Г.Баасан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүртэлх өртөгтэй бол авлигад тооцогдоно

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ хүрээнд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа


 

-Танд Авлигатай тэмцэх олон улсын өдрийн мэнд хүргэе. Манай улс авлигын индексээрээ дэлхийн улс орнуудын хаана нь явж байгаа вэ?

-Манай улс авлигын эсрэг хуулийг 1996 онд баталсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Дэлхий дахинаа авлига бол аливаа улсын хөгжлийн том гацаа гэж үздэг. Тийм ч учраас Монгол Улс ч гэсэн дэлхий нийттэй хөл нийлүүлж, авлигагүй байхын төлөө эрмэлзэж, тэмцэж байна. 2006 онд манай улс хоёр дахь удаагаа авлигын эсрэг хуулиа баталсан. 2007 оноос эхлээд энэ хууль хэрэгжиж, 2007 онд АТГ байгуулагдаад 13 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсад авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр мөн хоёр удаа батлагдсан. Эхнийх нь 2002 онд батлагдаад хэрэгжээд дууссан. Одоогоор хоёр дахь хөтөлбөр нь хэрэгжээд явж байна. Энэ хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжих юм. Эндээс Монгол Улсад авлигын эсрэг хэрэгждэг хууль эрх зүйн акт байна гэж харах ёстой. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт “Авлигын эсрэг гэмт хэрэг” гэж хуульчилсан. Энэ хуулийг зөрчсөн авлигын гэмт хэргүүд Авлигатай тэмцэх газар шалгагдаж, прокурор хяналтаа тавьдаг.

Авлигын хэрэг мөн гэж үзэх юм бол Монгол Улсын шүүхээр яллагддаг процесс явдаг юм. Энэ олон процессоос харахад авлигатай тэмцэнэ гэдэг нь нэг хүн, нэг байгууллагын хийдэг ажил биш. Энэ бол нийтээрээ, хамтарч хийдэг тэмцэл. Тиймдээ ч цаг хугацаа их ордог, олон шат дамжлага явагддаг. Энэ процессоор шүүх, прокурор, АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны шударга ёс нийлж байж Монгол Улс авлигатай тэмцэнэ гэсэн үг. Гэтэл олон улсад авлигын индексийг хэмжихдээ тухайн улсын эдийн засгийн үзүүлэлт, хууль эрх зүйн орчин, нийгмийн хөгжлийн ахиц дэвшил, иргэдийнх нь амьдрал ахуй хэр зэрэг сайжирч байгаа зэрэг олон үзүүлэлтийг авч үздэг. Манай улс гуравхан сая хүнтэй атлаа авлигын индексээрээ маш хойгуур байр эзэлдэг нь их харамсалтай.

-АТГ-ын зүгээс авлигыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна?

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь 3.3 сая хүний өмнөөс тэдний дуу хоолой, нүд чих болж, авлигатай тэмцэх ажлыг хөндлөнгөөс хянадаг байгууллага юм. Манай Олон нийтийн зөвлөлийн байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дөрөв дэх байгууллага. Бид 15 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бусаар ажиллаж, АТГ-ын мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаанаас бусад үйл хэрэгт хяналт тавьдаг. Улс орноо авлигагүй байлгая, иргэдийг авлигын эсрэг чанга дуутай, хянах хурц нүдтэй,  сонсох чихтэй байхыг, авлигыг шударгаар гаргаж тавих эр зоригтой шүгэл үлээгч олон байлгахын төлөө чадлынхаа хэрээр зүтгэж байна. Бидний ажлын үр дүнд манай АТГ-ын үйл ажиллагаа арай дээрдэж чанаржиж байгаа гэж харж байгаа. Авлигын хэргүүд хаалттай байсан бол аажмаар нээгдэж байна. Мөн авлигатай тэмцэж болно гэдгийг харуулж, иргэдээс гомдол санал мэдээлэл авах 110 дугаарын үнэгүй утсыг ажиллуулдаг. Үүний үр дүнд АТГ, ялангуяа төрийн эрх мэдэл авсан, төрийн тамга барьсан албан тушаалтнуудын авлигын мэдээллийн асуудал дээр шат ахисан. Гэвч авлигатай тэмцэх нь АТГ болон шүүх, прокурорын хамтын ажиллагаа учир авлигыг таслан зогсоох эрмэлзэл эцсийн шатандаа хүрч, цэг тавихад учир дутагдалтай байна.

-Иргэд шударга ёсыг их хүсэмжилдэг. Гэвч амьдралын хөрсөн дээр шударга ёсыг хэрэгжүүлдэггүйгээс авлига гаардаг байх...

-Бид хүний эрх гэж ярьдаг шүү дээ. Хүн эрхээ эдэлдэг бол үүргээ хүлээх ёстой. Мөн хариуцлагаа ухамсарлах ёстой. Миний харж байгаагаар шударга нийгэм бол иргэд бидний хамтын бүтээл юм. Хариуцлага бол шударга ёс. Хүн алхам тутамдаа хариуцлагатай байх нь өөрөө шударга ёсны том хэмжүүр. Хариуцлагаас бултдаг, хариуцлагыг бусад руу чихдэг, хариуцлагаас мултарч болох хуулийн нүх цоорхойг олж хардаг хүмүүс олшрох тусам шударга ёс устана.

Бид УИХ-аас баталсан хуулийг мөрдөж амьдардаг. Гэвч УИХ-д гарсан хүмүүс өөрсдөдөө тохируулж, хариуцлагаас мултрах гарцтай хууль хийдэг. Тэгэхээр шударга нийгэм байгуулъя л гэвэл нийгмээрээ хариуцлагатай байж л шударга ёсны замыг олж гишгэх боломж бүрдэнэ гэж хуульч хүнийхээ үүднээс харж байна.

-Манай улсад авлигыг ямар хэмжүүрээр тодорхойлж байна вэ? Иргэн Дорж хүүхдийнхээ ангийн багшид цэцэг өгөх нь авлига уу, сэтгэлийн бэлэг үү?

-Манай улсын хэмжүүрээр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй өртөгтэй зүйлийг сэтгэлийн бэлэг гэх байх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрсэн үнэ бантай зүйл өгөх юм уу авбал эрүүгийн хэрэгт тооцогдож байгаа юм. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Түүнээс доош өртөгтэй зүйл бэлгэнд тооцогдох гээд байх шиг. Гэтэл авлигын хууль, хариуцлага маш чанга европын орнуудад төрийн үнэгүй үйлчилгээ үзүүлсний төлөө, ажилтан хийх ёстой ажлаа хийсэнд хариу өгсөн л бол авлига гэж хардаг. Монголчуудын хувьд зан заншил арай өөр. Хүний тусын хариуд баярласнаа илэрхийлдэг, хариу барьдаг. Миний ачийг сайхан төрүүлээд өгсөн сувилагчид баярлахдаа зүрхээ сугалаад өгч чадахгүйгээс хойш нэг шоколад өгч, талархлаа илэрхийлэхийг авлига гэвэл манай нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын нүдээр арай тохиромжгүй л байгаа юм. Харин суурин соёл иргэншилтэй европт бол энэ авлига байж болно. Гэтэл авлигаар ажил хэргээ бүтээдэг авилгалчид үүгээр далимдуулж өгсөн, авсан авлигаа бэлэг байсан гэх мэтчилэн тайлбарлаж, авлигаас бултдаг. Тэгэхээр манайд авлигын хэрэг дээр зохих хэмжүүр байж, энэ бол авлига, энэ нь сэтгэлийн бэлэг гэдгийг ялгах ёстой.

-Авлигын хэргийн шийтгэл, хариуцлага хүлээлгэх процесс хэр шударга явагдаж байна гэж та боддог вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж түрүүн ярьсан даа. Өнөөдөр нэг хүүхэд 421 мянган төгрөгийн утас хулгай хийжээ гэж бодъё. Түүнийг гэмт хэрэгт тооцно. Хэргийг хийсэн хүүхэд дөрвөн жилийн ял авч байхад 400 тэрбум төгрөг хулгайлсан, дөрвөн жил иргэдийг хохироосон байж мэдэхээр албан тушаалтан 2.4 жилийн ял авч байна. Энэ нь таны түрүүний асууж байсан шударга ёсны хэмжүүр алдагдсан болохыг иргэдэд харуулсан. Хэр чинээний өндөр албан тушаалтан хариуцлага алдана төдий чинээ хүнд ял оноох, харин гэнэн алдаа гаргасан иргэнийг орон зайгүй болтол яллах биш, засаж залруулах, зөв зам руу нь чиглүүлэх  гэх мэт нь шударга ёс уу, энэрэнгүй ёс уу? Эсвэл хүнлэг ёс уу? Үүнийг л ялгаж салгахыг манай иргэд хүсэж байгаа харагддаг. Өндөр хариуцлагатай албан тушаалд очсон хүн хариуцлага алдахад авах ял нь өндөр байхыг АТГ-ын Олон нийтийн зөвлөл ч мөн хүсэж байна. Энд л манай хуулийн бүх байгууллагын бүтэц сэдлийг өгөх ёстой. Үр ач, хойч үеийн минь үргэлжлэн амьдрах нийгэм  шударга байхын тулд миний гаргах шийдвэр хариуцлагатай, шударга байх ёстой гэдгийг төрийн албан хаагч бүр ухамсарлах хэрэгтэй.

-Манай нийгэмд энгийн л үзэгдэл мэт болсон, тэмцэхэд хүндрэлтэй байгаа шударга бус явдалтай яаж тэмцэх вэ?

-Намайг ингэж ярихаар хүмүүс Г.Баасан гуай зовлон ойлгохгүй юм даа гэж бодох л байх. Тэгэхдээ албан байгууллага удирддаг хүн хэлэх үгээ санаснаараа хэлчихдэг, шүүмжилчихдэг зоригтой байх хэрэгтэй. Ер нь тэгээд болохгүй байгааг нь ил цагаан хэлчихдэг хүнийг шахдаг, тэр хүнд дарамт учруулдаг, ажлаас нь халдаг  тохиолдол байна. Төрийн албанд очсон хулгайч сэтгэлгээтэй, албан тушаалаараа дамжуулж өөрийгөө баяжуулдаг, дөрвөн мөч байтугай найман гартай байсан ч хөдөлмөрлөөд олохгүй мөнгийг муу аргаар олсон хүмүүс шударгаар хөдөлмөрлөж байгаа, мэргэжлээ эзэмшээд ирсэн залуучуудыг хавчиж, хяхаж, өөрсдийн нүдний хараан доор байлгаж, хийсэн хэргээ тохож байна. Ийм тохиолдолд нийгмээ бүхэлд нь өөрчлөх, хандлагаа өөрчлөх, төрийнхөө болохгүй бүхнээс татгалзах хүсэл эрмэлзлийг Монголын иргэн бүр нэгтгэдэг байгаасай. Сонин хэвлэлээр "энэ Г.Баасан хаачив. Яагаад юм хийхээ больчив” гээд намайг асууж, шаардаж байна. Энэ бол хүмүүс надад найдсандаа, Г.Баасан үүнийг хийчих байх гэж хүссэндээ шаардаад байгаа юм. Би тэр хүмүүсийн шаардлагыг ойлгоод байна. Нэг өдөр, нэг минутын ч өмнө болов муу муухайгаас салчих юмсан гэсэн хүсэл надад ч мөн байна. Гэвч Монгол Улсын хуулийн зохицуулалт, бидний ажлын эрх мэдэл зэрэг нь бидний санаснаар байдаггүй нь тун харамсалтай.

-Авлигын төрөл зүйл олон янзаар илэрдэг. Нийгмийн шат давхарга бүрд байна. Гэтэл манай иргэд төрийн өндөр албан тушаалтнуудын их хэмжээний авлигын хэргийг анхаарч шуугиад, яг өөрийнх нь дэргэд үйлдэгдэж байгаа авлигын хэргийг анзаардаггүй юм шиг. Ийм л үед нийгэмд нэн хэрэгтэй "Шүгэл үлээгч" гэж хэн бэ. Шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалдаг вэ?

-Төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ. УИХ-аас ямар хууль баталсан тэр хуулиар бид амьдарч байна. Гэтэл УИХ-аар баталж байгаа хууль өөрөө маш олон салаа утгаар гардаг. Жишээлбэл, ялын бодлогын тухай хуулийн талаар ярья. Эрүүгийн хуулийн 22.1-д "Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах" гээд байгаа. Үүнд торгох, эрхийг нь хязгаарлах, хорих гэсэн гурван янзын санкц байна. Энэ гурван янзын ялын төлөвлөгөөн дээр ямар тохиолдолд нь торгох, эрхийг нь хязгаарлах, хорих вэ гэдгийг ялгаж салгаагүй. Энэ чинь өөрөө авлига. Эрх мэдлээ урвуулан ашигласан албан тушаалтанг АТГ-ын нэг комиссар шалгаад, прокурор хянаад, шүүгч шүүлээ гэж бодъё. Тэгтэл энэ хууль тухайн кэйс дээр энэ хүнийг ингээд торгочихъё, ийм юм өгөхгүй учир хорьчихъё гэх мэтчилэн гурван янзын шийдвэр гаргах боломж олгож байна. Эндээс УИХ дээр баталж байгаа хууль нь авлигыг амьдруулах, бий болгох, авлигыг хөгжүүлэх хууль болж гарч ирж байгааг шуудхан хэлчихье. Энэ чинь л Монголын ард түмнийг мухардалд оруулж, буланд шахаж байна.

