Хөрөнгө оруулагчдын маргаантай зэрэгцэн ТУСГАЙ ХОРОО байгуулах шийдвэр гарлаа

2020 оны 12 сарын 01

Оюутолгой төслийн Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх талаар  хөрөнгө оруулагч талууд болох “Рио Тинто”,  “Туркойз Хилл Ресурс” компаниудын дунд асуудал үүсээд байгаа билээ.

Тэгвэл “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах зорилгоор Тусгай хороо байгуулах шийдвэрийг өчигдөр /2020.11.30/ гаргажээ. Тусгай хороо нь Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүрэгтэй аж.

Тусгай хороо дөрвөн гишүүнтэй ажиллах аж. Тодруулбал,  “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэх юм байна. Түүнчлэн  төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэсэн байна.

Тодотгоход, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад эхний тооцооллоор  5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байсан. Харин “Рио Тинто” компани далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэх тооцооллыг 2019 оны долоодугаар сарын 16-ны өдөр мэдээлсэн юм. Зардал нэмэгдэхээс гадна ашиглалтад орох хугацаа төлөвлөснөөс  16-20 сараар хойшлох тухай мөн мэдэгдсэн юм.

Сануулахад, Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулаад байгаа.

“Туркойз Хилл Ресурс” компани  “Рио Тинто” компанитай 2020 оны есдүгээр сарын 9-ний  өдөр Оюутолгойн Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаа заавал биелүүлэх шаардлагатай гэрээ биш болохыг тодотгосон.

Санамж бичигт    “Туркойз Хилл Ресурс” гол хөрөнгө оруулагчийн хувиар олон улсын санхүүгийн байгууллагуудаас 500 хүртэлх сая ам.долларын нэмэлт санхүүжилт босгохоос гадна хувьцааны санхүүжилтээр бусад шаардлагатай санхүүжилтийг босгох тухай агуулгыг тусгасан юм.

“Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Ульф Куэльман хэлэхдээ “Бид Рио Тинтотой байгуулсан Санамж бичгийн хүрээнд Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэхээс илүүтэй  хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцтэй байдлаар бүрдүүлэхээр зах зээлд оролцогчидтой хамтран ажиллаж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тодруулбал, “Туркойз Хилл Ресурс” Санамж бичигт тусгасны дагуу хувьцааны санхүүжилтээр хөрөнгө босгох бус олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө татах тухай асуудалд анхаарал хандуулж буйтай зэрэгцэн Тусгай хороо байгуулах шийдвэр ийнхүү гарлаа.

Төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрын зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан Тусгай хороо байгуулах шийдвэрийг дэмжиж буйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top