Картаа баталгаажуулахгүй бол 15-наас түлш авах эрх хаагдана

2021 оны 01 сарын 11

Эрүүл мэндийн яамны сэрэмжлүүлэх мэдээлэл дөнгөж өндөрлөөд, нийслэл хотод коронавирусний халдвар нэмэгдэж, гэрээс гарахгүй суух анхааруулга аваад байтал хорооноос утасдлаа. Авч амжаагүй байхад дуудлага тасарсан тул залгасан дугаарт эргэж холбогдтол хорооны ажилтан ярьж байна. Иргэдийг хорооны Иргэний танхимд иргэний үнэмлэх, сайжруулсан түлш авдаг карттайгаа цугларч QR код бүртгүүлж картаа баталгаажуулахыг "Тавантолгой түлш" компаниас үүрэгдэж төлөөлөгчид нь хороон дээр ирээд байгааг дуулгалаа. “Оршин суугчдадаа зарлаж цуглуул. Хэрэв картаа баталгаажуулахгүй аваас нэгдүгээр сарын 15-наас түлш авах эрхийг хаана” хэмээн мэдэгджээ. Дөнгөж гурван ес эхэлж байхад ийм хатуу мэдэгдэл сонсоно гэдэг “Хөхөө өвлөөр хөлдөөж алсугай” гэсэн цаазын ял оноосноос ялгаа юун.

Үнэ хөнгөлснөөс болж сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу зарж борлуулах болсон гэсэн яриа гарснаас улбаалж ийнхүү картуудыг бүртгэлжүүлж, баталгаажуулахаар болжээ. Уг нь долоо хоногт зургаан уут түлш картаар авдаг нормтой, өмнөх долоо хоногийн түлшээ авч амжаагүй бол нөхөж олгодоггүй, долоо хоног дотроо зургаагаас илүү түлш өгдөггүй жишгээр өдийг болтол явж ирсэн, хүйтний эрч чангарах тусам түлшээ хүргэж ядаж буй иргэд хөдөө гаргаж зарна гэдэг бараг худлаа.

Шинэ оны босгон дээр “Борлуулах цэгүүд дээрх нөөцийг дуусгаж байж түлш таталт хийнэ, хуримтлалтай байхаар хөдөө тийш борлуулаад байна” хэмээснээс гал алдацгаах дөхсөн гээд сайжруулсан түлш тойрсон паян тасрахгүй шинжтэй. Борлуулах зам зуураас түлш гадагш алдагдаж байна уу гэхээс иргэдээс бол ер нь үгүй л дээ. Бас өрхөд нэг л байх учиртай картыг гэр бүлийн гишүүн бүр олж аваад илүү түлш авдаг байж болзошгүй учир цэгцэлж, тиймэрхүү картыг хүчингүй болгох зорилгоор ийнхүү баталгаажуулалт хийхээр болж.

Байдал нэгэнт иймээр эргэсэн учир иргэний үнэмлэх, түлшний картаа аваад СХД-ийн Х хорооний Иргэний танхимыг зорилоо. Уг нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх шинэ оны өмнөхөн түлш авахад иргэний үнэмлэх шаардана гэсэн зүйл байхгүй хэмээн нийтэд хариуцлагатайгаар мэдэгдсэн удаатай. Тэр ташаа болов. Түүнээс гадна түлш борлуулах цэг дээр иргэний үнэмлэхтэйгээ хоёр ч удаа очоод нэгд нь QR код уншуулдаг ажилтан цайндаа гараад ирээгүй, нөгөөд нь мөн л эзгүй байж таараад чадаагүй билээ. Гэтэл энэ удаа "Тавантолгой түлш" компанийнхан нийслэлийн гэр хороолол бүхий хороод дээр биечлэн ирж ажиллах болжээ.

Гэрээс гармагц мөн л ижил зарлан авсан залуутай зам нийлж, бид хоёрын дунд бяцхан яриа өрнөв.

-Эгч ээ, энэ аюултай өвчин гарсан нь үнэн юм уу?

-Үнэн байлгүй яах вэ. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн хоёр ч хороонд нэлээд чанга хөл хорьчихлоо шүү дээ. Манай энэ хавиар л “ногоон бүс” байгаа болохоос биш.

-Тэгээд яагаад ингээд байн байн олноороо цугларах ажлыг дээрээс хийгээд байдаг юм бол?

-Харин ээ.

-Манай ажил энэ сарын 6-нд эхлэх байсан юм. Тэгээд заавал PCR шинжилгээ өг гээд...

-Зөв л дөө.

-Тэгээд зөндөө хол явж, дугаарлаж байгаад өгсөн л дөө. Тэгсэн манай ажил энэ сарын 11-нд эхлэхээр болоод дахиад шинжилгээ өг, өмнөх шинжилгээнээс хойш дөрөв тав хоносон, хүчингүй гэсэн. Дахиад л явж дугаарлахаас. Нялх хүүхэдтэй болохоор халдвараас айгаад олон хүнтэй газраар дахин дахин явахаар хэцүү байна аа.

Ингэж явсаар хороон дээрээ очлоо. Аар саар зараалын ажлын түрүүнд явдаг, бас хариуцлагатайгаараа өвгөд, хөгшид голдуу ирсэн харагдана. Иргэний танхимд "Тавантолгой түлш" компанийг төлөөлсөн зургаа долоон ажилтан ирж баталгаажуулалт хийж байна. Иргэдийн халууныг үзсэнгүй, гар ариутгагч хэрэглэсэнгүй.

Миний бүртгүүлэхээр очсон эмэгтэй иргэний үнэмлэх, карт уншуулж нэлээд удсанаа “Бүртгэлгүй карт байна” хэмээв. 2019 оны намраас хойш ямар нэг асуудалгүй түлш авч буйгаа учирлатал өөр нэг бүртгэгч бүсгүй “Та наашаа хүрээд ир” гэлээ. Тэнд бүртгүүлтэл ямар нэг асуудал гарсангүй, бүртгэл, баталгаа ном ёсоороо байж таарлаа. Ямар ч гэсэн түлшний эрхээ хаалгахгүй болов. Энэ зуур бүртгэгчээс зарим зүйлийг асуулаа. Өндөрлөг цэгүүдэд түлш борлуулах цэгүүд байгуулсан гэж зурагтаар ярьцгаадаг атлаа яагаад зөвхөн автобусны буудал тойрсон 100 метр хүрэхгүй тойрог дотор гурав, дөрвөөр нь байршуулсныг асуухад нэмж хэд хэдэн газар нээснэээ хэлсэн ч нөгөөдүүл нь бүгд нам дордуу газарт байрласан ажээ. Нэгдүгээр сарын 15-наас эхлээд картаа баталгаажуулаагүй айлуудын түлшний эрхийг хаах юм уу гэхэд “Дээрээс тэгсэн, энд яг тайлбарлах үүрэгтэй хүн нь алга” гэлээ.

Тэгж байтал бүртгэгчид цайгаа уухаар боллоо. Ширээ тойрцгоож, амны хаалтаа авцгааж, гэр гэрээсээ авчирсан бололтой цай, хоолоо дэлгэцгээв. Хүн бужигнаж, баталгаажуулалт хийлгэж байгаа газар шүү дээ. Гэлээ гээд үдийн цайгаа уухаас өөр яалтай ч билээ.

Хэргээ бүтээгээд гартал нэг настан түлшний картаа баталгаажуулсны дараа хаашаа хийснээ олохоо больжээ. Сандарч тэвдэж хайсаар хөөрөгний даалиндаа шургуулсан болж таарав. Санаа нь амарч таягаа тулсаар халтиргаатай гудамжаар тэшиж гулгасаар бөгтийн алхаж одлоо.

Миний бие ч хорооноос гарч түлшний цэгүүдийн байдлыг сонирхохоор цааш явав. Зарим цэгт 25 кг-ын улаан шуудайтай түлш дууссан, 100 кг-аар савласан цагаан ууттай нь л үлджээ. Саяхнаас уутны хүрэлцээ муудсан гэсэн шалтгаанаар 100 кг-аар савласан түлш нийлүүлэх болсон юм. Айл болгонд бөх тэх хүн байдаггүй учраас түүнийг дийлж ачаад гэртээ хүргэнэ гэдэг хүнд даваа. Бөх барилддаг байсан дарга нар зовлонг нь мэдэхгүй байж мэднэ. Тэр тусмаа өвгөд настан, хүүхэд, хүүхнүүд голдуу түлшиндээ явж харагддаг шүү дээ. Ойр гэртэй нь усны төмөр тэргэн дээр 25 кг-ын хоёр, гурван ууттайг тавьж зүтгэж харина. Жижиг ууттай түлш дууссан цэгээс ганц нэг залуус 100 кг-ын түлшийг усны тэргэн дээр хоёул гурвуул нийлж өргөн тавиад зүтгэх боловч шинэхэн хялмаа буусан налуу газар өөд түрж дийлэхгүй халтирч гулган зүдэрч байгаа харагдана. Хүч хүрэхгүй нэг нь сүүлд ирэхээр буцаж байв. Тэвш дүүрэн түлш ачсан машин харагдаж баярлуулсан ч өөр холын цэг рүү явж байгаа ажээ.

