Сэлэнгэ аймаг дахь коронавируст халдвартай холбоотой нөхцөл байдлын өнөөдрийн /2020.12.05 Бямба гараг/ээлжит мэдээллийг айймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өглөө.
Тэрбээр "Сэлэнгэчүүдийнхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу манай аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумдад хатуу хөл хорионы буюу бүх нийтийн бэлэн байдлын дэглэм хэвээр мөрдөгдөж байна гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлон хэлье. Ингэж тодруулж хэлсний учир Улсын Онцгой комиссоос Алтанбулаг, Сүхбаатар сумдын иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах хүртэлх хугацаа буюу 12 сарын 11-ны өдрийг хүртэл хугацаанд хэвээр хориглож, харин бусад сумдын зорчих хөдөлгөөнийг халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан нээхийг чиглэл болгосон шийдвэр, чиглэлийг аймгийн онцгой комисст ирүүлсэн. Иймээс дээрх 2 сумаас бусад 15 сум, 6 тосгоны хөдөлгөөн өнөөдрөөс буюу 12 сарын 05-аас эхлэн Шадар сайдын баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу явагдана гэж ойлгоорой.
Аймгийн Онцгой комиссын зүгээс Улсын онцгой комисст асуудлаа ойлгуулсны дагуу Дархан-Уул аймагт суралцдаг дотуур байранд, суудаг айлдаа хөл хорионд байсан оюутнуудаа шинжилгээнд хамруулан сум суманд татаж авч гэрт нь хүргээд байна. Иинхүү 219 оюутан залуус маань халуун ам бүлдээ очоод байна.
Сэлэнгэ аймгийн тохиолдол илэрсэн сумдаас бусад сумдад хөл хорионд байгаа Дархан-Уул аймгийн иргэдийг мөн шинжилгээнд хамруулсны дагуу аймагт нь хүлээлгэн өгөх ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. 2020 оны 12 сарын 04-нд Хүдэр, Ерөө сумдаас 23 тээврийн хэрэгсэлтэй 117 иргэнийг Дархан-Уул аймагт шилжүүллээ. Энэ ажил өнөөдөр ч үргэлжилж бусад сумдад байгаа Дарханы харъяат иргэдийг шинжилгээнд хамруулсаны дагуу шилжүүлэх ажил хийгдэж байна.
УОК-ийн шийдвэрээр Мандал суманд хөл хорионы хязгаарлалтад байсан Улаанбаатар хотын харьяат 84 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, Мандал-Улаанбаатар чиглэлд цагдаагийн хамгаалалттайгаар явууллаа. 12-р сарын сарын 02-ноос 04-нийг хүртэлх 3 хоногийн хугацаанд өөрийн аймгийн 797 иргэнээ татан авч харьяа сум багийн хяналтад гэрийн ажиглалтад шилжүүллээ. Сумдын онцгой комиссуудтай, мөн төрийн байгууллагуудтайгаа цахимаар холбогдож, хөл хориотой үед иргэдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг боломж бололцооныхоо хүрээнд шуурхай шийдэж ажиллах талаар, төрийн албан хаагчдыг цахим орчинд төрийн үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах, иргэдэд чухал шаардлагатай нийгмийн даатгалын, халамжийн үйлчилгээнүүдийг хугацаа алдахгүйгээр зорилтот бүлэгт нь хүргэх талаар чиглэлүүдийг өгөөд ажиллуулж байна.
Мөн дээд шатны байгууллагуудтай нь ярилцаж зарим банкуудын үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Иймд манай иргэд нь иргэний үүрэг, ухамсарын дагуу хүн хоорондын зайгаа барьж, маскаа зүүж үйлчилгээндээ хамрагдахыг сануулж байна. Өнөөдрийн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо 4-аар нэмэгдэж 197 болсон байна. Энэ 4 тохиолдол Сүхбаатар суманд тодруулж хэлбэл 7-р багт 2, 5-р багт 1, 3-р багт 1-ээр нэмж бүртгэгдлээ. Мөн л өдөр тутам харьцаанд орж байсан ойрын хавьталууд байна. Бид тандалт судалгаа, шинжилгээний ажлаа тогтмол хийж байна. Эдгээр тохиолдол бүрийн цаана олон хүний сэтгэл зүтгэл, оролцоо нэгдэж байж халдварт вирус нэг бүрийг илрүүлж байгаа гэдгийг манай иргэд ойлгож байгаа байх аа.
Өнөөдрөөс эхлэн вирусын тохиолдлыг бид аймгийн Нэгдсэн эмнэлгийн хажууд урьдчилан бэлтгэсэн тасагтаа хүлээн авч эмчилэхээр болж байна. Харин хүнд өвчтөнийг бол Улаанбаатар хот руу Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэхээр УОК-ийн шийдвэр гарсан.
Төмөр замын цагдаагийн газраас 39 алба хаагч 25 өртөө, зөрлөгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа бол аймгийн хэмжээнд хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүл, Онцгой комисс, Шуурхай штабуудад 1000 орчим төрийн албан хаагч 24 цагаар ажиллаж байна.
Иргэдийнхээ өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнийг татан авахад халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж, сум орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулж байна. Улсын хилээр Орох чиглэлд ачаа тээврийн 6 галт тэрэгний 270 вагон, 12 ажилтан, гарах чиглэлд 8 галт тэрэг 388 вагон, 16 ажилтныг шалган нэвтрүүллээ.
Өнөөдрийн онцлох бас нэгэн мэдээлэл бол эцэг эхийн хамт зорчих хөдөлгөөнд оролцож байгаа 0-12 насны хүүхэд вирусын шинжилгээ өгөх шаардлагагүй, харин эцэг эхийн зөвшөөрлийн үндсэн дээр насанд хүрсэн өөр хүн авч яваа бол вирусын шинжилгээнд заавал хамрагдсан байхаар УОК-ийн баталсан түх журамд өөрчлөлт орсон байгааг дуулгаж байна.
Нийт иргэд та бүхэн энэ цаг үед иргэний үүргээ биелүүлж маскаа зүүн, ариун цэврийн дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барин аль болох гэртээ байж бидний ажилд туслаарай гэдгийн онцгойлон байнга анхааруулж хэлж байна. Халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна. Баярлалаа." гэв.