Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр бол манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр билээ.
Түүхэн өдрийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат өнөөдөр /2021.01.13/ тус аймагт амьдарч байгаа шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудаа хүлээн авч санал сэтгэгдлийг сонсож хүндэтгэл үзүүллээ.
1990 онд манай Дархан хотоос Ардын Их Хуралд 8 депутат сонгогдон ажилласан. Өнөөдөр эдгээр депутатуудаас 3, өөр аймгаас депутатаар сонгогдож байсан 5 хүн манай аймагт ажиллаж, амьдарч байна.
Уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат: "Монгол Улсын төр нэн шинэ, гэгээн түүхийг гардан бүтээлцэж, гарамгай гавъяа байгуулсан хүмүүс бол тэр үеийн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүд-депутатууд юм. Та бүхний гар бие, сэтгэл зүтгэл, оюун ухаанаа чилээн хэлэлцэж баталсан Үндсэн хууль нь Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг тавьж өгсөн билээ" гэв.
Мөн шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо, аймгийн ИТХТ-ийн ажлын алба хамтран төрийн албан хаагчдын дунд АХА тэмцээнийг зохион явуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )