Алексей Навальныйг баривчилсан нь олон улсад шуугиан дэгдээлээ

2021 оны 01 сарын 20

ЭХ ОРНЫХОО ХИЛИЙГ АЛХАЖ АМЖИЛГҮЙ БАРИВЧЛАГДАВ

 

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг өнгөрсөн ням гарагийн орой Германаас эх орондоо ирмэгц баривчилсан нь дэлхийн тэргүүлэх мэдээллийн хэрэгслүүдийн  гол сэдэв болж, олон улсад шуугиан дэгдээгээд байна.

Түүний суусан онгоц Москвагийн Внуково нисэх буудалд газардах байсан ч Шереметьевод буулгаж А.Навальныйг шалган нэвтрүүлэх цэгт дөнгөж ирмэгц баривчилсан нь  эх орныхоо хилийг алхаж амжаагүй байхад нь барьсан үйлдэл болсон юм. А.Навальный энэ үеэр өөрийг нь буруутгаж байгаа үндэслэлүүд худлаа болохыг мэдэгдээд хилс хэрэг тулгуулахдаа эмээлгүй эх орондоо ирлээ хэмээжээ. Баривчилгааны үеэр тэрээр өмгөөлөгчтэйгээ уулзахыг хүссэн ч цагдаагийнхан хүлээж авсангүй.

Өмгөөлөгч Ольга Михайловагийн сүүлд өгсөн мэдээллээр А.Навальныйг нямаас даваа гарагт шилжих шөнө Химки хотын цагдаагийн хэлтэст хүргэсэн ажээ. Хамгийн сүүлийн дүгнэлтээр бол А.Навальныйг олон удаагийн гэмт үйлдэлтэй, тэр дундаа санд хуримтлуулсан мөнгийг хувьдаа завшин шамшигдуулсан хэмээн үзэж луйврын хэргээр тэнсэн харгалзах ял оноогоод байгаа билээ. Тэнсэнгийн хугацаанд удаа дараа хоригийг зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг буруутгаад байгаа юм. Харин дэмжигчид нь сөрөг хүчний удирдагчийг хордуулсан хэргээсээ болж бантсандаа эрх баригчид түүнийг барилаа гэж үзэж буй ажээ.

А.Навальный эх орондоо буцах тухайгаа өнгөрсөн долоо хоногт зарласан бөгөөд Внуково нисэх онгоцны буудалд нэгдүгээр сарын 17-ны өдөр дэмжигчидтэйгээ уулзан мэндчилнэ хэмээн хэлж байв. Тухайн өдөр маш олон хүн түүнийг угтахаар тус онгоцны буудалд цуглараад байжээ.

Сөрөг хүчний удирдагчийг суллахыг олон улсын байгууллагууд, нэр бүхий улстөрчид шаардсаар байна. Европын холбооны удирдагчид, тухайлбал Европын зөвлөлийн дарга Шарль Мишель А.Навальныйг даруй суллахыг шаардлаа. Латви, Литва, Эстони зэрэг Балтын орнууд Европын холбооны шаардлагыг Оросын тал хүлээж авахгүй бол Москвагийн эсрэг хориг тавих хэрэгтэй хэмээн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. Францын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Агнис Фон дер Муль, Италийн Гадаад хэргийн сайд Луижи Де Майо, Германы дэд Канцлер О.Шульц нар ч ижил утгатай мэдэгдэл гаргав. Түүнчлэн Австри, Канад, Чехийн Гадаад хэргийн яамдын тэргүүнүүд ч А.Навальныйг баривчилсныг эрс эсэргүүцжээ. Оросын эрх баригчдыг шүүмжлэгчийг нэн даруй суллахыг хүний эрхийн “Amnesty International” байгууллагаас мөн мэдэгдээд байгаа юм. “А.Навальныйг баривчилсан нь Оросын эрх баригчид түүнийг дуугүй байлгахыг хүсэж байгаагийн нэг  илрэл. Ингэснээр  өндөр дээд тушаалын хүмүүсийн захиалгаар тусгай хүчнийхэн А.Навальныйг хордуулсан байж болохыг сайтар нягтлан шалгах шаардлагатайг харууллаа” хэмээн “Amnesty International” -ын Москвагийн салбарын захирал Наталья Звягина мэдэгджээ.

Тэдний мэдэгдлийн хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Гадаадын улс орнууд бүрэн эрхт тусгаар улсын хэрэгт оролцохоосоо илүүтэй өөрсдийн дотоод асуудалдаа анхаарах хэрэгтэй” гэсэн хариу барьсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Уучлаарай, түүнийг Германы нутаг дэвсгэрт байхад нь бариагүй биз дээ. Би ойлгохгүй байна” хэмээгээд амралттай байсан учраас болсон үйл явдлын араас ажиглалт хийж амжсангүй гэж тодотгожээ. Түүгээр үл барам ОХУ-ын талаас нисэх онгоц өөр буудалд буусныг “Внуково нисэх онгоцны буудалд цас цэвэрлэж байсан машины дугуй хунгарт шигдсэн учир үүссэн нөхцөл байдлын улмаас техникийн шалтгаанаар дөрвөн ч онгоцыг өөр буудалд буулгахад хүрсэн” хэмээн тайлбарлав.

А.Навальныйг “сөхрүүлэх”-ийн тулд өнгөрсөн хугацаанд шүүхээр оруулж, гэрийн хорионд байлгаж, ахыг нь барьцаалан түүнд гурван жил хагас шоронд суулгах ял оноож, эцэс сүүлд нь хүйтэн дайны үеийн “Новичок” хэмээх хороор хордуулсан гээд байж болох бүх талын арга хэрэглэснийг Их Британийн Guardian сонинд дурдсан байна. А.Навальныйг М.Ходорковскийн нэгэн адил урт хугацаагаар хорих ялаар шийтгэж магадгүй хэмээн тэнд бичжээ.

Эргэн сануулахад А.Навальный 2020 оны наймдугаар сарын 20-нд Томск хотоос  Москва орохоор нисэж явахдаа ухаан алдаж, нисэх багийнхан шуурхай арга хэмжээ аван Омск хотод буулт хийж, эмнэлгийн тусламж үзүүлж байсан билээ. Тэнд хоёр хоног эмчлүүлээд Германы Берлин хотод эмчилгээгээ үргэлжлүүлэхээр явсан агаад тэндхийн лабораторийн шинжилгээгээр “Новичок” хэмээх хороор хоруулсан тухай дүгнэлт гарч байв. Швед, Францын лабораториуд уг дүгнэлтийг баталсан хэмээн тухайн үед мэдэгдэж байлаа. Хожим, өнгөрсөн оны сүүлээр  А.Навальныйн дотуур өмдөнд тус хорыг шингээсэн байснаас аминд нь арай хүрэлгүй өнгөрчээ гэсэн дуулиан олон улсад дэгдсэн билээ.

Эрх баригчдыг хурцаар шүүмжлэгчийн цаашдын хувь заяа хэрхэх нь эх оронд нь болон олон улсын хүрээнд түүнийг дэмжигчдийн эсэргүүцэл хэр идэвхтэй байхаас шалтгаална хэмээн шинжээчид үзэж байна. ОХУ дахь дэмжигчид нь ойрын өдрүүдэд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахаа мэдэгджээ.

А.Навальныйг баривчилсан үйл явдал жинхэнэ театрчилсан жүжиг мэт байсныг Independent сонинд бичжээ. Тэнд нийтэлснээр эхний үзэгдэл нь агаарт болсон байна. А.Навальныйн суусан онгоц замаасаа хазайж, чиглэлээ бүрмөсөн өөрчлөн Внуковогийн буудалд хэтэрхий олон дэмжигчид нь цугларсан байна гэсэн шалтгаанаар  Шереметьевод буусан. Түүнийгээ “техникийн шалтгаанаар” хэмээн цайруулжээ. А.Навальный онгоцонд туйлын тайван байж, онгоцны үйлчлэгчдийн хамт зургаа татуулж, инээдмийн уран зөгнөлт “Рик Морти хоёр” хэмээх цувралыг үзэж явсан тухай хэвлэлд бичжээ. А.Навальныйн зорчсон онгоцонд олон сэтгүүлч суусан байжээ. Тэд үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлах зорилготой байсан юм.

Вашингтон пост сонинд тэмдэглэснээр А.Навальныйг шоронд хорих нь урт удаан хугацаанд үргэлжлэх үр дагаварыг араасаа дуудаж мэдэх ажээ. Сөрөг хүчний тэмцэл, олон улсаас ирэх шинэ хоригууд нь Кремльд учирч болох асуудлуудын зөвхөн нэгээхэн хэсэг нь хэмээн үзэж болох аж. Уг баривчилгаа харин ч эрх баригчдын санаснаас өөрөөр эргэж, сөрөг хүчнийхнийг улам дэвэргэсэн үйлдэл боллоо хэмээн үзэх шинжээчид ч байна. Сөрөг хүчний удирдагчийг шүүхийн шийдвэр гартал хорих тухайгаа цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.

 

А.НАВАЛЬНЫЙГ ДЭМЖСЭНИЙ УЧИР 70 ШАХАМ ХҮНИЙГ БАРИВЧЛААД БАЙНА

 

А.Навальныйг эх орондоо ирэхэд нь дэмжин цугларсан хүмүүсээс Москва, Санкт-Петербургт 70 шахам хүнийг баривчилсны 62 нь нийслэлд баригджээ. Тэдний дунд насанд хүрээгүй хоёр хүүхэд, зургаан сэтгүүлч бий гэнэ. Сэтгүүлчид “Пресс” гэсэн бичээс бүхий өмсгөлтэй байсан ч цагдаа нар үл тоож, заримыг нь зоджээ. Баригдсан хүмүүсийг цагдаагийнхны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, цар тахлын улмаас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын горим зөрчсөн, зөвшөөрөгдөөгүй цуглаанд оролцсон гэх зэрэг зөрчилд буруутгаж буй ажээ. Барих явцдаа цагдаагийнхан гурван хүний биед гэмтэл учруулжээ. Екатерина Бушкова хэмээх бүсгүй нүдийг цохиж гэмтээснээс болж түргэн тусламж дуудахад хүрсэн байна.

Цугларагсад гартаа “Орос эрх чөлөөтэй болно”, “Эрх чөлөөг хүснэ” гэх зэрэг утгатай уриа барьсан байжээ. Энэ талаар Оросын хэвлэлүүдэд бичсэн байна. Ийнхүү сөрөг хүчний удирдагчийг баривчилсны улмаас хойд хөршид эрх баригчдын эсрэг жагсаал, хөдөлгөөн өрнөж болзошгүй байдал үүсэж, олон улсын зүгээс шинэ хоригт өртөж магадгүй боллоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэг(66.181.185.74) 2021 оны 01 сарын 24

манай аугаа Хүрэлсүх ерөнхийлөгч болбол ийм хүчирхэг улс болнодоо. тиймээс аугаа удирдагч манлайлан дагуулагч урам зоригийг бадраагч У.Хүрэлсүхээ дэмжин дагасугай. материал түүхий эдийн аугаа нийлүүлэгч улс болон аугаа хятадын ард түмэнтэй найрамдан муу сайн барууны чөтгөрүүдийг үлдэн хөөж эрх чөлөө гэж ярьсан дураараа дургигчидыг хөдөлмөрийн хорих лагерт цөлж, аугаа удирдагчын дүүгийн уурхайнуудад ажиллан хөдөлмөрийн үр шимээр жилдээ нэг удаа мандарин идэж, байргүй айлуудыг олон өрөө байртай айлуудтай нэгтгэн нэг айл нэг өрөө төслийг хэрэгжүүлэн утаа бохирдлоос сална,

0  |  1
Зочин(103.212.119.152) 2021 оны 01 сарын 24

Оросын нельсон мандела боллоо доо, хүний эрх эрх чөлөө гэж хойд хөршид урд хөршид ч байхгүй,

1  |  1
зочин(139.5.217.143) 2021 оны 01 сарын 24

Гадныхантай нийлчэхээд худлаа ардчилал эрх чөлөө яриад яваад байгаа хүнийг барих ч багадах байхаа оросыг тараах зорилготой нөхөр дөө ЗХУыг тараасан шиг .мэджийнэ нээрээ

1  |  1
Top