Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов.
Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж, 10 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд халдвараас сэргийлэх, тархалтыг зогсоох зэрэгтэй холбоотой ямар арга хэмжээ (худалдаа, үйлчилгээ, аймаг доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэх мэт) авч хэрэгжүүлэхээ тухайн аймгийн Онцгой комисс, Засаг дарга шийдвэрлэх юм. Гэхдээ олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээг орон даяар хориглосон хэвээр байна. Төрийн болон хуулийн этгээдийн ажлыг тусгай горимд шилжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аймаг хооронд, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах зэргийг сайд нар болон агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.
Мөн халдварын голомтот бүсэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах, хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах байр, хяналтын цэг, эргүүл, хяналт шалгалтын чиглэлээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, дотоодын цэргийн 4143 алба хаагчид урамшуулал олгохоор Засгийн газар шийдвэрлэжээ.