УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.31) хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийсэн бөгөөд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцааж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль зүйн байнгын хороо 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газрын даргад тавигдах шаардлага, түүнийг улируулан томилох асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг С.Бямбацогт гишүүн танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, тодруулсан. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсны дараа Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 49 гишүүн батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр, дээрх хууль батлагдлаа.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
ЗА ОДОО БАТЛАГЫГ БАРЬ