Хаврын тэргүүн сарын Шинийн зургааны Дашнямтай билэгт сайн энэ өдөр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болж, бүл нэмжээ.
Б.Отгонпүрэвийн гэргий Б.Оюунгэрэл 2021 оны 02 дугаар сарын 17-ны өглөө буюу 09 цаг 09 минутаас 09 цаг 13 минутын хооронд 3 ихэр /2 хүү, 1 охин/-ийг эсэн мэнд төрүүлсэн байна
Ихрүүдийг Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч, төрөх тасгийн эрхлэгч клиникийн профессор Б.Нансалмаа, эх барих тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.Нарангэрэл, Т.Чулуунхүү, АУ доктор Ц.Солонгоо, Ц.Адилбиш, эх баригч Д.Наранхүү, нярайн сувилагч Д.Одгэрэл, асрагч Д.Нямтогтох нар эх барьж авчээ.
Ихрүүдийн аав Б.Отгонпүрэв “Миний эхнэрийг анхааран хүүхдүүдийг минь эсэн мэнд төрүүлсэн явдалд эмч, эмнэлгийн ажилтнууддаа маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид зургаа дахь хүүхдээ өлгийдөн авч байна. Анхны хүүхэд маань бас 2 ихэр охин бий. 2 дахь хүүхэд маань хүү, ингээд эхнэр маань 3 дах төрөлтөөрөө 3 ихэр хүүхэд төрүүлж байна. Бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн эмч, эмнэлгийн ажилчид бид бүхэнд үргэлж анхаарал, халамж тавьж байсан” хэмээн баярласан сэтгэгдлээ хуваалцжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна.
Сэтгэгдэл ( 0 )