Би өөрийгөө аль нэг яамны төрийн нарийн бичиг байна гэж бодъё л доо. Би шударга амьдрахыг хүсдэг, үр хүүхдийнхээ төлөө хариуцлагатай байхыг хичээдэг байя. Тэгтэл энэ хуулиар бол даргынхаа хэлснийг хийсэн би хуулийн дагуу хариуцлага хүлээж, хоригдож таарна. Харин том албан тушаалтай дарга маань торгуулаад л өнгөрнө. Тэрбум төгрөг оймсондоо хийсэн хүн 40 саяар торгуулаад л өнгөрсөн. Гэтэл найман зуун мянгаас сая 200 мянган төгрөгийн цалинтай хүнийг 40 саяар торгох нь маш том ял. Ийм учраас манай том дарга нар хэл үгтэй, шударга ёсонд дуртай, өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг авлигын хэрэг рүү чихээд тэр хүний амьдралыг нэг мөсөн дуусгадаг. Тийм жишээ ч байна. Жирийн л нэг цалингаа аваад ажилладаг залууг 15 саяар торгоод, 5 жил төрд ажиллах эрхийг нь хассан гомдол манайд байгууллагад ирсэн. Энийг АТГ-ын комиссартай, прокурор, шүүгчтэйгээ нийлж хийж байна. Энэ тохиолдолд бид шүгэл үлээх тухай ярих осолтой. Нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээж, амьдралаа алдаж, эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирохыг хэн хүсэх юм бэ. Хууль хамгаалж чадахгүй байна. Тийм учраас УИХ-ын баталсан хууль руу бид анхаарлаа хандуулах ёстой. Сонгуульд оролцохдоо сонгох хүнээ судлах хэрэгтэй. Хууль бол хүн төрөлхтний нийгмийн харилцааг өнөөдрийг хүртэл зохицуулж ирсэн маш том, хариуцлагатай шинжлэх ухаан. Энийг эзэмшээгүй хүнийг УИХ-д оруулчихдаг нь бидний буруу. Одоогийн 76 гишүүнээс ердөө наймхан хүн л хуульч мэргэжилтэй байна.

-Авлигын хэргээр далим­дуулсан янз бүрийн хар пиар иргэдийг төөрөгдүүлж байгаа юм шиг ажиглагддаг. АТГ-ын Олон нийтийн зөвлөл үүн дээр хэр төвлөрч, ямар арга хэмжээг авдаг вэ?

-Бид энэ жилийн Авлигатай тэмцэх олон улсын өдрөөр яг үүнийг хөндөх төлөвлөгөөтэй байлаа. Харамсалтай нь улс оронд маань цар тахал алдагдаж, хөл хорионы дэглэмд шилжлээ. Төрийнхөө шийдвэрийг дагах ёстой. Хэдийгээр бид энэ тал дээр нийтэд хандсан чанга дуу хоолойтой үйл ажиллагааг явуулж чадалгүй хөл хорионд байгаа ч ард түмний мэдээллийн суваг болсон та бүхний тусламжтай маскны цаанаас ч болов энэ асуудлыг хөндөж байгаадаа таатай байна. Бидэнд дуугүй суух эрх байхгүй тийм учраас хөл хорио тавигдсаны дараа асуудлыг гаргаж тавина. Одоогоор бэлтгэл ажлаа хийж байна.

-Иргэн хамгийн энгийнээр авлигын эсрэг тэмцэлд ямар хувь нэмэр оруулж болох вэ?

-Иргэд маань АТГ-ын 110 утсанд авлигын талаарх мэдээллийг өгөх боломжтой. Энэ бол иргэн бүр авлигын эсрэг тэмцэхэд бидэнтэй хамтарч байгаа хэрэг юм. Хэрэв энэ утсанд холбогдоход тантай хүндэтгэлгүй хандсан, таны мэдээлж буй асуудалд хойрго хандсан бол та даруй АТГ-ын Олон нийтийн зөвлөл рүү хандах боломжтой.

-Мэдээлэл өгсөн иргэн яаж хамгаалуулдаг талаар тодруулахгүй юу?

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2005 онд батлагдсан. Гэвч энэ хууль мөн л доголдолтой. Гэрч хохирогч хуулиараа хангалттай хамгаалуулж чаддаггүй учир мухардалд ордог. Нийтийн төлөө байж байгаад хохирчихъё гэдэг хүн 100 мянгад нэг л байх. Манай монголчууд шударга ёсонд дуртай, шударга ёсыг хүсдэг ард түмэн. Шударга ёс цус маханд нь байдаг ард түмнийг цоорхой хуулиар буланд шахаад байдагт л эгдүүцээд байдаг юм.

-Тэгэхээр АТГ-т авлига, шударга бусын талаар мэдээлэл өгсөн иргэн баталгаатай хамгаалуулж чадахгүй байна гэсэн үг үү?

-Тийм, шударгаар хэлэхэд иргэд хамгаалуулж чадахгүй байна. Нэрэлхээд, айгаад, хаана хэлэхээ мэдэхгүй байгаа хохирсон хүмүүс маш их байгааг би мэдэж байна. Энэ бол аюул.

-Хууль өөрчлөгдөж байж л үүнийг таслан зогсоох боломж бүрдэх үү?

-Тийм, хууль маш тодорхой, олон салаа утгагүй, хэн ч тэр хуулийн завсар нүхээр гараад ял завших боломжгүй байх л хэрэгтэй.

-Тэгвэл АТГ-аас хуулиа өөрчлөхгүй бол авлигатай тэмцэх боломжгүй гэсэн дуу хоолойг гаргаж байсан уу? Хууль санаачлах субъекттай хамтарч ажилладаг уу?

-Хууль санаачлах эрхтэй гурван субъект байдаг. Саналаа л оруулж болно л доо. Тэр саналаар хууль гаргасангүй гээд явдаг зохицуулалт манайд байхгүй.

-Авлигатай цаашид ямар хэлбэрээр тэмцэх вэ?

-Бид болохгүй байна аа гээд суухаасаа илүү болгоно гээд гар гараасаа барин хүчээ нэгтгэн зүтгэвэл муу юм маш хурдан унадаг. Тиймээс дараагийн 2021 оны авлигатай тэмцэх олон улсын өдөр ирэх хүртэл бид УИХ-д сууж байгаа гишүүдэд дуу хоолойгоо хүргэнэ. Ингэхийн тулд бүх иргэд гар, гараасаа барьж, дуу хоолойгоо нэгтгээсэй гэж уриалмаар байна. Үүнд нам хамаагүй, нас хамаагүй. Манай АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн хувьд 2017 онд гарч ирэхдээ зорьсон зорилгоосоо нэг алхам ч ухраагүй. Авлигалыг даван туулж болдог юм байна гэдгийг алхам алхмаар харуулаад явж байгаа. АТГ-ын Олон нийтийн зөвлөл иргэдийг сонсож, хамтарч ажиллаж ирлээ. АТГ-т иргэдтэй хамтарч ажилладаг  Олон нийтийн зөвлөл гэж байгууллага хуулийн зохицуулалттай байдаг гэдгийг иргэддээ таниулж чадсан. Мөн дараа дараагийн ажиллах Олон нийтийн зөвлөл одоо байгаа биднээс илүү ажиллах хөрс суурийг тавьж чадсан гэж бодож байна.

Цаашдаа бид авлигын эсрэг хуулинд байгаа зохицуулалтыг прокурор хэр зэрэг хянаж байгаа вэ, эцсийн шийдвэр гаргадаг шүүх  шийдвэрээ яаж гаргаж байна.Шударга ёсны дэнс тавиад байна уу. Ард түмэнд хохиролтой дэнс тавиад байна уу гэдэг дээр хяналт тавьж ажиллахыг зорьж байна.

Ярилцсан Ө.Төгс-Оюун

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(64.119.16.210) 2020 оны 12 сарын 15

Baasan ug n shudraga taldaa hun shuu! Daanch humuus oilgolt muutai bdag . tuunees bish tulaad irvel shuluuhan l yrichih hun ym . gishuud dund iim hun lav haragdahgui l bndaa.

0  |  0
Зочин (59.153.112.73) 2020 оны 12 сарын 14

Энэ авгай хаанаас гараад ирэв ээ. Одоо хэдэн цагдаа заамдах цаг нь болжээ дээ. \nЭнэ авгайг авилгын тухай ярина гэхээр хөх инээд хүрэх юм. Аягүй бол энэ ажлыг хийж байна гээд цалин авч байгаа юм биш биз.\n

0  |  0
Иргэн(59.153.84.139) 2020 оны 12 сарын 14

419000 мянга төгрөгнд багтаагаад бэлэг авч өгвөл болох л юм байна. Бас ч бэлэг өгч авалцдаг ард түмэн шүү дээ.Жирийн иргэдийн хувьд 420,000 төг ч их л мөнгө дөө. Баячуудад бол сохор зоос л байх л даа

0  |  0
Top