Дэлхийн дээвэр Эверестэд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа Орхон аймгийн Хүндэт тэмдэг гардлаа. Тус аймгийн нэр хүндтэй шагналыг гардуулсан аймгийн Засаг дарга Д.Оюунбат:
-Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойд барьж байгаа хамгийн том амжилт бол манай аймгийн иргэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаагийн амжилт юм. Эндээс явахдаа аймгийн удирдлагатай уулзаж Монгол Улсын төрийн далбаа, аймгийнхаа далбааг авсан юм. Тэрхүү далбаанууд Эверестийн өндөрт мандсанд аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс халуун баяр хүргэе. Энэхүү ертөнцийн хамгийн өндөрт гарсан далбаагаа бид аймгийнхаа музейд хадгална. Б.Гангаамаадаа цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэлээ. Б.Гангаамаа Эверестийн ноён оргил дээр гарахдаа авахуулсан гэрэл зургаа аймгийн Засаг даргад гардуулж, уг аяллыг амжилттай болоход тусалж дэмжсэн аймгийн удирдлага, компани, хувь хүмүүс, нийт иргэдэд баярласнаа илэрхийллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )