ОХУ-д вакцинжуулалт эхлэх тухай зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Орос дахь коронавируст халдвараар нас барагсдын тоо дахин нэмэгдэн дээд хэмжээнд хүрч, “Собачье сердце” кинонд эмч Борменталийн дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Борис Плотников энэхүү тахлын улмаас таалал төгссөн аж. ОХУ-д коронавируст цар тахал эхэлснээс хойш нийтдээ 2347401 халдвар бүртгэгдэж, 1830349 өвчтөн эдгэрч, 41053 хүн хорвоог орхиод байна.

Халдвар болон нас баралтын динамик үзүүлэлтүүд

Оросын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, сүүлийн хоногт  халдварт цар тахлаар 589 өвчтөн нас барсан нь тус улсад ковид өвчлөл бүртгэгдэж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнгөрөгч өдөр Ковид-19 халдварын 25345 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн үеийн хамгийн бага үзүүлэлт болж, 26882 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт 23675 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол пүрэв гарагт энэхүү үзүүлэлт 25487, баасан гарагт 27543 болж дээд үзүүлэлтэд хүрсэн аж. Үүнээс хойш гурван өдөр дараалан хоногийн үзүүлэлт ялимгүй буурч байснаа энэ долоо хоногийн мягмар гарагт бага зэрэг нэмэгдэн 26402 хүрсэн бол лхагва гарагт нэг мянган тохиолдлоор буурсан байна. Шуурхай штабын мэдээллүүдээс харахад, Москва хот дахь өвчлөлийн динамик үзүүлэлт мөн багасаж, хоногт 5191 шинэ тохиолдол бүртгэгдэн, 6575 өвчтөн эдгэрсэн аж. Санкт-Петербург хотод коронавируст халдвартай холбоотой статистик үзүүлэлтүүд онцын өөрчлөлт гаралгүй, ойрын хоёр хоногт 3684-3697 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын эхлэл

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дараа долоо хоногийн сүүлч гэхэд бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажиллагааг эхлэхийг даалгажээ. Тэрбээр эхний ээлжинд эмч, багш нарыг вакцинд хамруулахыг мэдэгдээд, вакцинжуулалт үнэ төлбөргүй бөгөөд сайн дурын үндсэн дээр хийгдэх талаар дурдсан аж. Орост ойрын хугацаанд хоёр сая гаруй тун вакцин үйлдвэрлэх талаар Ерөнхийлөгч мэдэгдээд, “Дэлхийд хамгийн түрүүнд бүртгэгдсэн “Спутник V” вакцины хоёр сая тун манайд аль хэдийн үйлдвэрлэгдсэнийг би мэдэж байгаа. Мөн ойрын өдрүүдэд дахин тийм хэмжээний тунг үйлдвэрлэх болно” хэмээн Батлан хамгаалахын олон үүрэгт эмчилгээний төвүүдийн нээлтэд зориулсан цахим хурлын үеэр өгүүлсэн байна. “Энэ нь бидэнд бүх нийтээр байг гэхэд, өргөн хүрээт вакцинжуулалт эхлэх боломжийг олгож, урд өмнө ярилцаж тохиролцсоны дагуу хамгийн эрсдэлт хоёр бүлэг болох эмч, багш нарыг эхний ээлжинд хамруулах юм. Энэхүү алхмыг хийхэд та бүхэн бэлэн гэж үзэж байгаа бол дараагийн долоо хоногийн сүүлч гэхэд өргөн хүрээт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх зохион байгуулалтыг хийхийг хүсэж байна” гэж Путин Шадар сайд Татьяна Голиковад хандсан аж.

Кудрин өвчилж, Матвиенко тусгаарлалтад байна

“Собачье сердце” кинонд Борменталь эмчийн дүрийг бүтээснээрээ алдаршсан Ардын жүжигчин Борис Плотников коронавируст халдварын улмаас 71 насандаа таалал төгссөн тухай Оросын Театр урлагийн Дээд сургууль /ГИТИС/-ийн ректор Григорий Заславский мэдээлжээ. Талийгаач жүжигчин тус сургуульд ур чадварын хичээлийг удирддаг байсан бөгөөд цар тахлаар өвчлөн, долоо хоногийн турш амьсгалын аппаратанд байсаар нас барсан аж. Коронавируст халдвараар өвчлөгсдийн дунд ОХУ-ын Тооцооны танхимын дарга Алексей Кудрин оржээ. Тэрбээр 2000-2011 онд 11 жилийн турш Оросын Сангийн яамыг толгойлж, мөн Засгийн газрын дэд даргаар ажиллан, “Кудрины дүрэм” хэмээн нэрлэгдсэн Тогтворжуулах санг үүсгэн байгуулж, төсөв татвартай холбоотой нэлээн шинэчлэлийг хийсэн юм.

Кудрин өнгөрөгч бямба гарагт Бүх Оросын иргэний форумын хуралдаанд оролцсон бөгөөд тухайн үед Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко халдвартай хүний хавьтлын хувьд өөрийгөө тусгаарлаад байсан аж. Харин Ерөнхийлөгч Владимир Путин халдвар авсан Кудрин болон Матвиенкотой биечлэн уулзаагүй талаар түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна.

Петербургт музейнуудыг хааж, ресторануудын үйл ажиллагааг хязгаарлана

Санкт-Петербург хотод арванхоёрдугаар сарын 30-наас ирэх нэгдүгээр сарын 10 хүртэл музей, театрууд үйл ажиллагаагаа зогсоохоор болжээ. Мөн элдэв төрлийн үзэсгэлэн, концертод үзэгчид цуглуулахыг эрх баригчдын зүгээс хатуу хориглож, Ленинградын зоопаркийг хаан, автобустай аяллын хөтөлбөрүүдийг цуцалсан байна. “Театр, урлагийн бусад байгууллагууд, мөн музейнууд 65-аас дээш насны иргэд болон тусгаарлалтын дэглэмийг сахих шаардлагатай архаг өвчлөл бүхий иргэдийн урьдчилж авсан тасалбарын үнийг бүтнээр нь буцааж өгөхийг даалгасан” хэмээн тус хотын захирагчийн албаны мэдээлэлд дурджээ.

Арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 3-ны хооронд ресторан, нийтийн хоолны газрууд бүрэн хаагдаж, арванхоёрдугаар сарын 25-29, нэгдүгээр сарын 4-10-ны хооронд кафе 19 цаг хүртэл ажиллахаар болсон байна.  Харин үйлдвэрүүдийн хоолны газар, захиалга хүргэлтийн үйлчилгээ, төмөр замын буудал болон нисэх буудлууд дээрх зоогийн газрууд, шатахуун түгээгүүр дээрх хоолны газруудад уг хязгаарлалт хамаарахгүй аж.

Баста-гийн төлөө шийтгэл хүртжээ

Петербургийн Соёлын хорооны дарга Константин Сухенко тус хотод зохиогдсон томоохон концертуудын дараа шийтгэл хүртсэн байна. "Шинэ коронавирусын халдварын тархалтыг зогсооход чиглэсэн арга хэмжээг дагаж мөрдөх талаар соёлын байгууллагуудын үйл ажиллагааг хангалтгүй зохицуулсны төлөө Санкт-Петербургийн Соёлын хорооны дарга Константин Сухенкод шийтгэл оногдуулав" хэмээн хотын захиргааны вэбсайт дээр бичжээ.Өнгөрөгч долоо хоногт Петербург хотод хөгжмийн хэд хэдэн арга хэмжээ явагдсаны дотор рэпер Василий Вакупенко /Баста/-гийн хоёр ч концерт тоглосны нэгд нь л гэхэд ойролцоогоор 6000 орчим үзэгчид цугларсан аж. Уг арга хэмжээнүүд эрх баригчдын зүгээс тавьж буй шаардлагад нийцүүлэн зохион байгуулагдсан хэдий ч халдварт цар тахлын ид оргил үед олон мянган хүнийг нэг дор цуглууллаа хэмээн рэпер дуучинг олон нийт хатуухан шүүмжилсэн байна.  Харин Баста халдвар хамгааллын бүхий л дүрмийг ягштал мөрдсөн гэж өөрөө батлан, тоглолтын үеэр ямар нэгэн зөрчил гараагүй хэмээн хотын Соёлын хорооны зүгээс ч мэдэгдсэн аж. Рэпер дуучны концерт тоглосон Мөсөн ордон арванхоёрдугаар сарын 1-нээс түр хугацаанд хаагдаж байгаа бөгөөд Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын зүгээс цар тахлын үеийн журмыг зөрчсөний төлөө уг ордонг шүүхэд өгөхөөр болжээ.

Амны хаалт бүхий шинэ жилийн чимэглэлүүд

Красноярскийн шинэ жилийн чимэглэл тоглоом үйлдвэрлэдэг “Бирюсинка” фабрик хамгаалалтын маск бүхий гацуурын чимэглэл үйлдвэрлэжээ. Бүх тоглоомуудыг гар ажиллагаагаар бэлтгэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дунд асар их эрэлт хэрэгцээг үүсгэсэн учраас тус үйлдвэрийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллахад хүрсэн байна. Шинэ коллекцийн тухай мэдээлэл түгсэн даруйд эрэлт хэрэгцээ огцом өсөж, “Энэ бүтээгдэхүүн урд хожид байгаагүй эрэлт хэрэгцээг үүсгээд байгаа. Бид өдөрт 100-120 ширхэгийг бүхий л боломжоороо гаргахыг хичээж байна” гэж үйлдвэрийн орлогч дарга Артем Денисович өгүүлжээ. Оросын ихэнх компаниуд буюу 81 хувь нь Шинэ жилийн арга хэмжээ төлөвлөхгүй байхаар шийдсэн аж. Хэд хэдэн бүс нутагт арга хэмжээ хориотой байгаа хэдий ч Москвад ресторан, баарууд оройн 23 цаг хүртэл ажиллах тул хатуу хорио тогтоогоогүй байна. Гэвч хорио цээрийн дэглэмийг цуцалсан байлаа ч гэсэн оросуудын тал хувь нь шинэ жилийн арга хэмжээнд оролцохыг хүсэхгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top