Эрүүгийн хуулийн ГҮТГЭХ ЗААЛТЫГ эргэн санагалзахгүй байхын учир...

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

-Хуурамч мэдээлэл цар тахлаас илүү аюул тарьж байна- 

"Хамаг бүхэн хаалттай, хатуу чанга заалттай” гэдэг шиг хүндхэн өдрүүдийг нээлттэй ардчилсан нийгэмд монголчууд бид чадан ядан өнгөрүүлж байна. Цар тахлын онцгой энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчноор дамжин аливаа мэдээлэл маш хурдан түгэж, тодорхой сэдэв урьд өмнөхөөс илүүтэй тодрон гарч ирэх гойд онцлогтой аж. Ажилдаа сатаарахгүй, үйл явдал дунд оролцохгүй байгаа иргэдийн нийгмийн идэвх ийм нөхцөлд онцгой идэвхжиж, мэдээллийн төрөл бүрийн сувгуудыг “шүүрдэж” байгаатай холбоотой биз ээ. Үүний улмаас хуурамч /Fakenews/ мэдээ мэдээлэл ч нийгэмд хүчтэй  түгэх, бодит байдлыг гуйвуулах гаж үзэгдэл газар авлаа. Илтэд өдөөн турхирсан, иргэдийн тархи угаасан агуулга бүхий мэдээлэл илт мэдрэгдэж эхлэв.

Тэр тусмаа сошиал орчин дахь хуурамч мэдээлэл цадигаа алдлаа. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага ч санамсаргүй мэргэжлийн алдаа гаргаж, баримтыг гуйвуулсан, худал мэдээ түгээсэн тохиолдол ч гарав. Аль аль нь байж болохгүй зүйл. Үнэн худлын зааг бүдэгрэх тусам иргэдийн эргэлзээ, итгэл үнэмшил суларч байна. Товчхондоо, хуурамч мэдээ цар тахлаас ч илүү аюулыг нийгэмд тарьж байна. Тиймээс хуурамч мэдээтэй хатуу тэмцэх ёстой. Үүнийг иргэд ч, төр ч, хэвлэл мэдээллийн салбарынхан ч хүсч байна. Яг ийм нөхцөлд Эрүүгийн хуулийн "13.14. зүйл Худал мэдээ тараах” гэмт хэргийг дахин өөрчлөх нэмэлт, өөрчлөлтийн саналыг ХЗДХЯ гаргаж, албан ёсны сайтдаа 2020 оны 12 дугаар сарын 8-ны 23 цаг 58 минутад байршуулсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдвүүдийн нэг болов. Энэхүү заалтыг өөрчлөөд жил хүрэхгүй хугацаа өнгөрч буй. Будаг нь хатаж амжаагүй нэмэлт өөрчлөлтөө хууль “урлаачид” маань нэмж засварлах шаардлага юунаас үүсэв. Цар тахлын үед үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хуурамч мэдээлэл газар авч, хяналтаас гарсан гэх тайлбар хууль санаачлагчдаас гарч байна. Сэтгүүлчийн үүднээс ч, иргэнийхээ хувьд ч үүнтэй санал зөрөх боломжгүй юм.

Гэвч хуулийг дахин өөрчилснөөр нийгэмд буюу иргэд та бидэнд илүү ноцтой хор хохирол учрах зайлшгүй нөхцөл байдал үүсч байгааг бүх нийтээрээ анхаарч, шүүн хэлэлцэх ёстой. Тиймээс асуудлыг энгийн үгээр, эрэмбэ дараатай тайлбарлая.



ЗӨРЧЛИЙН ХУУЛИАС ГҮТГЭХ ЗААЛТЫГ ХАЛСАН НЬ
 

Иргэдийн дуу хоолой, иргэний нийгмийн байгууллагууд болон сэт­гүүлчдийн олон жилийн тэмцэл, олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу Эрүүгийн хуульд байсан Гүтгэх гэмт хэргийг зөрчил хэмээн үзэж Зөрчлийн тухай хуульд оруулж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм.

Зөрчлийн тухай хууль. 6.21 зүйл. Гүтгэх (Хүчингүй болсон)

1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол  хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсний төлөө хорих ялаар шийтгүүлж байсан Эрүүгийн хууль /2002 он/-аас  зөвхөн торгох шийтгэл бүхий Зөрчлийн тухай хуульд Гүтгэх зөрчил орсноор эрхзүйн байдал дээрдсэн гэж нийтээрээ үзэж байв. Гэвч хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээдийг хорин сая төгрөгөөр торгох Зөрчлийн тухай хуулийн заалт нийгэмд дахиад л бөөн асуудал дагуулав. Жил хүрэхгүй хугацаанд Зөрчлийн тухай хуулийн гүтгэх зөрчлөөр 200 гаруй хэрэг үүсгэгдсэнээс бараг 90 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хамаарчээ. Асуудлын гол нь сэтгүүлзүйн талаар ямар ч мэдлэггүй хорооны цагдаагийн албан хаагч хэргийг шийдэж байв. Тэд гүтгээгүй гэдгээ нотлохыг, эх сурвалжаа илчлэхийг шаардаж байлаа. Ахар богино хугацаанд маш олон сэтгүүлчид, иргэд зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр, хэвлэл мэдээллийн байгууллагын редакци 20 сая төгрөгийн торгууль хүлээв. Улс төрчид, эрх мэдэлтнүүдийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх хэсэг Гүтгэх зөрчлөөр сэтгүүлчдийн амыг үдэх, номхотгох маневр сайтай шинэ төрлийн зэвсэг болгон хувиргав. Тэрхүү зэвсэг онцгой үр дүнтэй бөгөөд гомдол гаргагч эздээ баттай хамгаалж чадаж байсныг дурьдах хэрэгтэй. Нөгөө талаас торгуулийн мөнгийг нь захиалгат мэдээллийнхээ төлбөр дээр нэмж төлөөд хэнийг ч хамаагүй гүтгэдэг жишиг тогтов. Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэнд ноцтой халдаж байсан энэхүү хуулийн цоорхойг засах зайлшгүй хэрэгцээ шаардлага дахин үүссэн юм. Миний бие 2018 оны хоёрдугаар сарын 18-нд МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдох үед сэтгүүлчдийн хамгийн том захиас, даалгавар “Зөрчлийн хуулийн 6.21 заалт буюу Гүтгэх зөрчлийг  хасах, эсхүл засах” байв. Бидний зүгээс хэвлэл мэдээллийн салбарын бусад төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтран шуурхай арга хэмжээ авч ажилласан. Зөрчлийн хуулийн гүтгэх зөрчлийн гажуудлыг сэтгүүлчид төдийгүй хуулийн салбарынхан өөрсдөө олж харснаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал харьцангуй богино хугацаанд өрнөсөн билээ. Бидний зүгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах харилцааг Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлээр  бүрэн зохицуулсан тул Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх хэсэг Гүтгэх зөрчлийг  хасах саналыг гаргасан юм.

21 дүгээр зүйл. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах

497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл

511 дүгээр зүйл. Эдийн бус гэм хорыг арилгах

Гэвч яамнаас гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд тэр хэвээр нь буцааж оруулах төсөл оруулж ирэв. Энэ бол Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг оруулж, барьцаа лавшруулах гэсэн улстөрчдийн заль мэх байсан юм. Яагаад?



ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН “13.14.ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ” ЗААЛТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ БАЙНА
 

2019 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгээс оруулж ирсэн дээрх төслийн тайлбар хэсэгт "Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй. Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй” гэсэн хайр татам өгүүлбэр шигтгэжээ.

13.14 дүгээр зүйл. Гүтгэх. (Батлагдаагүй)

1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс  нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Хүний нэр төр, алдар хүнд,  хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд  халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун  тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Тайлбар: Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй.

-Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт  хэрэгт хардсан, сэрдсэн бол  гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.

Ийм хуулийн заалтыг өөрийнхөө эсрэг батлаад суудаг “гэгээнтэн”, эсвэл дүүрчихсэн “мангуу” аль ч УИХ-д тохиолдохгүй нь бодит үнэн юм. Тиймээс УИХ-ын чуулган дээр тайлбар хэсгийг нь хасаад баталчих бодитой эрсдэлтэй бид нүүр тулсан хэрэг.

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

(Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн)

1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 Тэгэхээр “тайлбар” хэмээх мөсөн чихэр долоолгох зуураа “гүтгэх” заалтыг Эрүүгийн хууль руу буцааж чихэх гэсэн улстөрчдийн санаархлыг таслан зогсоох шаардлага үүсч, хэвлэл мэдээллийн салбар тэр чигтээ хөдлөв. Гэвч “Сошиал орчин дахь худал мэдээтэй яаж тэмцэх вэ. Хуулийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт этгээдийг илрүүлэх зайлшгүй шаардлага үүслээ. Иргэний хуулиар үүнийг зохицуулах боломжгүй” гэдэг асуултыг хуулийнхан сөргүүлэн тавьсан юм. Ингээд тоймгүй олон хурал, хэлэлцүүлгийн дараа Эрүүгийн хуулийн “13.14.Худал мэдээ тараах” заалт батлагдсан юм. МСНЭ хууль батлагдах эцсийн мөч хүртэл энэхүү заалтыг эсэргүүцсэн байр сууринаасаа буцаагүй гэдгийг тэмдэглэе.

Шинэ хуулийн заалт өмнөх Зөрчлийн хуулийн 6.21-ээс “Гомдол гаргагч этгээд сэтгүүлчийн бичсэн мэдээллийг худал гэдгийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөхөд, эсхүл тухайн мэдээлэл худал гэдгийг төр өөрөө нотлох” шаардлага үүсч байгаагаар ялгарна. Өмнө нь сэтгүүлч гүтгээгүй гэдгээ нотлох зайлшгүй шаардлагатай тулгарч байсан бол өөрийнх нь бичсэн зүйл худал гэдэг нь баримтаар нотлогдсоноос бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй, нэмэлт баримт цуглуулах, эх сурвалжаа илчлэх эрсдэлд орохгүй болсон юм.



ИРГЭДИЙГ 1-5 ЖИЛ ХОРИХ, 10-80 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ НЭН ШИНЭ “ТӨЛӨВЛӨГӨӨ”
 

Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан ХЗДХЯ-ны албан ёсны сайтад 2020 оны 12 дугаар сарын 8-нд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл тавигдав. Үүнд “13.14.Худал мэдээ тараах, түгээх” гэсэн дараах өөрчлөлт тусгагдаад байна.
 

Төсөл 2020.12.07. “13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 3 2.1.захиалгаар; 2.2.хүүхдийн эрхийг зөрчиж; 2.3.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж; 2.4.гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож; 2.5.сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ”.



МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БАЙР СУУРЬ
 

МСНЭ-ийн Удирдах зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, дараах мэдэгдлийг гарган олон нийтэд түгээн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад мэдэгдэл хүргүүлжээ.
 

МЭДЭГДЭЛ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, албан ёсны цахим хуудастаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байршуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 13.14 “Худал мэдээлэл тараах” заалтыг  өөрчилж, хэвлэлийн болон иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязгаарлан боомилохоор тусгасныг Засгийн газрын бодлого хэмээн үзэж, эрс эсэргүүцэж байна.

Уг төсөл “илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол торгуулах, зорчих эрхээ хасуулах, улмаар тав хүртэлх жилээр хоригдох ял шийтгэлтэй байхаар тусгасан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээнд иргэдийнхээ үзэл бодолд цензур тогтоож, эдийн засгийн аргаар боомилох, ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж буй хэрэг юм.

Эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай.

Алдар нэр, албан тушаалын нэр хүндийн гэх асуудлын ард ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтний ашиг сонирхол, авлига, албан тушаалын гэмт хэрэг, томоохон хулгай, хуйвалдаан зэрэг хууль бус зүйлс нуугдаж байдаг билээ. Энэ нь чухамдаа нийтийн сайн сайхан, тэгш эрх, шударга ёс, боломжийг булааж, нийгмээ өвчлүүлэх тэвчишгүй үзэгдлүүд бөгөөд эдгээрийг илчлэх, мэдээлэх, шүгэл үлээх, тэмцэх, өөрчлөх бүхий л арга замыг хаан боогдуулах аюул дагуулах юм.

Бидний сонгосон Ардчилсан нийгмийн амин сүнс болох иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг Эрүүгийн хуулиар булаан авах гэсэн энэхүү санаархлаа хэрэгжүүлэхийн тулд “онцгой нөхцөл байдал”, “цар тахал” зэргээр далайлган иргэд, сэтгүүлч­дийн амыг үдэх гэсэн башир арга мэхтэй бид эвлэрэхгүй. Энэ нь Монголын ардчилал, түүний үнэт зүйлд халдаж буй хэрэг хэмээн үзэж эрс буруушааж байна.

Монгол Улсын иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодолтой байх эрх чөлөө хийгээд хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдалд халдах аливаа үйлдэл, санаархлын эсрэг хэвлэл мэдээллийн салбарынхан бид тууштай тэмцэхээ мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг 2020 оны 12 дугаар сарын 12-нд зохион байгуулж, Эрүүгийн хуулийн "13.14 Худал мэдээлэл тараах" заалтад ХЗДХЯ-аас нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн санал боловсруулсантай холбогдуулан байр сууриа нэгтгэж, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Товчлон дурьдвал “...Уг хуулийн төсөл нь холбогдох мэргэжлийн байгууллагууд болон олон нийтээс санал авалгүйгээр хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин 12 дугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанд оруулах болсныг эрс эсэргүүцэж байна... ХЗДХЯ уг хуулийн төслийг боловсруулснаараа Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг зөрчиж буйг мэдэгдэх нь зүйтэй... Иргэний нэр төр алдар хүндийг хамгаалах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх эрсдлээс хамгаалсан зохицуулалтууд бусад олон хууль тогтоомжид баталгаажсан байдгийг давхарлуулсныг эрс буруушааж байна. А) Гүтгэлгээс иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах, Б) Худал мэдээлэл тараасны улмаас нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх гэсэн хуулийн хоёр өөр зохицуулалтыг "Худал мэдээлэл тараах, түгээх" хэмээн нэг заалтад хольж оруулсан нь эрх мэдэлтнүүдэд өөрсдийгөө хамгаалах боломжийг олгож байгааг эсэргүүцэж байна. Сэтгүүл зүйд хүний нэр хүндийг хамгаалах, хүний эрхийг дээдлэхдээ сэтгүүлчид ЁС ЗҮЙН өндөр хариуцлага хүлээдэг бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэж нийлээд Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хэрэгжүүлж ирсэн зургаан  жилийн түүх туршлага, хичээл зүтгэл, оролдлогыг хууль тогтоогч, боловсруулагчид харгалзан үздэг, хүлээн зөвшөөрдөг соёлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Иймд санамсаргүй байдлаас мэргэжлийн ур чадвар дутсанаас үүдэн түгээгдсэн худал мэдээлэлд сэтгүүлчид, редакцууд уучлал гуйн залруулга гаргах зөөлөн зохицуулалтын хэм хэмжээг хэрэгжүүлэх орон зайг шахаж шаардах хэрэгтэй байгаад санал нэгдлээ. ХМЗ-ийн Ажлын алба” гэжээ. 


САЛБАРЫН ХОЛБООДЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР ТАНАА (2020.12.14)

Хууль зүй, дотоодын хэргийн яамнаас санаачлан боловсруулж, албан ёсны сайтдаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны 23 цаг 58 минутанд байршуулсан “Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн 3 дугаар зүйлийн 2-т тусгасан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл гэх заалтыг хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, эвсэл, холбоод болон мэргэшлийн судлаачдын зарим холбоод эрс эсэргүүцэж байна.

Эрүүгийн хуулийн энэхүү заалт нь дан ганц сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлаад зогсохгүй иргэдийн твиттер, фэйсбүүк, инстаграм зэрэг нийгмийн сүлжээгээр дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түгээх язгуур эрхийг эрүүгийн ял шийтгэлээр айлган сүрдүүлэх замаар боомилох оролдлого гэж харж байна.

Иймд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 19 дүгээр зүйл, “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт”-ын 19 дүгээр зүйл, “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн 16 дугаар зүйл, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” болон “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийг ноцтой зөрчиж иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төр засгийн буруу, алдаатай үйл ажиллагааг шүүмжлэх эрхийг хааж, боосон ямар ч хуулийн төсөлд бид хамтран ажиллахаар санал хүргүүлэх, аливаа ажлын хэсэгт оролцохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Мэдэгдэлд нэгдсэн

1. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл. Ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа

2. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл. Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа

3. Глоб Интернэйшнл төв. Гүйцэтгэх захирал Т.Аюушжав

4. Монголын Хэвлэлийн Хүрээлэн. Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах

5. Монголын Телевизүүдийн Холбоо. УЗ-ийн тэргүүн П.Сайнбилэг

6. Монголын Өдөр тутмын сонины холбоо. Гүйцэтгэх захирал С.Энхтуул

7. Монголын Сайтын Холбоо. Ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг

8. Монголын Үндэсний Сайтуудын Хөгжлийн Нэгдсэн Холбоо. Ерөнхийлөгч Б.Мөнхдөл

9. Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо. Тэргүүн Б.Ганзориг

10. Хангарди Улаанбаатарын сэтгүүлчдийн холбоо. Тэргүүн В.Сарантуяа

11. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо. Тэргүүн С.Шаравдорж

12. Орон нутгийн телевизүүдийн холбоо. Тэргүүн Ч.Баярсайхан

13. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөөх төв. Гүйцэтгэх захирал Ц.Тамир

14. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Эв нэгдэл төв. Удирдах зөвлөлийн дарга А.Баярмаа

15. Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб ТББ. Гүйцэтгэх захирал Б.Баяртогтох

16. “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо. Удирдах зөвлөлийн дарга Ц.Энхбаяр

17. Монголын Криминологичдын холбоо. Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар

18. Парламентийн сэтгүүлчдийн холбоо. Тэргүүн Ж.Алтангэрэл

19. Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо. Ерөнхийлөгч Ц.Батбаатар



ЕРӨНХИЙ САЙДЫН ХАРИУЛТ ЦЭГ ТАВЬЖ ЧАДАХ УУ?
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр “Х.Нямбаатар сайд маргааш (2020.12.14) сэтгүүлчидтэй уулзаж, энэ талаар дэлгэрэнгүй ярилцана. Миний байр суурь бол сэтгүүлчдийг торгоно, шийтгэнэ гэхээсээ илүүтэй олон улсын жишигт нь нийцүүлсэн арга хэмжээнүүдийг авах зүйтэй. Сэтгүүлчдийн ёс зүйн хороо гэж байна. Түүгээрээ хариуцлага алдсан, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон ийм тохиолдол байвал сэтгүүлчдийнхээ асуудлыг ярьдаг, залруулдаг чиглэлээр явах нь зөв гэсэн хувь хүний байр суурьтай явдаг. Аль болох сэтгүүлчдийнхээ болон хэвлэн нийтлэх эрхийг бид хамгаалж ажиллана. Сэтгүүлзүйн салбар бол манай дөрөв дэх засаглал. Бид хүндэтгэлтэй хандах ёстой. Та бүхэн маань ч хариуцлагатай байх ёстой” гэж мэдэгдсэн юм.

Хууль санаачлах эрх бүхий субьект Засгийн газрын тэргүүний байр суурь ямар нэгэн салаа утгагүй, тодорхой байгаа учраас Эрүүгийн хуулийн 13.14 заалтыг энэ удаад дахин өөрчлөхгүй нь гэж дүгнэж болохоор. Гэвч энэ бол 100 хувийн баталгаа биш. Учир нь Ерөнхий сайд юу ч амласангүй. Энэ удаад арай ч хуулийн заалтаар оролдохгүй юм байна гэсэн хэврэгхэн найдвар л тээж үлдлээ. Өнөөдөр болох ХЗДХ-ийн сайд болон сэтгүүлзүйн салбарын төлөөллийн уулзалтын үр дүн, Засгийн газрын хуралдаан энэ асуудлыг шийдэх биз. Эрүүгийн хуулийн 13.14.“Худал мэдээ тараах” тараах заалтыг чангаруулах хүсэл улстөрчдийн толгойд амь бөхтэй оршсоор байгааг энэ үйл явдал нотлон харууллаа. Үүний цаана “худал мэдээ тараах” гэдэг үгийг “гүтгэх”-ээр солих том шалтгаан тэдэнд бий. Учир нь тэд цагдаад гомдол гаргахдаа санаачилгыг гартаа авахыг хүсч байна.

Сэтгүүлчдийг, иргэдийг хэдэн цагийн турш цагдаагийн үүдэнд суулгаж залхаан цээрлүүлдэг, эх сурвалжийг нь нэхэж дарамтлуулдаг эрх мэдлээ эргүүлэн олж авахыг тэд санаархаж байна. Тийм л учраас “гүтгэх” заалтыг эргэлзэн санагалзаж буй хэрэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.71.209) 2020 оны 12 сарын 15

Ямар л нөхцөлд хүн гүтгэх доромжлох буруу хариуцлага хүлээх л хэрэгтэй. Гэхдээ МУ- ын Үндсэн хуулийн заалтад МУ-ын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрхийг энэ хуулиндаа үгүйсгэх заалт оруулчих санагдах юм

0  |  0
Nar(192.82.71.20) 2020 оны 12 сарын 15

Hun gutgehee l bolchihoo.gutgehgui doromjlohgui bol setguulchdiig hen oroldoh vedee

0  |  0
Зочин(202.9.46.95) 2020 оны 12 сарын 15

Энэ олон телевизын сувагууд болсон болоогүй сайтууд тоймоо алдсан. Тэнд ажиллаж байгаа сэтгүүлч нийгмийн эрх ашгийн төлөө мэдээлэл хайсан жинхэнэ сэтгүүлч үү, эсхүл олз хайсан мөнгөний төлөө хэнийг ч юуг ч харлуулан гутаах доромжлох ёс зүйгүй этгээд үү гэдгийг ялгаж салгадаг байгуулага байх нь маш зөв шүү. Хяналтгүй байхыг хүсэж байгаа бол тэнд бохир байгаагийн шинж.

0  |  0
Зочин(202.9.46.95) 2020 оны 12 сарын 15

Хүн доромжлох, илт худал мэдээллийг төлбөр авсаны үндсэн дээр бусдыг харлуулан будаж , нэр төр ажил хэргийг гутаах нь хэрээс хэтэрсэн шүү ялангуяа цахим орчинд бүүр ч их болсон. Сэтгүүлч гэхээр нийгмийн дуу хоолой гэсэн багны цааны нуугдан бусдыг харлуулан гутаасан мэдээ мэдээлэл тараасныхаа хариуцлагаа хүлээхгүй гэж байгаа бол дэндүү уйваагүй зүйл . Үндсэн хуулиар хүн бүр хуулийн өмнө эрх тэгш сайд нь байна сэтгүүлч байна уу хамаагүй нөгөө талдаа шүүх гэм бурууг тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй шүү сэтгүүлч тэр тусмаа хажууд байсан юм шиг харсан, юм шиг бичдэгээ боль

0  |  0
Irgen(202.126.89.198) 2020 оны 12 сарын 15

Face-eer gutgen doromjiloh baidal zohion baiguulalttai bolson, Uuniig zasah estoi huuliar, ene tal deer Nyambaatar saidiin sanliig demjij baigaa, eserguutseed baigaa yumnuud setguulch nertei zahialgiin gutgegch buleg mun hulsnii ‘hun surguud’ bgaa shde unende. Iim yumnuud hevlen niitleh erh chuluu, shudarga es yarij hutsahgui ee

0  |  1
Зочин(203.91.115.55) 2020 оны 12 сарын 14

Сэтгүүлчидийн КГБ байгуулах гэж байгаа юм шиг срнсргдож байна. Микрофонгүй хүмүүсийг шүүдэг шүүх ч юм уу. Нямбаатар гэж учраа мэдэхгүй нусгай юу яриад байгаагаа өөрөө ойлгож байгаа юм уу. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг нь шийддэг газар ганцхан шүүх л ийм эрхтэй. Гэтэл хороо байгуулна ч гэх шиг. Бодсоноор чинь амьдрал явахгүй . Ийм мулгуу хуулийн сайд хол явахгүй.

0  |  0
Анхтуяа(64.119.19.146) 2020 оны 12 сарын 15

Улам л ард иргэдийнхээ үзэл бодлыг боомилж үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чѳлѳѳг нь хумиж дѳрѳв дэх засаглал болох хэвлэл мэдээлэл рүү улам илтэд орж ял шийтгэл торгууль гэхчлэн айдаст ард иргэдээ оруулж байгаад харамсаж бна.Ардчилал хүний эрх,эрхчѳлѳѳ хаана бна вэ?

1  |  0
Зочин(202.9.46.218) 2020 оны 12 сарын 15

Мандахбаярын зуурсан бантан... одоо чи яаж ч тайлбарлаад яах вэ дээ. Нэгэнтээ галт тэрэг хөдөлчихсөн...

0  |  1
ЗОЧИН(66.181.161.31) 2020 оны 12 сарын 14

Хүрэлсүхийг 100 жилд төрөх удирдагч бас Сүхбаатарын хойт дүр гэвэл бас шийтгэх үү

1  |  0
(66.181.168.131) 2020 оны 12 сарын 14

Gutgesen gutgeehui gedegiig ni shalgadag shvvh gej baidag yum baigaa bizdee,medeej batlah ezen gerchtei bolood gutgene bizdee,gutgeh erhtei

0  |  0
Хэнчбиш(66.181.161.4) 2020 оны 12 сарын 15

Нөгөө сэтгүүлчдийн ЁС ЗҮЙН ХОРОО хэн гээч сэтгүүлчид ямар асуудлаар гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасанд ямар арга арга хэмжээ авснаа мэдээлдэг болчихвол нилээд юм цэгцэрч тухайн сэтгүүлчид ХАРИУЛАХГҮЙ Ч БАЙЖ БОЛНО биз дээ

1  |  0
Top