УИХ-аар малчид, уяачдын хүсэн хүлээсэн хуулийг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

Олон жилийн турш маргаан дагуулж байсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Ингэхдээ нийт малчид уяачид, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт, бусад туршлагад тулгуурлан зургаан зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхжээ. Юуны өмнө сүүлийн арав гаруй жил маргаан дагуулж байгаа эрлийз, Монгол адууны маргааныг энэхүү хуулийн 8.10 дугаар заалтын өөрчлөлтөөр эцэс болгох юм.

Үүнд дурдахдаа “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан дээд хэмжээнээс илүүгүй байх бөгөөд энэ хэмжээнд нийцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглоно” гэж заажээ.

Нийт малчид, уяачдын хүсэн хүлээж байгаа заалт бол энэ юм. Өөрөөр хэлбэл наадамд уралдах хурдан морьдыг эрлийз Монгол гэж ялгахгүйгээр сэрвээний өндрөөр хэмжин уралдуулах аж. Сэрвээний өндөр заагаад өгчихөөр эрлийз адуу угаасаа ялгарч үлдэх учраас энэ нь хамгийн зөв зүйтэй заалт юм.  

Мөнхүү аливаа хурдан морины уралдаанд хэл ам дагуулж байдаг зүйл бол морины уралдаан дагадаг машины тоо. Морь машин хоёрын аль нь уралдаад байгааг таахад бэрх болдгийг бүгд л мэднэ. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлт, 8,11-т “Аливаа уралдаан дагах тээврийн хэрэгслийн тоо есөөс ихгүй байна” гэж заажээ. Үүгээр байнга гардаг бас нэгэн маргаан эцэс болно.

Түүнчлэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд цаг үеэ дагасан нэгэн зүйлийг 8.12-т зааж өгчээ. Малчин түмэн маань эртнээсээ Хаврын тэргүүн сар гарсан даруйд морио уралдуулж ирсэн түүхтэй. Харин сүүлийн үед хаврын бүсийн уралдааныг зохион байгуулна, байгуулахгүй хэмээн маргах болсныг ч энэ заалтаар шийдвэрлэж байна. Тухайлбал, хуульд билгийн тооллын хаврын тэргүүний сарын 14-нөөс эхлэн морио уралдуулж болох аж.

Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн цаана зөвхөн баяр наадам, морины уралдаан биш, асар том агуулга, үндэстэн оршин тогтнох эсэх асуудал ч бий.

Өнөөдөр хөдөө эзгүйрч байна, залуус хөдөө гарч, мал маллахаа больсон гэх. Гэтэл залуусын мал дагаж, мал маллахын нэгэн учир шалтгаан нь хавар, зуныг үл ялган морь уях, уралдуулах юм. Гэтэл бид тодорхой хууль дүрэм байхгүйгээс үүдэж, морио хэзээ уралдуулахаа ч мэдэхээ больсон. Мөн бүтэн жил сойж ирсэн морийг нь эрлийз хурлийз хэмээн ялгаж байгаа зэрэг нь залуу малчид, уяачдын хүсэл зоригийг мохоож байсан юм. Харин тус хуулийн зургаан өөрчлөлт энэ байдлыг арилгаж байгаа нь сайн хэрэг гэдгийг хаа хаанаа ярьж, маш олон уяач, малчид дэмжиж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.181.88) 2021 оны 01 сарын 05

Хуультхичнээн гаргаад модон метрээр өшиглөж хэмжээд явуулаад бхаар ямар хэрэг бх вэ Ямар нэгэн хүний оролцоогүй морь доогуур нь гарахад улаан ногоон гэрэл асдаг хэмжүүрийг захын инженер дархан хүн хийнэ дээ Хийлгэхгүй дээ л бгаа юм Хүний оролцоогүй болж бж авилга хэрүүл тасарна

0  |  0
зочин(66.181.181.88) 2021 оны 01 сарын 05

Монгол адуу эрлийз адууныхаа тооны харьцааг гаргачихаад тэр харьцаа өндөрөө гаргавал үнэн болно Хэдэн олигархи уяачийн адууны өндрөөр хууль гаргавал ардын наадам биш болно Хэдхэн хүнд зориулсан л хуульдаа Мөнгөтэй хэргэмтэй хүмүүс эрлийз адуушаараа өөр сонирхолтой уралдаан хийж бооцоот уралдаан хийдэг болбол дээрдээ Толгой дээрээ тэр олон адууны толгой тавьж болдог ч юмуу үгүй юу? Тахиа шиг л юмнууд явдаг Өөрт нь гоё л бдаг бхдаа

0  |  0
гал(66.181.161.20) 2021 оны 01 сарын 05

Зѳв шүү, эрлийз хурлийзууд л элдэв бусаар шүүмжилж эсэргүүцдэг юм, Монгол морьтойгоо байх ёстой

0  |  0
Хотын монгол(192.82.67.159) 2021 оны 01 сарын 05

Ямар ч морь хамаагүй монгол байна уу эрлийз байна уу хамаагүй. Өндөр намаар нь хэмжиж ч болохгүй. Энэ бол эрлийз хүнийг монгол хүн гэж үзэхгүй гэсэнтэй л адил сонсогдож байна. Бидний монголчуудын морь уралдуулах олон зуун жилийн соёлд хэзээч ийм тэнэг зүйл байгаагүй болов уу

0  |  0
дургүй хүрч бна.(64.119.20.3) 2021 оны 01 сарын 05

Өө малууд аа! Бид өнөөдөр хэдэн баячуудын зугаа цэнгэл адгуус уралдуулах тухай хууль баталж суудаг цаг үе мөн үү!

0  |  1
Хөдөөний монгол(202.179.21.221) 2021 оны 01 сарын 05

Үхэж бай, болсон цаг үедээ таарсан хууль хэлэлцэж байгаа малнууд бол. дөрвөн хөлтэй дөрвөлжин толгойтой адгуус уралдуулахаас чинь наана цөөн хэдэн монголчууд үхэх сэхэх үү болчихоод байна УИХ дахь малнууд аа

1  |  1
Top