САЙХАН МЭДЭЭ I Баян-Агт сумын номын санг Л.Ганзул агсны нэрэмжит болгов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19


Арванхоёрдугаар сарын 19. Зургаан жилийн өмнө Номын сангийн тухай хууль батлагдсан өдөр. Тэр утгаараа номын санчид, номын сангийнхны хувьд тэмдэглэлт өдөр юм.

Энэ өдрийг тохиолдуулан авьяас билигт найрагчийнхаа дурсгалыг мөнхжүүлж, Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ-ын шийдвэрээр сумын номын санг яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул агсны нэрэмжит болгожээ. 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул агсан 1979 оны хоёрдугаар сарын 10-нд Булган аймгийн Баян-Агт суманд төржээ. Баян-Агт сумын 8 жилийн дунд  сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг дүүргэж, ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакц, Зиндаа.мн сайт, “Зиндаа”  сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан авьяаслаг сэтгүүлч, яруу найрагч байсан юм. 

Тэрбээр “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” яруу найргийн ном бүтээж, Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр”, “Тоодгор багын нутаг” тэргүүтэй олон дууны үгийг туурвисан уянга төгөлдөр яруу найрагч байлаа.

Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, шагналыг хүртээж байжээ. 

Яруу найрагч Л.Ганзул агсан “Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал хүртэж, “Цагаан уул”, “Ган үзэг”, “Алтан цом” зэрэг яруу найргийн олон наадмын тэргүүн байрыг эзэлж байв. 


ЭГШИГЛЭНТ ЭХ ОРОН
 

Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх

Их тунгалаг орон минь

Мөрөнгийн усанд навчис хөвсөөр хавар тийш одох

Аяс гүн хөндүүрлэл минь

Загасны нүд соёмбоноос ширтэх нь

Таныг хайрлахын учир шалтгаан гэнэ

Завилж суугаад нарыг дуулах нь

Таныг бахдахын өндөр түрлэг гэнэ...

Ай яруухан

Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн

Алдах вий... гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын

Алим юмуу тоорынх шиг хацрын туяанд хармаар

Эх орон минь..

Манхан даваад хөтөлсөн жингийн цувааны мөр бол

Манай тооллоос гарч одсон дээдсийн минь хөх улбаа юм

Манхан даваад орж ирсэн тэмээн жингийн мөр бол

Манай тоолол руу нүүж ирсэн Монголын хөсөг нүүдлийнх юм

Араг дотор суугаад л унтаж ирсэн хүү бол

Амбагай хааны хүсэл, Тулуйн хатны зүүд юм

Атан тэмээний явдал дунд зөөлөн аялсан дуу бол

Алтан дэлхий нарыг аргадаж мандуулдаг тарни юм...

Ийм хөх дууг зүүдэндээ сонссон хүү

Тэнгэрийн алтан нар шиг мандаж явдаг хувьтай

Ийм эх орныг онож төрсөн хүн л

Тийм надин дуугаар сэтгэлээ чимэх тавилантай

Ай яруухан

Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн

Алдах вий гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын

Алим юмуу тоорынх шиг хацрын туяанд хармаар

Эх орон минь...

Яруу найрагч Л.ГАНЗУЛ, 2013 он

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top