Прокурорын байгууллагын 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээг өнөөдөр /2021.01.13/ танилцууллаа. Танилцуулгыг УЕПГ-ын олон нийттэй харилцах албаны дарга Д.Дашмаа өглөө.
1. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээ
Прокурорын байгууллагаас 2020 онд 31 байгууллагын 10.775 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Прокуророос нийт 2.256.125 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 467 544 хэргээр буюу 26,1 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 1.701.182 буюу 75,4 хувь нь Нийслэлд, 554.943 буюу 24,5 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Зөрчлийн хэргийг шалгасан эрх бүхий байгууллагуудаар нь авч үзэхэд:
Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн байдал:
Эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэсэн зөрчил 21 хувиар өссөн байна.
Газар дээр нь хялбаршуулсан зөрчил 2019 онд 1.756.231, 2020 онд 2.125.899 болсон нь 369.668 буюу 21 хувиар өссөн.
Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсээс телекамерын хяналтаар илрүүлж шийдвэрлэсэн зөрчлийг прокурорын хяналтад бүрэн хамруулсантай холбоотой байна.
Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаад хүчингүй болгуулахаар 2019 онд 515, 2020 онд 937 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 422-оор буюу 81,9 хувиар өссөн бол биелэлт нь 6,6 хувиар өссөн.
Эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулахаар 2019 онд 314, 2020 онд 265 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 49 буюу 15,6 хувиар буурсан боловч биелэлт нь 19,6 хувиар өсчээ.
Прокурор гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хянаж, хүчингүй болгосон тохиолдол өмнөх оны мөн үеэс 817-гоор буюу 4,7 дахин өссөн.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1.983.700 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 хувиар, хулгайлах зөрчил 1604 удаа гарч өмнөх оны мөн үеэс 40 хувиар тус тус буурсан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9516 удаа үйлдэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2919 буюу 2.7 дахин, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 3049 буюу 2.4 дахин өссөн.
Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 2019 онд 14, 2020 онд 1432 гарч 102 дахин өссөн байна.
Улсын Их хурлын ээлжит сонгуулийн явцад 1580 гомдол мэдээллийг шалгаснаас 139 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн, 1306 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзан, 26 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 98 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна.
Орон нутгийн ээлжит сонгуулийн явцад 700 гомдол, мэдээллийг шалгаснаас 34 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн, 624 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзан, 11 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 18 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн, 13 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгасан байна.
Прокурор зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах чиглэлээр нийт 2422 зөвшөөрөл олгосон нь өмнөх оны мөн үеэс 1653-аар буюу 3.2 дахин өсчээ. Нийт зөвшөөрлийн 57 буюу 2.3 хувийг нь орон байранд үзлэг хийх, 923 буюу 38 хувийг нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 1411 буюу 58.2 хувийг нь хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, 31 буюу 1.2 хувийг нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад тус тус олгосон байна.
Прокурор эрх бүхий байгууллагад нийт 403 удаа шалгалт хийж 3099 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 988 буюу 46,8 хувиар өссөн байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх зорилгоор прокурорын шаардлага 69 бичсэн бөгөөд шаардлагын мөрөөр 285 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ.
2. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон үзүүлэлт:
2020 онд гэмт хэргийн талаарх 68612 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өнгөрсөн оноос 6265-р буюу 8,4 хувиар буурчээ.
Нийт 68612 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 35213 буюу 51,3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 26705 буюу 38,9 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4700 буюу 6.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 73.3 хувь нь Нийслэлд, 26,7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 69582 хэрэгт хяналт тавьснаас 13596 буюу 19,5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 30995 буюу 44,5 хувийг хааж, нийт хэргийн 64.1 хувийг эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлт явуулсан хэргийн тоо өмнөх оноос 14668-р буюу 17.4 хувиар буурсан, эцэслэн шийдвэрлэлт 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 21041 хэргээс 14327 буюу 68,1 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 549 буюу 2,6 хувийг хэрэгсэхгүй болгож, 113 буюу 0,5 хувийг түдгэлзүүлж, нийт 70,7 хувийг эцэслэн шийдвэрлэжээ.
Өмнөх онтой харьцуулахад мөрдөн байцаалт явуулсан хэргийн тоо 395-р буюу 1,8 хувиар буурч, шүүхэд шилжүүлсэн хэрэг 3,2 хувиар өссөн байна.
Шүүхэд шилжүүлсэн нийт 14327 хэргийн 35,7 хувь буюу 5115 хэргийг хялбаршуулсан журмаар, 64,3 хувь буюу 9212 хэргийг ердийн журмаар шилжүүлжээ.
Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оноос 110-р буюу 2,1 хувиар буурч, ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэг 569-р буюу 6,6 хувиар өссөн байна.
Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.314.306.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 265.328.965.722 төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан 92.684.921.765 төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 705.963.744 төгрөгийн хор уршгийг арилгуулжээ.
Үүнээс 2020 онд төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 76 хэргийг шийдвэрлэснээс 78.355.246.655 төгрөгийн хохирол төлөгджээ.
2020 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 29748 хэргийн 7787 буюу 26,1 хувийг хулгайлах, 6066 буюу 20,3 хувийг залилах гэмт хэрэг тус тус эзэлж байгаа нь хамгийн олон байгаа боловч өмнөх онтой харьцуулахад хулгайлах гэмт хэрэг 35,9 хувиар, залилах гэмт хэрэг 16,3 хувиар тус тус буурсан.
2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын 1082 хэрэгт хяналт тавьсныг өмнөх онтой харьцуулбал 6 хувиар өсчээ. Үүнээс 37.1 хувь буюу 402 хэргийг хааж, 14.6 хувь буюу 159 хэрэгт 378 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2.3 хувь буюу 25 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нийт 462 албан тушаалтан холбогдсон 173 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Авлигын гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 онд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 3 хэрэг бүртгэгдэж байсан бол 2020 онд 2.7 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.
2020 онд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Дархан-Уул аймаг 10 мянган хүн амт тутамд 0.4 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Нийслэлд 3.3, Баянхонгор аймагт 4.5 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй байна.
Мөнгө угаах 129 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан 20,9 хувиар, 88 хэрэгт буюу 68,2 хувийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь 36,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Мөрдөн байцаалт явуулсан мөнгө угаах гэмт хэргийн 10,8 хувь нь дангаар, 89,2 хувь нь давхар зүйлчлэгдсэн хэргүүд байна. Үүнээс 20,1 хувь нь залилах, 13,9 хувь нь авлига, 11,6 хувь нь татвар төлөхөөс зайлсхийх, 7,7 хувь нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдтэй давхар зүйлчлэгдэн шалгагджээ.
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 99 гомдол, мэдээлэлд хяналт тавьсан нь 55 буюу 5,7 хувиар буурсан. Үүнээс 55,5 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 36 буюу 36,3 хувьд нь Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүү шүүлт тулгах”-аар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ.
Эрүү шүүлт тулгах 58 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 47 буюу 81 хувийг хааж, 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 347 хэрэгт хяналт тавьсан нь 17 хувиар буурч, үүнээс 183 хэрэг буюу 72,3 хувьд прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан хүмүүсийн насны байдлыг авч үзвэл, 5,3 хувь нь 17 хүртэл, 70,7 хувь нь 18-29 насны, 22,2 хувь нь 30-44 насны, 1,6 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаагийн 93,4 хувь нь эрэгтэй, 85,1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг 1282 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 37 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 33 хувь буюу 424 хэргийг хааж, 13 хэргийг хэрэгсэхгүй болгон, 38,7 хувь буюу 492 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн.
Хяналт тавьсан нийт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 44,5 хувийг Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 36,1 хувийг Хууль бусаар мод бэлтгэх, 11,7 хувийг “Хууль бусаар ан агнах” гэмт хэргүүд тус тус эзэлж байна.
2020 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 76.884 гэмт хэргийн улмаас нийт 55.815 хүн хохирсны 2144 буюу 3,9 хувь нь хүүхэд байна.
Үүнээс 338 буюу 15,7 хувь нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх, 40 буюу 1,8 хувь нь хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон, 73 буюу 3,4 хувь нь Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан "Хүүхдийн эсрэг" гэмт хэрэг, 1693 буюу 78,9 хувь бусад төрлийн гэмт хэргийн улмаас хүүхэд хохирчээ.
Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг өмнөх оноос 12,9 хувиар буурсан байх ба прокурор 146 буюу 41,9 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
2020 онд Хүн худалдаалах нийт 34 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өмнөх онтой ижил түвшинд байгаа боловч 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 40 хувиар өсчээ.
Хүн худалдаалах гэмт хэргийн 3 буюу 8,8 хувь нь Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн хэрэг байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2351 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 21,2 хувиар буурсан байна. Эдгээр хэргийн 63,5 хувь нь Нийслэлд, 36,5 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Нийт хяналт тавьсан хэргийн 41,2 хувьд нь прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
3. Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2020 онд хийсэн ажил, гарсан үр дүн:
Прокурорын байгууллагад 1 их наяд 272 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн дүн бүхий 1796 хүсэлтийг төрийн байгууллагуудаас ирүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцсоноос төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж 1605, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж 167, аль аль нь зөрчигдсөн гэж 24 хүсэлтийг хүлээн авсан байна.
Прокурор өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмнөх онд 102 удаа оролцсон бол энэ онд 618 удаа оролцож 5.1 дахин, прокурорын нэхэмжлэл 102 байснаас 311 болж 2 дахин өссөн байна.
Прокурор цагаатгалын нөхөх олговор, түүнтэй холбоотой садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй 932 иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцож, шүүх 40.2 тэрбум төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй 19 хэрэгт прокурор оролцож, шүүх 1.6 тэрбум төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 60 хэрэгт 376.3 тэрбум төгрөгийн, зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 21 хэрэгт 12 сая төгрөгийг, бусад төрлийн иргэний 423 хэрэгт 182.4 тэрбум төгрөгийг, нийт 504 хэрэгт прокурор оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.
4. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээ:
Прокурор 2020 оны байдлаар хорих ял эдэлж байгаа 7200 хоригдол, цагдан хоригдсон 6200, зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 17000, албадан саатуулагдсан 7995 хүн, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн нийт 12102 ялтан, 4786 хүн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 8101 этгээд, зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл, албадлагын арга хэмжээ авагдсан 4786 хүн 554 хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тус тус хяналт тавин ажилласан байна.
Прокурор хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 6321 удаа танилцаж, 877 шалгалт хийж, шалгах танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 3020 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх чиглэлээр 151 прокурорын шаардлага бичиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй 79 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулсан байна.
Прокурор шалгах, танилцах ажиллагааны явцад хорих анги, цагдан хорих байранд хоригдол, хоригдсон этгээдийг тогтоол шийдвэргүй хорьсон, шийдвэрт заасан хугацаа хэтрүүлсэн 8 зөрчлийг илрүүлж, 8 хүнийг прокурорын тогтоолоор суллаж зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.
5. Бусад ажлын чиглэлээр:
Прокурорын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос нийт 18070 гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оноос 521 буюу 2,9 хувиар өсчээ. Үүнээс 799 буюу 4,9 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр, 15082 буюу 93,2 хувь нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр, 135 буюу 0,9 хувь нь шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр, 175 буюу 1 хувь нь ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр байна.
Иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос бичгээр болон 1800-1919 тусгай дугаарын утсаар, санал гомдлын хайрцгаар прокурор, ажилтны сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нийт 279 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оноос 24 буюу 8,6 хувиар өссөн байна.
Тусгай дугаарын утсанд ирүүлсэн гомдол өмнөх оноос 63 буюу 42.5 хувиар өссөн байна.
Иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан гомдол, мэдээллийн 24 буюу 15 хувь нь прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байна.
Нийт 80 прокурорт сахилгын шийтгэл оногдуулсан нь 26,6 хувиар буурсан бөгөөд 47 буюу 58,7 хувьд сануулах, 28 буюу 35 хувьд албан тушаалын цалингийн хэмжээ бууруулах, 2 буюу 2,5 хувьд зэрэг дэв бууруулах, 3 буюу 3,75 хувьд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.
Хэвлэлийн мэдээ 448, ярилцлага 52, нэвтрүүлэг 12, подкаст 24, видео шторк 39, мэдээллийн хуудас 77, хэвлэлийн бага хурал 5 удаа зохион байгуулж, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллав.
Нийслэлийн прокурорын газраас 2020 онд хяналт тавьж ажилласан нийт эрүүгийн хэрэг, шийдвэрлэлт:
Нийслэлийн прокурорын газар нь Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Залилах, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Санхүү, Мөнгө угаах, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэг, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хүлээн авч шалгаж буй гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт тус тус хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн прокурорын газраас 2020 онд 1132 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 1466 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажиллав.
Нийт хяналт тавьсан хэргийн 48.7 хувийг Цагдаагийн байгууллага, 44.2 хувийг Авлигатай тэмцэх газар, 4.7 хувийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, 2,2 хувийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шалгасан байна.
Хяналт тавьж ажилласан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 71 буюу 6.6 хувиар өсч, эрүүгийн хэрэг 281 буюу 16.0 хувиар буурчсан. Энэ нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орж гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах хугацаа нэмэгдсэнтэй холбоотой байна.
Хэрэг бүртгэлт явуулсан 1184 хэрэгт хяналт тавьж, 30.0 хувь буюу 356-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 34.3 хувь буюу 407 хэргийг хааж, ажиллагаанд 405 хэргийн үлдэгдэлтэй байна.
Мөрдөн байцаалтын 651 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 323 буюу 49.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 1.8 хувийг түдгэлзүүлж, 5.0 хувийг нь хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналт тавьсан мөрдөн байцаалтын нийт хэргийн 214 буюу 32.8 хувийг Авлигын гэмт хэрэг, 231 буюу 35.4 хувийг Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 1,8 хувиар, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн хэрэг 11.6 хувиар өсөв. 2019 онд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 685 хэргийн 328 буюу 47.8 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан бол 2020 онд 651 хэргийн 323 буюу 49.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдал:
Нийслэлийн прокурорын газар нь мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс орон дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг бүрэн, шуурхай шалгуулах зорилгоор олон талт, шат дараалсан удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хяналтын ажлыг эрчимжүүлсний үр дүнд удаан хугацаанд шалгагдсан, улс төрд нөлөө бүхий этгээд холбогдсон цөөнгүй хэргүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээ.
Тухайлбал: 2020 онд М.Энхсайханд холбогдох /ерөнхий сайд асан/ хэрэг, Б.Мөнгөншагай нарт холбогдох /Салхитын мөнгөний ордтой холбоотой/ хэрэг, Д.Эрдэнэбат нарт холбогдох /Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар шилжүүлсэнтэй холбоотой/ хэрэг, Ж.Эрдэнэбат нарт холбогдох /ерөнхий сайд асан/ хэрэг, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох /Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сантай холбоотой/ хэрэг, Улсын Их хурлын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргүүд байна.
Түүнчлэн олон үйлдэл, олон яллагдагчтай мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй, эдийн засгийн болон залилах, мөнгө угаах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал:
-Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох 213 хавтаст хэрэг,
-“Өгөөжтэй өв” ХХК-ийн захирал М.Чинбат нарын 30 хүнд холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлосон, мөнгө угаасан гэмт хэрэг,
- Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Лью Тингхуа /Liu Tinghua/ нарын 15 хүнд холбогдох цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан, мөнгө угаасан, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан хэрэг
-2012 оноос хойш шалгагдсан А.Урансайхан нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 56 хавтаст хэрэг,
-2014 оноос хойш шалгагдсан Б.Цагаандарь нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 33 хавтаст хэрэг,
-Казахстан улсын иргэн М.Марат, Э.Оюунчимэг нарт холбогдох 11350 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 595 хавтаст хэрэг,
- Б.Мөнхтуяа нарт холбогдох 260 хохирогчтой, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй 25 хавтаст хэрэг,
- 2012 оноос хойш үйлдэлтэй Б.Гүррагчаа нарын 6 хүнд холбогдох 35 үйлдэлтэй залилах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэв.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураан авсан ажиллагааны үр дүнгийн талаар
Нийслэлийн прокурорын газраас Авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал онцгойлон анхаарч ажиллаж тодорхой үр дүн гарсан.
2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт 48 гэмт хэрэгт 21,586,213,463 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болохоор шүүхээр шийдвэрлүүлэв. Зарим хэргүүдээс дурдвал:
-Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн С.Баяраас 3,569,148.56 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5,580,444.000 төгрөгийг, 1,097,130,673 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,
-С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байгаа 5,766,040,000 төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг,
-Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос нийт 4.010.452.844 төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө,
-Ш.Мөнгөншагай нарт холбогдох /Салхитын мөнгөний орд/ хэрэгт 190,000,000 төгрөг, 1,445,200 америк долларыг,
-Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлэв.
2020 оны 4 дүгээр улиралд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг
Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр улиралд нийт 66 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв. Үүний 20 буюу 33.3 хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэг байна. Тухайлбал:
-Х.Бээжинд холбогдох “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, худал мэдээлэл тараах үйлдэлтэй....” эрүүгийн хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Улсын Дээд шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоож ирүүлээд байна.
-З.Баянсэлэнгэ нарт холбогдох “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
-Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах...” хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1, 821.1 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ны яллах дүгнэлт үйлдсэн ба Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРГҮҮД ЯАСАН БЭ НАЙМААЛЦАХ ГЭЭЧ БОЛООГҮЙ БИЗ ЗААВАЛ ЯЛЫГ ҮҮРҮҮЛЭХ ХҮН АРД ТҮМНИЙ ХѲРѲНГИЙГ ХУЛГАЙЖ РѲРѲНГѲЖСѲН ХҮН