АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жозеф Байден орон нутгийн цагаар энэ нэгдүгээр сарын 20-ны их үдэд буюу Улаанбаатарын цагаар нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө дунд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Энэ зуур Цагаан ордон шинэ эзнээ хэрхэн угтаж, хуучин эзнээ үдэж буйг ВВС мэдээллээ.
ЯГ Л ЭЗЭД НЬ ХАА НЭГ ТИЙШ ЯАРАН ОДСОН МЭТ
Цагаан ордны эзэн солигдон шинэ Ерөнхийлөгч ирэх бүрд үймээн бужигнаан, хөл хөдөлгөөн ширүүсдэг заншил ёсоор Жо Байдены тангаргийн ёслолын босгон дээр тэнд нүүдэл, суудал үргэлжилсээр. Стивен Миллер бол Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд эхнээс нь төгсгөл хүртэл хамт ажилласан цөөн хүний нэг, хэлэх үгийнх нь санааг гаргаж, үгийг нь бичиж ирсэн бодлогын гол зөвлөх нь билээ. Байнгын нөр ажилд дарагдаж байдаг тэрээр Дональд Трампын ажлын сүүлийн өдөр Цагаан ордны баруун жигүүрт амарч, нөхөдтэйгээ хууч хөөрч, тангаргийн өмнө болох зөвлөгөөний талаар хэлэлцэн огт яарсан шинжгүй сууна.
Үйл явдал үргэлжлэн өрнөж, чимээ шуугиан салдаггүй асан баруун жигүүр одоо нам гүм. Дуудлага тасардаггүй утаснууд чимээ аниргүй. Хоосорсон тасалгаануудын ширээн дээгүүр бичиг цаас, хаяглаагүй дугтуйнууд хөглөрнө. Яг л эзэд нь хаа нэг тийш яаран сандран гүйж одоод, хэзээ ч эргэж ирэхгүй юм шиг.
Өндөр тушаалын хэдэн арван түшмэд, туслахууд нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд болсон халдлагаас хойш ажилдаа ирээгүй билээ. Ердөө л Стивен Миллер зэрэг цөөн хүн Дональд Трампад эцсээ хүртэл үнэнч үлджээ. Нөхөдтэйгээ ярилцаад босоход нь түүнээс “Одоо хаачих вэ” гэж сэтгүүлч асуухад “Эргээд ажлынхаа өрөө рүү” хэмээн хариулав. Энэ бол түүний болон халагдаж буй Ерөнхийлөгчийн багийн хэдэн зуун албан хаагчийн хувьд Цагаан ордон дахь сүүлийн ажлын өдөр.
“Бартаат зам”
Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх энэ өдөр хуучин эздийн ул мөрийг арилгаж, эмх цэгц бүрдүүлэн Жо Байдены багийнханд зориулан Цагаан ордны бүх өрөө тасалгааг нямбайлан угааж цэвэрлээд дуусаж байна.
Уг нь Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц шинэ эздэд зориулсан эмх цэгц тогтоож эхэлдэг заншилтай ч энэ удаа тангаргийн ёслолоос тун бага хугацааны өмнө энэ ажлыг амжуулж буй нь энэ. Учир нь Дональд Трамп ялагдлаа удтал хүлээн зөвшөөрөлгүй гэдийсэн. Бас тэрээр Ерөнхийлөгч агсан Эндрю Жонсоны нэгэн адилаар, тэр үйл явдлаас бүтэн хагас зууны хойно буюу 152 жилийн дараа удаах Төрийн тэргүүний тангараг өргөхөд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Жо Байденг тангараг өргөхөөс цөөхөн цагийн өмнө Дональд Трамп Флорида дахь өөрийн Мар-а-Лаго өргөө рүү явах юм.
Пристонын их сургуулийн Америкийн түүхийн тэнхмийн профессор Шон Виленцийн хэлснээр Трамп явсан ч, яваагүй ч систем ажиллаж, зам бартаа, чулуутай байсан ч засгийн эрх шилждэгээрээ л шилжинэ. Өмнөх бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд бүрдсэн бичиг баримт, бусад зарим зүйлсийг Үндэсний архивт шилжүүлж, эхний 12 жилийн хугацаанд нууцын зэрэглэлд хамааруулна. Хэрэв экс Ерөнхийлөгч заримыг нь үүнээс өмнө нууцаас гаргана гэвэл тухайн үед хэлэлцэж байж шийдэх журамтай.
Нүүдэл, суудлын өдөр
“Явж буй Ерөнхийлөгчийн ажлын сүүлийн өдөр ямагт удирдлага дор атлаа эмх цэгцгүй өнгөрдөг” хэмээн Цагаан ордны тухай “Харш” номыг бичсэн Кейт Андерсон Брауэр дурссан билээ. Зууван танхим дахь алдарт “Резолют” ширээ, бусад тавилгууд, уран зураг, шил шаазангууд байрандаа үлдэнэ. Хуучин Ерөнхийлөгчийн хувийн эд зүйлсийг Мар-а-Лаго өргөө рүү нүүлгэжээ.
Цагаан ордны зургаан давхар, 132 өрөө тасалгаанд коронавирусний цар тахлын улмаас урьд өмнөхөөс ч илүү нямбай цэвэрлэгээ хийж байна. Ялангуяа Ерөнхийлөгч Дональд Трамп, түүний хэд хэдэн зөвлөх КОВИД-19-өөр өвчилж байсан учир илүү анхаарах учиртай.
Нүүж ирэх Жо Байден болон түүний гэр бүлийнхэн зарим нэг зүйлийг өөрчлөх нь гарцаагүй. Дональд Трамп л гэхэд нүүж ирмэгцээ Зууван танхимд өөрийн шүтдэг Америкийн долдугаар Ерөнхийлөгч Эндрю Жонсоны хөргийг өлгөж, хөшгүүдийг алтлаг өнгийнхөөр сольж байсан билээ. Тангараг өргөх өдөр дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийн гэр бүлийнхэн ч өргөөгөө шинэ дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон түүний нөхөр Даг Эмхофф нарт шилжүүлж, ХIХ зууны үеийн хауст төвхнөхөөр болжээ.
МЕЛАНИЯ ТРАМП ШИНЭ ТЭРГҮҮН ХАТАГТАЙГ ЦАЙНД УРИХГҮЙ
Уламжлал ёсоор халаагаа өгч буй тэргүүн хатагтай шинэ тэргүүн хатагтайд Цагаан ордныг танилцуулж, амьдран суудаг өргөөгөө үзүүлж, цэцэрлэгээр дагуулан зугаалж, хамт цай уудаг заншилтай. Харин Мелания Трамп энэ бүхнийг хийхгүй. Түүний оронд Мелания ард түмэндээ хандан үг хэлэв. Тэрээр “Өнгөрсөн дөрвөн жил мартахын аргагүй байлаа. Миний энэ ажил амьдралын минь аугаа их нэр төрийн хэрэг байсан” гээд америкчуудыг хэзээ ч битгий хүчирхийлэл үйлдээрэй, хүчирхийллээр юуг ч шийдэхгүй, хүчирхийлэлд зөвтгөл байхгүй хэмээжээ.
Ийнхүү Жо Байденыг Цагаан ордонд хүлээн авах бэлтгэл үндсэндээ хангагдлаа. Тангаргийн ёслолын үед хэт барууны үзэлтнүүд үймээн дэгдээхээс сэргийлж Цагаан ордон, Капитолыг хамгаалалтад авсан хэвээр байна. Гол байшин барилгуудыг хашаагаар хүрээлж, цонхнуудыг хаалтаар таглан гудамжуудад харуул хамгаалалт гарчээ.
Ёслолын үеэр дотроос халдлага гарч болзошгүй хэмээн тусгай хүчнийхэн сонор сэрэмжээ үлэмж дээшлүүлжээ. Жо Байден бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхэд хэдхэн цаг үлдлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )