ТЭР ТОМ

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

(Бүтээгч шаналахуйн цаана нуугдагч)


Бөмбөрцөг зүрхээ хайраар дүүргэж, бусдын төлөө цалгиах юмсан

Бөмбөрүүлж өсгөсөн ээжийгээ ачилж, Цагаан Дарь-Эх бүтээх юмсан...

 Яруу найрагч, зохиолч Бидэр.Баярсайханыг зарим нь тун азтай эр гэлцэх нь бий. Юу гэхээр, тэрбээр “Сумын заан” шүлгээрээ олны сэтгэлд бат хоногшсон Ч.Мягмарсүрэн найрагчийн гарын ганц шавь нь төдийгүй хүүрнэл зохиолын их мастер П.Баярсайханы шавь юм. Түүний нэрийг би анх 1991 оны өвөл бил үү, Ч.Мягмарсүрэн найрагчийнд очихдоо сонссон юмдаг. Тэгэхэд зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэн намайг дагуулан I хороололд байдаг асан найрагчийнд очсон бөгөөд бид гурав энэ, тэрийг хүүрнэн суух зуур би нэг шүлэг уншиж, дараа нь Пүүжээ маань Ч.Мягмарсүрэн найрагчийн “Бальгаа” шүлгээс сэдэвлэн нэг сонин бүтээл хийх санаатай байгаа тухайгаа ярьсанд тэрбээр дуугүй бодлогоширч сууснаа надад хандан: “Уг нь би чамайг шавьтайгаа танилцуулах байлаа. Түрүүхэн байж байгаад гараад явсан, одоо орж ирэхгүй л дээ. Дараа ирэхэд чинь танилцуулна аа. Тэр их том” гэж билээ. Гэвч надад тэр том хүний барааг харах завшаан тохиосонгүй. Тэр хавар төгсөөд нутаг руугаа явав. Тэгээд 1995 оны өвөл анх удаа “Болор цом”-д орохоор М.Баттөмөр ах, Х.Эрдэнэбаатар хоёртой цуг Ховдоос ирэхдээ наадам тарсаны дараа нөгөө том хүн маань олон хүнээр бүчүүлээд бүлтгэнэн зогсож байхыг харсан юм. Яасан гэсэн чинь, тэгэхэд “Болор цом”-д уншигдах шүлгүүдийг түрүүлээд “Утга зохиол, урлаг” сонинд хэвлэсэн байлаа. Шүлгээ унших найрагчид зөвхөн сонинд хэвлэгдсэн тэр шүлгээ л унших ёстой байв. Гэтэл Х.Эрдэнэбаатарын алдарт “Урианхайн хөх уулс”, Х.Чилаажавын “Цахиур Төмөрийн дуулал” гээд олон сайхан шүлгүүд уншигдсан тэр “Болор цом”-д Б.Баярсайхан сонинд хэвлүүлсэнээсээ өөр шүлэг уншаад хасагдахгүй юу. Түүнээсээ болоод олон хүнээр бүчүүлэн, заримд нь загнуулж зогсоо түүн рүү Эрка, бид хоёр дөхөж очтол тэрбээр аргаа барсан бололтой: “Энэ хүмүүс намайг тэнэг гээд байна!” гэсэн нь надад яг л зэмлүүлсэн хүүхэд шиг гэнэхэн санагдсан сан. Тэр “Болор цом” бол Х.Чилаажав, Б.Баярсайхан, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, С.Цоозол, М.Амархүү, С.Амартайван гээд 90-ээд оныхон анх удаа хамгийн олуул оролцсон наадам байсан бөгөөд түүнээс хойш Б.Баярсайхан “Аргал хатаагүй зун” анхны шүлгийн түүвэртэйгээ Ховдод ирэхэд би өөр ажилтай байгаад уулзаж амжаагүй, тэгээд их олон жилийн дараа нүүр хагарч билээ.

Хон хэрээнээс урт наслах юмсан, гурван зуун жил амьдрах юмсан

Хорвоо ертөнцийг таньж гүйцээд, нэг л өглөө мордоод явчих юмсан

Хойдын өдөр эргэж ирэхэд хэрэг болно гэж жаахан ном сурах юмсан

Хоосон лонхонд мянган жил суугаад, загасчны торонд тээглэх юмсан...

Тэр үед ингэж бичиж байсан хүнийг чинь том гэлгүй ч яахав. Гэсэн ч тэрбээр УБИС-ийн утга зохиолын анги төгсөөд Монголын радиод очиход хүүрнэл зохиолын нэрт мастер П.Баярсайхан түүнийг: “Энэ хүү бол миний залуу нас байгаа юм” хэмээн түшиж авснаар яруу найргийн замаасаа хазайхад хүрсэн гэдэг. Товч хэлэхэд, П.Баярсайхан зохиолч түүнийг: “Чи ер нь проз бич. Чи бол прозын хүн” гэснээр түүний богино өгүүллэгт хүч сорих зам эхэлжээ. Анх түүнтэй МЗЭ-ийн Хороон дээр нүүр тулж уулзаад, цөөн хэдэн хором уран бүтээлийн тухай ярьж суухад олон жилийн өмнө Ч.Мягмарсүрэн найрагчийн: “...Тэр том” хэмээсэн үг тархинд зурсхийн харвасныг би мартдаггүй.

Үглээ бяцхан болжмор нь

Өглөөг зарлан жиргэдэг

Миний Архангай!...

Түүний анхны шүлэг. Тэрбээр 1986 онд бичсэн эл шүлэгтээ хайртай. Дараа нь бичсэн “Адуу хураах сайхан” шүлэг нь 1989 оны “Пионерийн үнэн” сонинд А.Эрдэнэ-Очирын “Хавар” шүлэгтэй хамт нийтлэгдэж байж. Нэг удаа би түүнтэй ярьж суухдаа Ч.Мягмарсүрэн найрагч өөрийг нь: “Тэр том” хэмээн дүгнэсэн тухай хэлсэнд тэрбээр: “Миний муу багш яахав дээ. Намайгаа хөөргөж байхгүй юу. Миний “Заставын бэр” шүлгийг л жаахан тоосон санагддаг. Бусдыг нь усан будгийн зураг шиг юм байна гэдэг байлаа” гэсэн юм. Б.Баярсайхан тун даруухан шигээ их нийтэч зантай. Ялангуяа үзэг нэгт нөхөддөө маш элгэмсүү байдаг нь үнэхээр хүндлүүштэй санагддаг. Түүний бусдад үзүүлж буй найрсаг хандлага заримдаа бүр өхөөр төрүүлнэ. Нэг удаа би яруу найрагч, сэтгүүлч Б.Төгсжаргалын захиалгаар Цагдаагийн ойд зориулж бичсэн шүлгээ радиод бичүүлэх болж нийслэл хот оров. Тэгээд радио дээр очтол Баяраа сууж байна. Намайг хараад сүйд болж, ямар хэргээр явааг асуугаад, шууд найруулагчаа дуудан: “За, чи Уянсүх найрагчийн шүлгийг яг одоо бич!” гээд хамт гаргав. Тэгээд би студид орж шүлгээ бичүүлж дуусаад гарах санаатай хаалга түлхсэн чинь таг. Гайхсандаа огцом түлхтэл Баяраа гаднаас нь дараад зогсож байсан юмсанж. Өөрөөр хэлбэл, намайг радиод шүлгээ бичүүлж байхад өөр хүн амьтан хаалга онголзуулж үймүүлэх болуужин гэсэндээ сэрэмжилж буй нь тэр. Түүний тэр том санаачлага нь надад нэг л халуун дотно санагдаж: “Радиогийн даргаар хаалгаа даруулаад бичлэг хийлгэж байдаг, би тийм сүрхий том хүн болоо юу?” хэмээн өрөөсөө асууж билээ.

Тэмүүлэгч идэр хөвгүүн шиг гэгээн алсад одохоор яарах юмсан

Тэнгэрийн харъяат бүргэд мэт далавчаа дэлгэн шүхэрлэх юмсан...

          .               .               .

Үр жимс тоншиж, үр зулзагаа хооллох эх шувуу шиг бөртөлзөх юмсан

Үгээгүй гуйланчлал, язартал бэлжихээс хагацаж, гуниггүй л явах юмсан...

Зарим хүмүүс “...тун азтай эр” хэмээн дүгнэдэг Б.Баярсайхан өөрийгөө: “Би анх 90-ээд оны давалгаанд татагдаж орсон, одоо ч тэр хэвээрээ яваагаа азтай гэж боддог” хэмээн ярьдаг. Тэрбээр яруу найрагч төдийгүй богино өгүүллэгийн мастер. Олон жилийн өмнө сонинд өгсөн ярилцлагадаа өгүүллэгээ бичих гэж их уддаг, яах гээд байгаагаа мэдэхгүй гөлийгөөд л яваад байдаг, тэгж байснаа гэнэт бичихдээ их амархан бичдэг тухайгаа ярьсан байсан нь надад их ойр санагдаж, тэр хэдхэн үгнээс нь түүний бүтээхүйн их шаналанг мэдрэх шиг болж билээ. Түүний тэр шаналан, түүний цаг үргэлж өөрийгөө чамласан уйгагүй эрлээс төрсөн “Өлөгчин” өгүүллэг 2009 оны богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд (уг наадамд Баяраа анх удаа орж буй нь тэр) III байр эзэлж, дараа жил нь буюу 2010 онд “Эртний явдал” өгүүллэгээрээ шууд тэргүүн байр эзэлсэн төдийгүй эл наадамд нийт 5 удаа оролцохдоо эхний 5 байрыг тавууланг нь эзэлсэн амжилт нь түүний чансааг илтгэнэ. Басхүү тэрбээр 90-ээд оныхноос он удаан жил удирдах алба хашсан цөөхөн хүмүүсийн нэг. Юу гэхээр, тэрбээр 22 настай Монголын радио хэмээх их айлд очоод, 24 настай орлогч захирлаар томилогдож, 2015-2018 онд Ерөнхий захирлын албыг хашсан юм. Тийм урт удаан хугацаанд удирдах алба хашсан яруу найрагч, зохиолчид цаг заваасаа шалтгаалаад ихэнх нь уран бүтээлээсээ хөндийрдөг бол Баяраа тэгсэнгүй. Тэрбээр өдий болтол уран бүтээлээ туурвисаар явна. Түүний өгүүллэгүүдийг би чансаа, ур хийц, өгүүлэмж, хэл... гээд бүх талаараа яах аргагүй өмнөх үеийн дархлагдсан авъяастнууд болох Д.Норов, Д.Намсрай, П.Баярсайхан... гээд томчуулын зиндаанд очсон гэж боддог. Түүн шиг монгол ахуй, уламжлалт сэтгэлгээг ноцож, нарийн уртай бичдэг хүн өнөөдөр нэн ховорджээ. Жишээ нь, би Д.Норов зохиолчийн “Мөнхийн дуудлага”, “Тэжээвэр”, “Хөх тавилан”, Д.Намсрайн “Тооройн төгөл”, “Дүүриймаа”, П.Баярсайханы “Гэрэл гэгээг хүснэ”, “Сармагчин бол сармагчин”, Д.Энхболдын “Паанан”, “Соёо” шиг амьтай зохиолууд дахин төрөх эсэхэд ихээхэн эргэлздэг болоод байлаа. Гэтэл Б.Баярсайхан, Б.Золбаяр хоёр миний тэрхүү эргэлзээг арилгасан юм. Тэр тусмаа Б.Баярсайхан өмнөх бичсэнүүдээ бүгдийг нь голж, нэг сайхан тууж бичих юмсан хэмээн туж шаналж яваа нь надад түнэр харанхуйн тэртээгээс оч цахилан гялбах шиг том найдвар төрүүлсэнийг нуух юун! Яагаад гэхээр би түүний шаналангийн, түүний уйгагүй эрлийн үр шимээс зах зухыг нь хүртэж мэдэрсэн болохоор түүнд тийм том найдлага тавьж байгаа юм. Тэгээд ч том бүтээл их шаналангаас л төрдөг шүү дээ.

Онгодоо дуудан нойргүй тарчилж, аугаа ихийн эрэлд хатах юмсан

Одоо байхгүй аав, шилбүүр унасан балчир насандаа нэг очих юмсан...    

Тийм ээ, тэр үнэхээр ТОМ юм! ТОМ гэдэгт нь би одоо итгэж байна.

  М.Уянсүх 2021.01.10

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top