УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, автозам, газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, үүнд дотоодын ажиллах хүчнийг оролцуулах, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн анги, салбар, цэргийн алба хаагчид амжилттай оролцож байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулснаар цэргийн алба хаагч залуусын цалин, орлого нэмэгдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэх шинэ эх үүсвэр бий болж, тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломж бүрдэх юм.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагдаж байсан Зэвсэгт хүчний хөгжлийн сан нь 8 төрлийн эх үүсвэрээр хөрөнгөө бүрдүүлэхээр хуулийн зохицуулалттай хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус сан нь зөвхөн энхийг дэмжих ажиллагааны нөхөн төлбөрөөс хөрөнгөө бүрдүүлж ирсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс орлого бүрдүүлж байгаагүй юм. Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтаас олох орлогын эх үүсвэрийн тоо хэмжээг тодорхойлох боломжгүй тул тухайн жилийн төсөвт хамаарахгүйгээр Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “Төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого” гэж заасантай нийцүүлэн түүний орлого, зарцуулалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн нэмэлт төсөв байхаар хуульчлан баталгаажуулж байгаагаараа онцлогтой.
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай сангийн төрөлд хамааруулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг Зэвсэгт хүчний тухай хуулиар, нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулах эрх зүйн зохицуулалтыг хийж байгаа нь цаг үеийн шаардлагад нийцсэн, ач холбогдол бүхий зохицуулалт болж байна. Энэ хуульд нэмэлт оруулснаар Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад байгаа зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийх, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Үүнээс гадна “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” нь улсыг батлан хамгаалах, зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, зэвсэглэл, техникийн шинэчлэл, бэлэн байдал, сургалт бэлтгэлтэй шууд холбоотой байдгаас гадна гадаад улстай байгуулсан цэрэг болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд сангийн хөрөнгөөр Зэвсэгт хүчинд байлдааны зэвсэг, техник, тоног төхөөрөмж худалдан авах тул энэхүү сангийн зарим орлого, зарцуулалтыг Төрийн болон албаны нууцад хамааруулах зохицуулалтыг хийлээ. Хуульд нэмэлт оруулснаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, Зэвсэгт хүчний хөгжилд бодитой үр дүн үзүүлэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )