Мэдээ, мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй оны онцлох үйл явдлыг салбар тус бүрээр тоймлон хүргэдэг уламжлалтай билээ. Энэ удаад өнгөрч байгаа 2020 онд болж өнгөрсөн спортын ОНЦЛОХ ТАВАН үйл явдлыг нэрлэж, тоймлон хүргэж байна.
Олимпын жил хэмээн итгэл найдвар тавин угтсан 2020 он Монгол төдийгүй дэлхийн спортын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэж байна. Уг нь өдийд Спортын ертөнц 2020 оны шилдэг тамирчдаа тодруулахдаа Токиогийн олимпын наадмын аваргуудыг нэрлээд сууж байх ёстой байлаа. Гэвч цар тахлын улмаас Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлохоос өөр аргагүйд хүрсэн. XXXII зуны олимпын наадам онц байдлын улмаас цуцлагдсан бус хойшлогдсон анхны олимп (урьд нь хэд хэдэн олимп дэлхийн дайны уршгаар цуцлагдаж байв) боллоо. Яг нэг жилийн өмнө БНХАУ-аас албан ёсоор зарлаж байсан шинэ төрлийн коронавирусний улмаас дэлхий дахинд спортын маш олон тэмцээн цуцлагдаж, одоо хүртэл олимпын эрхийн тэмцээнүүд явагдаж дуусаагүй байна.
Ингээд Монголын спортын 2020 оны онцлох 5 үйл явдлыг танилцуулж байна.
Ковидтой, допингтой үндэсний бөх
Цар тахал монгол үндэсний бөхийг тойрч гарсангүй, дайрч өнгөрсөн. Бөх сонирхогчдын Улсын наадмаас илүү хүсэн хүлээдэг Цагаан сарын барилдаан энэ жил явагдаагүй бол Ардын хувьсгалын 99 жилийн ойн наадам үзэгчгүй зохион байгуулагдлаа. Урьд өмнө амралтын өдөр болгон шахуу барилдаан зохион байгуулагддаг байсан бол энэ жил ердөө есөн барилдаан л болжээ. Үндэсний бөхөд сүүлийн хэдэн жил гараад байгаа хагарлыг зогсоох учиртай байсан "Их Эе" хуралдаан ч цар тахал гээд явагдсангүй. Гэхдээ энэ бүх явдал үндэсний бөхийн допингийн асуудлын дуулианд дарагдсан. 2019 оны наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдын допингийн хэрэг он дамжин, шүүхээр явсаар 2020 оны намар эцэслэлээ. Допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөгүй тэрээр энэ жилийн наадамд барилдана гэж мэдэгдсэн ч бөхчүүд эрс эсэргүүцсэнээр чадаагүй. Шүүхээс энэ хэргийг өнгөрсөн 11 дүгээр сард "Аварга цолыг нь хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасан, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй" гэж эцэслэн шийдвэрлэлээ. Өнгөрсөн жилийн аварга нь шүүхдэж байх хооронд энэ жилийн наадмын үзүүр, шөвгийн гурван бөхөөс буюу Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарын шинжилгээнээс допинг илэрсэн. Бөхчүүд толгой бөхийлгөн, ард түмнээсээ хүлцэл өчиж, өр нимгэн зарим нь тэднийг өрөвдсөн. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо ч мөн “өрөвдөж”, тэдний барилдах эрхийг 11 сараар хаслаа. Энэ нь тэд ирэх жилийн наадамд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдаж чадна гэсэн үг юм.
Токио олимп буюу “Tokyo 2021”
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай Олимпын наадам 2020 онд Японы нийслэл Токиод явагдах ёстой байсан ч ковидийн харгайгаар нэг жил хойшлогдсон нь тамирчдыг шоконд оруулсан гэхэд болно. Сар хоногоор нь гаргасан байсан олимпын циклийн төлөвлөгөө өөрчлөгдөж, олон тамирчин учир битүүлэг байдалд орлоо. Хөл хорио тогтож, спортын уралдаан тэмцээн битгий хэл бэлтгэл сургууль хориглогдсоноор ихэнх тамирчин тэмцээн уралдааны мэдрэмжээ алджээ. Цаашдаа ч хэзээнээс тэмцээн эхлэх нь тодорхой бус энэ байдалд тамирчид хэрхэн бэлтгэлээ хийх, мэдрэмжээ яаж сэргээхээс ирэх жилийн олимпын амжилт шалтгаална. Одоогийн байдлаар манай улс Токиогийн олимпын буудлагын төрөлд 4, чөлөөт бөх 2, марафон гүйлт 2, байт харваа 1, бокс 1, паралимпийн 4 болон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ аваад байна. Жүдо бөх, хүндийг өргөлт, чөлөөт бөх, бокс, эрэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төрөлд олимпын эрхээ нэмэх боломжтой. ОХУ-ын “Весь спорт” агентлагаас манай багийг “Токио 2020” олимпын наадмыг 1 алт, 2 хүрэл медальтай өндөрлүүлж, багийн дүнгээр 54 дугаар байрт шалгарна гэж таамагласан байсан. Харин бид үүнээс олон медаль шигшээ багаасаа хүлээж байна.
Олимпын аварга Олимпын хороог тэргүүллээ
Монголын Үндэсний Олимпын Хорооны бүх Гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-нд болж, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. Хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болж, "Бээжин-2008" олимпын жүдо бөхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар сонгогдлоо. Жүдогийн олимпын аварга маань Монголын жүдо бөхийн өдрөөр шинэ албан тушаалд сонгогдсон нь бэлэг дэмбэрэлтэй явдал боллоо.
"Сидней-2000" олимпоос нэг ч медальгүй ирсэн Монголын багийн гол найдвар болсон Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос энэ өдөр буюу наймдугаар сарын 14-нд 20-хон насандаа хүрэл медаль хүртэж байлаа. Түүний дараа 2008 оны Бээжингийн олимпын наадмын 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр түрүүлж, монголчууд олимпын анхны аваргаа өлгийдөн авсан өдөр мөн л наймдугаар сарын 14-нд тохиожээ. Шинэ Ерөнхийлөгч шинэхэн албандаа залуу хүний эрч хүчтэйгээр орж, ОУОХ, Азийн олимпын зөвлөлтэй цахим хурал хийж, орон нутгаар ажиллалаа. Түүний гол зорилго нь Токиогийн олимпын наадамд Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах явдал. Мөн энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байсан Биеийн тамир спортын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтааж, Биеийн тамир спортын улсын хороо болгон өөрчилснийг дурдах хэрэгтэй.
Рекорд, дэвжээ, иргэншлийн асуудалтай Сүмо бөх
Монголчуудын үзэх дуртай сүмо бөхийн ертөнц ч шинэ төрлийн коронавируст өртөж, хохирол амссан. Хаврын тэмцээн үзэгчгүй явагдаж, Зуны тэмцээн цар тахлын улмаас цуцлагдсан билээ. Нэг сүмоч ковидоор амиа алдаж, хэд хэдэн дэвжээнд халдвар голомтлон гарсан ч монгол бөхчүүд азаар өртөөгүй. Энэ хүнд хэцүү жил их аварга Хакүхо 44 дэх түрүүгээ авсан нь сүмо бөхийн түүхэнд бараг дахин давтагдашгүй рекорд болсон. Хүнд гэмтэл, өвчний уршгаар жонидан зиндаа хүртэл унасан озэки асан Тэрүнофүжи долоодугаар сарын тэмцээнд түрүүлсэн нь мөн түүхэнд бичигдэх амжилт байлаа. Сэкивакэ асан Асасэкирюү Б.Дашням Такасаго дэвжээг эзэмших болж, Монголын дэвжээний эзэн хоёр дахь ояката болсон нь ч мөн монгол сүмочдын чихэнд чимэгтэй мэдээний нэг байв. Харин энэ жил Хакүхо, Какүрюү аваргууд гэмтэл бэртлээр тус бүр дөрвөн тэмцээнд зодоглоогүй тул Сүмо бөхийн холбооноос сануулга хүртсэн. Аваргууд нас ахиж, үе солигдох дөхсөн ч тэдний дараагийн үе болох монгол бөхчүүд гарч ирсээр байна. Кирибаяма, Хоошёорюү нар дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа бол Хокүтэнкай Г.Сүхбат, Дэванорюү Т.Тэмүүлэн, Хокүсэйхо Э.Даваанинж нарын ирээдүйтэй шинэ залуус мэргэжлийн сүмод элсээд байна. Энэ сарын 12-нд ёкозүна Какүрюү Японы иргэншил авсан талаар хоёр орны хэвлэл нэлээд шуугилаа. Иргэншлээ сольсон ч эх орноо солиогүй тэрээр зодог тайлаад ояката болох эрхтэй болж байгаа юм.
