очиж байгаа. Цаг авна гэдэг нь тухайн ганцхан хүнд зориулсан зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тодруулбал, шинжилгээ өгөх газарт 500 хүн хуваарилагдсан байлаа гэхэд тэдгээр иргэдийг ажлын цагт хуваан, дунджаар багцлан цаг олгосон тул (Жишээ нь, 09:00-10:00 цагийн хооронд эхний 50 хүнд гэх мэт) тухайн олгогдсон цагт ирсэн хүмүүс биеэр ирсэн дарааллаараа зай барьж, дугаарлан шинжилгээ өгнө гэсэн үг болохыг дүүргийн Эрүүл мэндийн газрууд тайлбарлав.
Сануулахад, арваннэгдүгээр сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу 86 мянга орчим хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутан байна. Дунджаар 100 мянга орчим иргэн хөдөө орон нутаг руу зорчино гэсэн үг.
Гэтэл ийм зохион байгуулалтгүй, халдвар хамгааллын дэглэм сахиагүй нөхцөлд шинжилгээ өгсөн иргэдийн дунд халдвар тархвал яах вэ. Эдийн засгаараа дэнчин тавьж, хөл хорьж, өдөр шөнөгүй нойр хоолоо хасч ажилласан алба хаагчдын хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгө талаар болно шүү дээ.
Нийслэлийн хувьд шинжилгээний нэг цэгт гурван байцаагч зохицуулалт хийж байгаа аж. Зохион байгуулалтын зарим нэг алдаа байгаа ч шинжилгээ өгөхөөр очсон иргэд бөөгнөрөл үүсгэж байгаа нь цэвэр хувь хүний ухамсартай холбоотой. Өдөр бүр албаныхан “Хүн хоорондын зай барь, маскаа зөв зүү” гэж сануулсаар байхад бөөгнөрч асуудал үүсгэсэн иргэд өнөөдөр өөрийгөө маргааш, өрөөлийг хорлоно гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс нэг хувь хүнээс авахуулаад бүх шатны албан тушаалтнууд, ажил, үйлчилгээ зохион байгуулагчид онцгой анхаарах хэрэгтэй байна.
Төрийн ажлыг, төрийн шийдвэрийг дунд шатандаа алдаагүй хийж, хэрэгжүүлмээр байна. Хариуцлагатай баймаар байна. Ингэж гарсан шийдвэр болгоны ард хүн бөөгнөрүүлээд, бухимдуулаад байх юм бол бусад нь мянга сайхан дэглэм бариад, мянга сайхан шийдвэр гаргаад, хөл хориод ямар ч үр дүнгүй үлдэнэ.
Нэмж хэлэхэд, халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргана. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах байдлаар зохицуулалтад оруулжээ. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд ч мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдах юм.