Хол гэртэй, өндөрлөг цэгт амьдардаг иргэд таксийн журмаар явдаг машинтай хүмүүсийг гуйж түүж зургаан уут түлшийг 3000 төгрөгөөр хүргүүлдэг. Ойрноос 5000 төгрөг гэж дуугардаг болоод буй. 5700 төгрөгөөр зургаан уут түлшээ аваад 5000 төгрөгөөр хүргүүлдэг гэсэн үг. 100 кг-ын ууттайг бол ачиж өгнө гэвэл санасны гарз. Уг нь нэмж байгаа түлшний цэгүүдээ нэг дор хэд хэдээр нь байрлуулалгүй, аль болох иргэддээ дөхүүлж байгуулдаг бол ийм зардал гарахгүй л дээ. Түүнээс гадна борлуулалтын цэг бүр дээр түлшний үнэ өөр өөр. Засгийн газраас нэг уут сайжруулсан түлшний үнийг 3750 төгрөгөөс 75 хувиар хөнгөлж 937 төгрөг гэсэн нэрлэсэн үнэ хэлсэн боловч газар дээрээ 950 төгрөгөөс эхэлнэ. Хувь айлдаа мэдэгдэх зарлага биш ч олны олон таван цэн гэгчээр борлуулах цэг дээрээ хөөрхөн юм унаж байгаа. Түүнээс биш төрдөө, Тавантолгойдоо нэмэргүй. Уг нь Засгийн газар нэг уут нь 1000 төгрөг гэчихсэн бол болох л байлаа.

Бас коронавирусний тархалт нэмэгдэж, идэр ес эхлэхтэй зэрэгцэн түлшний карт баталгаажуулна гэж бужигнуулж байхаар галлагаа дөнгөж эхэлж, өвчин тахал ч дотроо алдагдаагүй байсан ес, аравдугаар сарын үед цэгцлэх ажлаа хийсэн бол онох байсан ч болов уу. Хорио цээр сахих учиртай энэ цаг дор ийнхүү нийслэлийн хаяа хавиар түлш тойрсон хөл хөдөлгөөн нэмэгдсээр. Олуулаа цугларч үймэлдмээргүй байвч дээрээс буулгасан лүндэн гэрээс гаралгүй суух боломж олгодоггүй ээ. Дээрээс нь олон хүнтэй тулж, хороо хороо дамжиж ажиллаж байгаа "Тавантолгой түлш" компанийн ажилтнуудын аюулгүй байдлыг хэр хангасан бэ. Халуун хэмжигч, гар ариутгагч тэдэнд яагаад байхгүй байв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.67) 2021 оны 01 сарын 14

Гэр хорооллын амьдрал мэдэхгүй сэтгэгпдэл бичигч түр азнаарай. Гэр гэртээ түлш хүргүүлэх гээүй, бүтэн км-ээс хол, уулын өгсүүр өөд түлшээ гаргах гэж яаж зовдгийг мэдэхгүй хүн бичсэн нэг сэтгэгдэл байна. Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн хүн бол түлшгүй байгаа шүү. \n

1  |  0
Bolor(202.9.46.241) 2021 оны 01 сарын 11

Лайтай юм бэ

0  |  0
K(66.181.191.141) 2021 оны 01 сарын 14

Ger gert buulgaad ug geh nuu dee... henii tuluu amidarch bgaa amidral ve..

1  |  0
Саран(122.201.23.219) 2021 оны 01 сарын 11

1 сарын 9-ний өдөр картаа баталгаажуулаагүй байна гээд түлш өгсөнгүй ээ. Хүний QR зөвшөөрөлтэй машин гуйгаад 7 буудлаас очоод авах гэсэн байхгүй шүү. Энэ тэнэг хүнд суртлаа болиод өгөөч. Дээр нь нэгэнт хүртээмжтнй түлшээ үйлдвэрлэж чадахгүй байгаа юм бол ард түмнээ /ядаж түлшээр гачигдуулж/ бүү зовоогооч гэж хүсмээр байх юм. Түлшнээс гадна санаа сэтгэл зовох өч төчнөөн асуудал байнашд

0  |  0
bayasgalan(103.111.68.3) 2021 оны 01 сарын 11

bas yugaa soliorood unaw daa

0  |  1
Top