“KING TUG”-д найдсаар, бас хүлээсээр л
Сонирхогчдын боксын төрөлд олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсан тамирчин элит, дээд түвшний тамирчинд тооцогддог. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт бол сонирхогчид дундаа бол элитийн дундах элит тамирчин. Гэхдээ элит тамирчин болгон мэргэжлийн тавцанд амжилт гаргаад байдаггүй. Мэргэжлийн бокс гэдэг огт өөр төрөл. Олимп, дэлхийд гялалзаж явсан олон боксчин олон үе тоглодог мэргэжилд ороод унтарч байсан түүхтэй. Харин манай “KING TUG” Төгсөө мэргэжлийн гараагаа 11 дараалсан ялалтаар тун амжилттай эхлүүлсэн. Үүнээсээ есийг нь хүнд цохилтоор цагаас өмнө дуусгасан юм. Төгсөө 2019 оны нэгдүгээр сард Доминиканы Клаудио Маррерог шүүгчдийн саналаар ялж, IBO (International Boxing Organization) холбооны аварга болсон нь түүний мэргэжлийн ринг дээрх анхны цол байлаа. Одоо түүнд мэргэжилд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд том холбооны аваргын бүс хэрэгтэй. Ингээд 2020 оны хоёрдугаар сард WBC холбооны аварга АНУ-ын Гэри Рассельтай тус холбооны аваргын төлөө үзэлцсэн ч шүүгчдийн саналаар ялагдсан. Хашир туршлагатай, мэргэжлийн боксын элит тамирчинтай тулалдах ямар байдгийг Н.Төгсцогт ойлгосон нь мэдээж. Ингээд аваргын бүснээс нэг алхам ухарсан ч өнгөрсөн есдүгээр сард Барбадосын Кобиа Брийдиг 12 үед ялснаар ахин аварга цолны төлөө тулалдах эрхтэй боллоо. Одоо Төгсөө мэргэжлийн тавцанд 12 ялалт, 1 ялагдалтай байна. Сайхан амжилт. Гэвч монголчууд түүнээс илүү ихийг итгэл тавин хүлээсээр л байна.
Сэтгэгдэл ( 12 )
Өөрөө хүссэн үү, өөр нэгний шахалтаар уу Түвшээ аварга буруу замаар орох нь орсон. Юу л болдог бол доо
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Түвшээ аваргын нэр төрд халдахгүй шүү. Тэр хүнтэй халз тулаан хийнэ шүү.
King tug саяхан Цэндбаатартай нийлээд хар тамхи татаад авсан уу гүй юу. Тийм сураг гараад байсан шүү.
Түвшинбаярын хүёин хийсэнийг нь бичээгүй баына
Балайр боловсролгүй бүдүүн гахайнуудыг юундаа онцлох вэ? Харин манай 3×3 сагсчидыг онцлох ёстой....
bi joohon hamar zagatnaad c vitamin uusan chini dop shaasisd
doping mandtugai
Бүх бөхчүүдэд сайн бүхнийг хүсье. Амжилт гаргасан бусад тамирчид нэгэн адил. Даваажаргал 45 түрүүгээ авах ёстой юм. Нэг түрүү ойрхон байгаа шүү. Амжилт хүсье. Цэдэнбал дарга 44 жил төрт барьсан юм.
Хайран сайхан аваргыг минь шахсаар байгаад улс төр лүү оруулчих шиг боллоо хэдэн жилийн дараа шоронд хийж шороотой хутгачихгүй байгаа даа
Хайран сайхан аваргыг минь шахсаар байгаад улс төр лүү оруулчих шиг боллоо хэдэн жилийн дараа шоронд хийж шороотой хутгачихгүй байгаа даа
Zindaa.mn site.n sportiin medeeg unshih durtai. Sonirholtoi toim bolson bna. Odoo delhiin sportiig toimlovol goe bolno dooo\n