Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнгийн мэдээлснээр Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зар, мэдээлэл байршуулсан 89 фэйсбүүк хаягийг олж тогтоон, 11 хаягийг устгуулан, нийт 89 фэйсбүүк хаяг, байршуулсан постыг устгуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд цахим орчинд болон бусад хэлбэрээр архи, согтууруулах ундаа худалдах зөрчил нэмэгдсэн байна.
Гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан үйлдэлд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна, Энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулах үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна” гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулдаг.
Энэ нь хууль бусаар олсон орлого, зарж борлуулж байсан архи, согтууруулах ундааг хурааж, иргэнийг 500.000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгоно гэсэн үг юм.
Хөл хорионы үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 14-ны өдрүүдийн 22:00-05:00 цагийн хооронд дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүдээс хяналт шалгалтаар ажиллаж, захирамж зөрчсөн нийт 403 зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлэн, зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт явуулж, шийтгэл оногдуулахаар саналыг шүүхэд хүргүүлснээр согтууруулах ундаа худалдсан 28 аж ахуй нэгж байгууллагыг 41.700.000 төгрөгөөр, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 138 хүнийг 79.700.000 төгрөгөөр тус тус торгож, 62 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ.
Одоо 175 зөрчилд хариуцлага тооцуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Яагаад тийм бага торгууль ноогдужлсан юм бэ. Багадаа 138 саяар торгох ёстой.