Н.Батбаяр: "Баян-Айраг эксплорэйшн” ХХК зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-д үйлдвэрлэлийн осол гарч, цианид натри алдсан талаар манай сонин өмнөх долоо хоногт сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Тус компанийн удаа дараагийн хариуцлагагүй үйлдлийн уршгаар Дөрвөлжин сумын хүн амын эрүүл мэнд, байгаль экологийн асуудалд онц ноцтой аюул учраад буй юм. Тэгвэл  "Баян-Айраг" эксплорэйшн" ХХК-д хийсэн хяналт шалгалт ямар шатанд явааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, геологи.уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр дараах мэдээллийг өгсөн юм.


-Дөрвөлжин суманд газар дээр нь очиж ажиллажээ. Хяналт шалгалтын дүн мэдээгээ  танилцуулна уу?

-Ашигт малтмалын тухай хуулийн 66.3 дахь заалтыг үндэслэн “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн үйл ажиллагааг хоёр сар хүртэлх хугацаагаар зогсоож, энэ хугацаанд зөрчлүүдээ арилгах албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Зөрчлийг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Цаашид дахин осол гаргуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгөв.  Компанийн уусмалын хоолой задарсны улмаас нийтдээ  525 метр квадрат талбайд уусмал асгарсан байсан.  Энэхүү үйлдвэрлэлийн осол нь дараах шалтгаануудаас үүдэлтэй болохыг тогтоогоод байна. Үүнд угсралт суурилуултын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн. Зураг төсөлд тусгагдсан тулгуур  эд ангиудыг чанаргүй материалаар хийж гүйцэтгэсэн. Мөн зураг  төсөлд заасны дагуу наалт гагнуурыг хангалттай хийж гүйцэтгээгүй. Үүнээс гадна ашиглалтын явцад энэ шугам хоолойнуудад  засвар үйлчилгээ хийгдээгүй. Зарим шаардлагатай хэсгүүдэд тулгуур эд ангийг нэмэлтээр тавьж өгөөгүй зөрчил байна. Дээрээс нь хүний хүчин зүйлийн нөлөөлөл бий байж магадгүй. Өөрөөр хэлбэл, шугам хоолойг ашиглалтын зааврын дагуу  ажиллуулаагүй, шингэн  шахах ажлын дараалал, техник ашиглалтын дүрэм зөрчигдсөн байж болзошгүй. Дээр дурьдагдсан зүйлсээс болж үйлдвэрлэлийн осол гарчээ.

-Орон нутгийн иргэд энэ асуудлыг эмзэгээр хүлээж авч байсан. Учир нь тус  компани химийн хорт бодис удаа дараа алдсан юм билээ?

-Энэ удаагийнхтайгаа нийлээд зургаан удаа ийм төрлийн үйлдвэрлэлийн осол гаргасан нь тогтоогдсон. Осол аваар гарах үед тухайн орон нутгийн ард иргэд маш олон зүйлийн эргэлзээтэй байдалд ордог. Айдас, болгоомжлолд автдаг.Тэр айдсыг тайлж өгөх ёстой.  Иймээс байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох,  сөрөг үр дөгөврыг мэргэжлийн байгууллага яаралтай хийж хэрэгжүүлэх  хэрэгтэй. Энэ тал дээр холбогдох чиг үүргийн дагуу ажиллаад эхэлсэн.

-“Баян- Айраг эксплорэйшн” ХХК нийтдээ зургаан удаагийн аваар осол гаргачихаад байхад  үйл ажиллагааг нь бүрэн зогсоож болдоггүй хэрэг үү?

-Хуулиараа бид зөрчил арилгуулах шаардлага хүргүүлсэн. Энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг дахин хэлье. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой.

-Зөрчлөө арилгаад үйл ажиллагаагаа явуулъя гэж бодъё. Дахиад цианид алдвал яах вэ?

-Бид тэр бүхнийг тааварлах аргагүй шүү дээ.  Бид энэ зөрчлийг арилгуулахын төлөө л ажиллаж байгаа. Зөрчил  арилгуулахгүйгээр үйл ажиллагааг нь нээх тухай асуудал огт байхгүй.

-Одоо ойр орчмын хүн малд сөрөг нөлөөгүй гэж ойлгож болох уу?

-Тухайн үед Аймгийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авсан. Химийн бодис асгарсан тухайн газрын хөрсийг хуулж цэвэрлэсэн. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторит шинжлүүлэхээр хөрс, усны  дээж хүргүүлсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэр хорионы иргэн(64.119.21.158) 2020 оны 12 сарын 25

Ямарч шийдвэртэй арга хэмжээ авахгүй юмаа да тувтан бөөрөнхийлсөн аргаар ажлаа явуулж болохгүй биз дэ? Наад сдагууд авдагаа аваад зайлна монгол хүн наад нутаг оронд чинь амьдрана, Монголоо монгол хүний эрх ашиг гэж байх ёстой шүү!

0  |  0
Зочин(202.55.188.84) 2020 оны 12 сарын 25

Энэ тэнэг ажлаа хийгээсэй. Хичнээн ч уул уурхайд хичнээн ч хүн үхэв.

0  |  0
Top