Монгол Улсын Засгийн газраас жил бүр соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг тодруулж, “Хүндэт өргөмжлөл”, 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг болсон билээ.
2019 оны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар Нийслэл хотын Баянзүрх дүүргийн иргэн, туульч Авирмэдийн Балдандорж шалгарч, 2020 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Хүндэт өргөмжлөл”-өө гардан аваад байсан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олгоогүй байсан мөнгөн шагналыг Соёлын сайдын багцаас шийдвэрлэснийг сайд С.Чулуун өнөөдөр туульч А.Балдандоржид гардууллаа.
Урианхай туульч А.Балдандорж нь Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч бөгөөд тууль хайлах уламжлалыг өөрийн аав Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдээс өвлөн авчээ.
А.Балдандорж нь 1996 онд Бүх Ард Түмний Урлагийн Их Наадмын алтан медаль, 1998 онд “Төв Азийн туульч” өргөмжлөл, 2001 онд Ховд аймгийн хүндэт иргэн, 2001онд “Бүх ард түмний урлагийн их наадам”-ын хос алтан медаль, 2002 онд Тэргүүний ардын авьяастан, 2003 онд ОХУ-ын Тува улсад болсон Азийн оюутан залуучуудын их наадмаас Тэргүүн шагнал, 2004 онд Тэргүүний ардын авьяастан, 2007 онд “Алтайн Урианхайн 3-р их наадам”-ын хос алтан медаль, 2010 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр төвшинд эзэмшсэн Монголын билиг авьяастан”, 2012 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011 онд Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан од” шагнал, 2012 онд “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгийн тэргүүн байр, 2013 онд “Төв Азийн тууль – 2013” их наадмын “Алтан гэрэгэ” шагнал, 2015 оны Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацад шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч “Мөнгөн мод” шагнал, 2015 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан манай улсын шилдэг ардын авьяастан, өвлөн уламжлагч юм. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн Үндэсний жагсаалт”-д орсон 102 өвлөн уламжлагчийн нэг юм.
Соёлын сайд С.Чулуун шилдэг өвлөн уламжлагчид хандан тус яамны бодлого, үйл ажиллагааг дэмжиж, тууль судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шавь бэлтгэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, "Тууль"ийн өвийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Ташрамд дурдахад, 2018 оны буюу анхны “Шилдэг өвлөн уламжлагч”-аар ард олны дунд Дөмөн Дулмаа нэрээр алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дулам шалгарч, хүндэт өргөмжлөл, 30,0 сая төгрөгөөр шагнуулж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )