Монгол Улсад анх удаагаа Ази тивийн өсвөр үеийн кросс гүйлтийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд Налайх дүүргийн Горхи-Тэрэлжэд эхэлнэ. Тус тэмцээнд БНХАУ, Тайланд, Малайз, Макао, Сингапур, Иран, Хонконг, Монголын 147 тамирчид өрсөлдөнө. Дээрх тэмцээний эрхийг Азийн дунд сургуулиудын спортын холбооноос Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил спортын холбоонд өгчээ. Нийтийн гүйлтийн тэмцээнийг Монголын хөнгөн атлетикийн холбоо зохион байгуулах юм. МХАХолбоо нь 2009, 2010 онд Азийн дунд сургуулиудын спортын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал, Ерөнхий ассамблейн чуулга уулзалтад оролцож үйл ажиллагаагаа өргөжүүлсээр иржээ. 2010 онд Ханой хотноо зохиосон чуулга уулзалтаар 2011 оны Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг Монгол улсад зохиох үүрэг хүлээн бэлтгэл ажилдаа орсон байна. Азийн дунд сургуулиудын спортын холбоонд 20 гаруй орон багтдаг бөгөөд гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор Азийн 11 орон байдаг. Энэ сарын 24-нд «Улаанбаатар» зочид буудлын хурлын танхимд Азийн дунд сургуулиудын спортын холбооны чуулга уулзалт болно. Хуралд Азийн найман орон оролцоно. Урилгаар ӨМӨЗО-ны төлөөлөгчид оролцох ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )