Үнэхээр аймшигтай. Өдгөө бидний айж сандраад байгаа ковидын цар тахлаас ч дутахааргүй аймшигтай нэгэн аюул бидний дунд үүсээд ужгирчээ.
Хайхрамжгүй энэ байдлаас болж жилд хэчнээн зуун хүний амь нас эрсдэж, хэдэн мянган хүн тахир дутуу, өнчин өрөөсөн болж байгааг тоолоход бэрх. Зөвхөн өнгөрөгч 2020 онд 117 хүн амь насаа алдаж, мянга гаруй хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртжээ. Энэ бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүссэн гамшиг юм. Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр өнгөрсөн онд 26 мянга гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл барьж яваад баригдсан гэх. Үүнээс мянга гаруй нь зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь л энэ болохоос цаана нь бүртгэгдээгүй хэчнээн согтуу жолооч “жолоо мушгисан”-ыг таашгүй.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДВОЛ 768 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар жолоо баривал хамгийн багадаа 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараар хасна. Мөн давтан согтуугаар жолоо баривал эрүүгийн хэрэг үүсгэж 30 хоног баривчилж, 768 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт бий. Гэтэл өнгөрсөн онд 2400 жолооч давтан үйлдэлтэй буюу эрхээ хасуулсан үедээ жолоо барьсан зөрчил гаргажээ. Өөрөөр хэрбэл, тэд согтуугаар жолоо барьсандаа гэмшихгүй байна гэсэн үг. Гэмших нь бүү хэл дахиад ийм төрлийн зөрчил гаргаж байгаа нь хууль зөөлдөж байгаагийн шинж үү. Эсвэл Монгол Улс ийм хэнэггүй жолооч нараар дүүрсэн хэрэг үү.
СОГТУУ ЖОЛООЧТОЙ БҮҮ ЭВЛЭР
Таньд бас надад, ерөөс бид бүгдэд хамаатай шүү, энэ асуудал. “За яахав жаахан л уучихсан юм чинь гайгүй”, “Ганц пиво уусан хүнийг яав гэж” гэх зэргээр өөрийгөө болон өрөөлийг уруу татдаг буруу жишгээсээ салах цаг болжээ. Хэдэн арван мянгаар яригдаж байгаа тоон мэдээллээс харахад согтуу жолооч хаа сайгүй явж байгааг илтгэж буй юм. Ялангуяа хөдөөгүүр согтуу жолооч нар ямар аймшигтай байдаг гээч. Цагаан сар, хурим найрын үеэр бол ярилтгүй. Хоёр хөл дээрээ бараг л яаж тогтоно оо гэмээр болтлоо согтчихоод эхнэр, хүүхдээ суулгаад машин, мотоцикль бариад явж байх тохиолдолтой олонтаа таарч байлаа.
“Хөдөө газар юм чинь” гээд өөрсдийгөө тайвшруулаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох иймэрхүү “солиорол” манай Монголд хавтгайрсан нь харамсалтай. Согтуу хүн тээврийн хэрэгсэл жолоодож байгаатай таарвал, бас жолоодохыг завдаж байгаа бол тэр дор нь та таслан зогсоогоорой. Ийм байдалтай бүү эвлэрээрэй. Иргэд бидний ухамсраас олон зүйл шалтгаална. Согтуу жолоочтой зөвхөн цагдаа бус хүн бүр тэмцье. Үр дүнд нь бид элэг бүтэн, эрүүл саруул үлдэх болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
500 garlaa geed zarlaad baidag xarin gaiguu ym bishvv gexdee l xaramsaltai
Согтуу жолооч санаатай хүн алах гэж яваа зандалчин. 5 жил хорих ялтай болгож жолоодох эрхийг нь ялаа эдэлснээс хойш 5 жилээр хасах.
Харин ч багассан байна. Дээрдэж л байгаа юм байна. Саяхан бүр аймаар байсан.