ДАРХАН: Коронавирусийн эмчилгээ хийхэд шаардах тоног төхөөрөмжийн санхүүжилт шийдвэрлэгджээ

2020 оны 12 сарын 05

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр /2020.12.05/ ажиллалаа. Энэ үеэр Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Мөнхбат коронавирусийн халдварын үед тус эмнэлэг хэрхэн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа үйл ажиллагааны талаараа болон цаашид тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны болон тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авсны дараа зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан онцолж байлаа. Тэрбээр юун түрүүнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн болон эрүүл мэндийн салбарын нийт хамт олонд цар тахалтай тэмцэх, халдварыг хумих ажлын тэргүүн эгнээнд, сайтар зохион байгуулалттай ажиллаж байгаад нь талархал илэрхийлье гээд Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт коронавирусийн эмчилгээ хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн санхүүжилт болох 400 сая төгрөг шийдвэрлэгдсэнийг хэллээ.

Мөн тоног төхөөрөмжүүдийг шууд гэрээ хийн авах эрх нээгдэж, эхнээсээ захиалгаа хийгээд байна. Энэ 12 дугаар сардаа багтаан шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авч дуусна. Мөн энэ уулзалтын үеэр ЭМЯ-наас энэ санхүүжилтээс гадна Дарханд нэмж гурван амьсгалын аппарат хуваарилахаар болсон гэв.

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас хамгийн түрүүнд PCR шинжилгээний аппаратын захиалгыг хийсэн байна. Мөн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тариа, дуслын автомат шахуурга, өвчтөний хяналтын монитор, халуун хэмжигч, хүчил шүлтийн тэнцвэр үзэх аппарат зэрэг Нэгдсэн эмнэлэгт коронавирусийн эмчилгээнд шаардалагтай тоног төхөөрөмжүүдийг худалдан авна.

Нэгдсэн эмнэлэгт коронавирусийн эмчилгээнд шаардалагтай тоног төхөөрөмжүүдийг энэ сардаа багтаан худалдан авах ажлыг зохион байгуулж дуусна гэж тооцоолж байна. Тоног төхөөрөмжүүд ирсний дараачаар Дарханд коронавирусийн эмчилгээг хийх боломжтой болно гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top